
Өнгөрсөн баасан гарагт эцсийн хэлэлцүүлгээ хийгээд дуусгах байсан Сонгуулийн тухай хуулийн төсөл дахиад гацаанд орсон шалтгаан нь дахиад л Ардын намынхантай холбоотой болж таарч байна. Тэд “Мажоритариар сонгуульд ороод ялагдсан нэр дэвшигчдээ пропорциональ руу гулсуулна” гэсэн хачин санал оруулж ирснээр тохиролцоог завааруулж эхэллээ. Энэ үеэр “Шууд гишүүн сонгох” гэдэг шинэ нэр томъёо оруулж ирсэн. Товчхондоо мажоритари хувилбараар ард түмний санал авч чадаагүй ялагдсан хэрнээ дархлагдсан хууччуулаа нам нь татаад гаргаад ирэх хувилбар юм. Үүгээрээ ч залуу улстөрчид болон парламентад цус сэлбэн шинээр орж ирэх залууст хаалт тавьж байгаа гэж хэлж болно. Ардын намынхан Удирдах зөвлөл дотроо намын нэрээр санал авах 28 хүнээ жагсаахаар өнөөх л Н.Багабанди, С.Баяр, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Дондог тэргүүтэн манлайлна. Тэднийг ард түмэн сонгохгүй байсан ч нам нь “эрхийнхээ дагуу” /хуульд тэгж баталбал/ гаргаад ирнэ гээд бодохоор энэ сонгууль мөн үү гэж бодоход хүргэж байгаа биз. Тэр тусмаа энэхүү хувилбарыг яг дээрх нөхөд өөрсдөө санаачилсан гээд бодохоор Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс шинэ зүйл хүсээд хэрэггүй бололтой. Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ хувилбарыг ихээхэн эсэргүүцэж буй.
Арайхийн хүрсэн амжилттай тохиролцооны дараа ухралт болохуйц энэ өөрчлөлтийг яаж ч хүлээн зөвшөөрөх билээ. Тэр ч байтугай Ардын намын залуус үүнийг сонсоод урам нь хугарч эхэлсэн аж. Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь намын бүлгүүд 48:28 хувилбарыг зөвшилцсөн ч яаравчлан батлахгүй байсны цаана Ардын намынхан нэг л “хулхидах” гээд байгаа нь анзаарагдаад байсан. Гэтэл ингэх гээд байж л дээ. Өөртөө итгэлгүй болсон хэдэн өвгөчүүлээс болж хэзээ мөдгүй батлагдах гэж байсан хуулийн төслөө самрахыг хэн ч хүсэхгүй. Үүний дэргэд эмэгтэйчүүд нэр дэвшигчдийн квот тогтоох, намуудын босго хувь мэт нь ердөө л шалтаг юм шүү дээ. Гол нь “Бид ялагдчихвал яах юм бэ” гэсэн хууччуулын шантааж дахиад л ирэх сонгуульд сүүдэр унагаж эхлэх нь. Ардын намын ороо бусгаа, олонхиороо түрэмгийлж, хүссэнээрээ асуудлыг шийддэг хуучинсаг сэтгэлгээ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхэд дахин саад болж байна. Магадгүй цаг нөхцөөж байгаад хуулийг өөрчлөхгүй ч байж мэднэ.
Хэрэв ирэх сонгууль хуучин хууль, тогтолцоогоороо явбал тэдний төлөөх саналыг ухаантай машинаар хэчнээн тоолуулаад ч яах билээ. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталж чадаагүй нь УИХ, түүний гишүүд маш муу ажиллаж буйг харууллаа. Төсвийн тухай хуулийг батлахдаа эцсийн хугацаатай уралдан галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ороо бусгаа төсөв батлуулсан. Нэг өдрийн дотор хэдэн тэрбумаар нь тас тас хяргаад хаячихсан тэрхүү төсвөө ирэх жилийн намар тодотгож байгаа нь энэ гэж баахан бужигнуулна. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан ч сонгогдох кандидатууд нь энэ хүмүүс хэвээрээ байвал ард түмэн дэмжихгүй л болов уу. Хэрэв заавал өөрсдөө эргэн сонгогдох гэсэн ганцхан ашиг сонирхлын үүднээс энэ хуулийг шинэчлэн батлах гэж байгаа бол “Одоогийн УИХ-ыг тэр чигээр нь дахин сонгох хууль” гэж нэрлээд баталчихмаар юм. “Муу нуухаар сайн илчил” гэдэг шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин
