
Хурлаас “Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, ”Бургастай”, “Булган” боомтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажлуудын концессын зүйлийн жагсаалтыг хавсралтаар батлав.
Концессын зүйлийн жагсаалтад заагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт зөвшөөрлөө.
Мөн “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтыг олон улсын шинжтэй, 24 цагийн ажиллагаатай болгох, “Бургастай”, “Булган” боомтыг хуваарийн бус үеэр байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан гааль, хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын орон тооны дээд хязгаарыг хавсралтаар батлав.
“Булган боомтыг 2010 оны долдугаар сарын 01-ний өдрөөс байнгын, “Бургастай” боомтыг 2010 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хуваарийн бус үеэр нээн ажиллуулж 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
Экспортод гаргаж байгаа нүүрсийг чанараар нь ангилан ялгах, тээвэрлэхэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн технологи нэвтрүүлэх талаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар нарт даалгав.
Манай улсын хилийн боомтууд ерөнхий төлөвлөгөөгүй, газар зохион байгуулалтын асуудал нь шийдэгдээгүй, инженерийн болон, нийгмийн хангамж, барилга, байгууламж, хяналтын талбай хүрэлцээгүй, нэвтрүүлэх хүчин чадал бага, зам тээврийн орц, гарцны асуудал шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм.