С.Жавхланг гадныхан ийм болгочихож

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

С.Жавхланг гадныхан ийм болгочихож

Хэвлэлийнхнээс нуугдах болсон дуучин С.Жавхлан өчигдөр нэгэн телевизийн ярилцлагад оролцож байна аа. Оюутнууд түүнээс дуртай асуултаа асууж, харин дуучин залуу бүгдэд нь илэн далангүй хариулж сууна. Эх оронч С.Жавхлангийн талаар гэрт амьдарч байгаа, гараараа хоол иддэг, дандаа монгол дээл өмсч, хүүхдэдээ вакцин хийлгэдэггүй зэрэг сенсаацтай мэдээллүүд сонин хэвлэлээр гарч байдаг. Оюутнууд дээрх бүх асуултын хариултыг С.Жавхлангаас тодруулж, дуучин залуу ч өнөө л хариулдгаараа "бид Монгол үндэстэн" хэмээн хариулж сууна лээ. Хамгийн сонирхолтой нь нэгэн оюутан охин “Та хэзээнээс ийм эх оронч болчихов оо, чухам хэн танд ийм омогшлыг төрүүлэв” гэж асуув. Хариуд нь С.Жавхлан “Би нэг удаа хэсэг гадны нөхөдтэй уулзаж ярилцахгүй юу. Тэгээд л би яахав дээ, дэлхийн язгууртан хүмүүс бол монголчууд гээд л нутаг, эх орноороо омогшоод л ярьсан юм. Тэгсэн урдаас “Харин ч жинхэнэ язгууртан улсууд чинь бид шүү дээ. Монгол үнэхээр л язгууртан хүмүүс юм бол яагаад дэлхийн аль ч улс үндэстэн монгол хэлээр ярьдаггүй юм. Биднийг хаа ч явсан ариун цэврийн өрөө хаана байгааг хэлж өгдөг. Тэгэхээр бид чинь жинхэнэ язгууртнууд юм биш үү” гэж хэлж байсан юм. Тэгээд л би тэр цаг үеэс бодож эхэлсэн. Би дотроо жинхэнэ язгууртан хүн гэж ямар хүн болохыг харуулна гэж бодож байна. Ингэхийн тулд би өөрөөсөө эхлэх хэрэгтэйг л ойлгосон юм” хэмээн хариулав. Тэгэхээр одоогийн бидний мэдэх С.Жавхланг гадныхан л ийм эх оронч болгочихсон юм байна шүү дээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж