Волейболын үндэсний лиг өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Волейболын үндэсний лиг өндөрлөлөө

Нэг сарын турш үргэлжилж, Спортын төв ордныг спорт сонирхогчдоор дүүргэсэн волейболын үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөлөө. Эмэгтэйчүүдээс 2009 оны аварга “Энагура” өнгөрсөн жил алдсан хэргэмээ дахин авч, хошой аварга болов. Гурван тойргоос ердөө ганцхан хожигдол хүлээсэн тэд плей-оффт хашир “ДЦС-4”-ийг 3:1-ээр буулган авсан юм. Түүгээр ч зогсохгүй багийн чөлөөт хамгаалагч Б.Халиун, 2009 оны тэгш тоглогч Г.Цэцэгжаргал нар нь шилдгээр нэрлэгдэв. Баг нь хошой аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн учраас тэд зохих шагналаа хүртсэн нь энэ. “Энагура”-гийн хувьд энэ жил ОХУ-аас хоёр тоглогч авчирсан. Харамсалтай нь тэднийг тоглолтын талбайд нэг ч удаа харсангүй. Орос бүсгүйчүүд хэрхэн өрсөлдөхийг харахыг хүссэн олон хүний хүсэл талаар өнгөрөв. Тэгвэл жил бүр хүчтэй өрсөлдөгч болохоо харуулдаг “ДЦС-4”-ийнхөн энэ удаа ч гэсэн амар байсангүй. Тэд хоёрдугаар тойрогт хүнд байдалд орсон ч алдаагаа засч чадсан. Гэхдээ аваргын төлөөх шийдвэрлэх цувралд гурав дараалан хожигдсоноор аваргаа хамгаалах боломжоо алдаж, мөнгөн медаль дээр буув. Б.Сүнжидмаа шилдэг давуулагч, С.Мөнхзул холбогчоор шалгарсан юм. Харьцангуй цөөхөн тоглогчийн бүрэлдэхүүнтэй оролцсон “Уурхайчин” дахиад л хүрэл медаль хүртлээ. Уг нь медалийн өнгөө хувиргах боломж байсан ч тэд өөрсдөө үүнийг үгүй хийсэн. Багийн гол тоглогчид болох Н.Цэндсүрэн, П.Буянжаргал нар шилдэг хаагч болон тэгш тоглогчийн шагнал хүртэв. Эрэгтэйчүүдээс “Буянт-Ухаа” лиг эхэлснээс хойш яалт ч үгүй илүү байсаар аварга болсон. Харин “Харх” мөнгөн медальтай үлдлээ. Харин “Ноён” нэрээ өөрчилж “Сүлд” болсон ШШГЕГ-ын баг хоёр дахь жилдээ дараалан хүрэл медаль зүүж байна. Тэд “Уурхайчин”-тай ширүүн тэмцэлдсэний эцэст цувралыг 3:1-ээр тэргүүлсэн юм. Энэ жилийг лигийг чимсэн “Буянт-Ухаа”-гийн Андрей, “Харх”-ын Артюм нар шилдэг давуулагч болон шилдэг довтлогчийн шагналын эзэн болов. “Уурхайчин”-ы эрэгтэй баг хэдийгээр медалийн гадна үлдсэн ч тус багийн гол довтлогч Г.Эрдэмбилэгийг онцлохгүй өнгөрч болохгүй. Тэрээр энэ жил эрэгтэйчүүдээс сондгойрч тэгш тоглогчийн шагналыг хүртсэн юм. Нуруундаа хүндхэн бэртэл авсан ч тамирчин хүний эр зориг гаргасан түүний хичээл зүтгэлийг үнэлж ийн шагнажээ. “Буянт-Ухаа”-гийн Э.Хангай шилдэг холбогч болсон. Түүнийг энэ шагналыг хүртэхэд хэн ч эргэлзээгүй. Лигийн шилдэг дасгалжуулагчаар “Буянт-Ухаа”-гийн Д.Одбаяр, шүүгчээр Б.Эрдэнэхүү нар тодров.

Б.Зул

“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж