
С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд боловсруулсан сүүлийн төсвийг УИХ арванхоёрдугаар сарын 1-нээс урьтаж шөнө дөлөөр хэлэлцэн баталсан ч олон нийтийн анхаарлаас холуур өнгөрсөнгүй. Хүн амьтны дүн нойрон дунд, эрхэм гишүүд унтах нойроо хагаслан байж хэлэлцэн баталсан ирэх жилийн төсөв харин санасныг бодоход ихээхэн таналттайгаар парламентээс гарсан нь эдийн засагчдын сайшаалыг хүртээд буй юм. Анх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувь байхаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь эдийн засагчдын шүүмжлэл, төв банкны эсэргүүцэлтай тулгарч, иргэдийн тунд инфляци галзуурч, мөдхөн мөнгөний ханш унах нь гэсэн айдсыг төрүүлэх шалтгаан болж байв.
Европт өрийн хямрал нүүрлэж, ардчиллын эх орон гэгдэх Америкийн эдийн засаг сульдаж, хөрш орнуудад ядуурлын хэмжээ өсөн нэмэгдэж, дэлхий дахин хямралтай байгаа энэ үед ийм өндөр тэлэлттэй, ихээхэн хэмжээний алдагдалтай төсвийг боловсруулсан нь “монголчууд арай галзуурчихаагүй байгаа даа” гэсэн айдсыг гаднынхан төрүүлсэн ч байж болох. Ямартай ч Олон улсын валютын сангийн захирал “шинэ баян цээж өвчтэй” гэдгийг сануулсан бол Дэлхийн банкнаас хэтэрхий тэлэлттэй төсөв баталбал ирэх жил инфляцийг хязгаарлаж чадахгүй шүү гэх анхааруулгыг өгч байсан.
Гэхдээ “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр инфляцийн инерцийг эрчимжүүлэх вий гэсэн түгшүүрийн харанга дэлдэж, эдийн засагчдыг багагүй хямраасан 2012 он төсвийг УИХ чамгүй их мөнгөөр танасныг нь ядахдаа л Монголбанкны зүгээс талархалтай хүлээж авлаа. Төсөв батлагдахаас ердөө хоёрхон хоногийн өмнөхөн орлогыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд төгрөг болгон бууруулахаар, өөрөөр хэлбэл өмнөх төслөөс орлогыг нь 600 тэрбумаар, зарлагыг нь 900 тэрбумаар танахаар тохиролцоод байсан ч эцсийн хэлэлцүүлгээр 2012 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого дөрвөн их наяд 630 тэрбум 707 сая, зарлага дөрвөн их наяд 865 тэрбум 904 сая байхаар баталлаа. Орлогоос нь нэг их наяд шахам, зарлагаас нь хоёр их наяд шахам мөнгө танаснаас харахад долоон их наядаар хэмжигдэж, эдийн засагчдыг “цус” харвуулах шахсан ирэх жилийн төсвийн тэлэлт тодорхой хэмжээгээр хумигдаж чадлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2012 оны төсвийн алдагдал дөрвөн хувиас нэг хувь болтлоо буурч батлагдсаныг онцолж, Ерөнхий сайд С.Батболд “цалин тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмсэн хийгээд өнгөрсөн сонгуулийн амлалт болох эх орны хишгийг иргэдэд олгохоор” болсныг чухалчилсан билээ. Ерөнхийдөө шинээр төрд хөл тавих 4000 төрийн албан хаагчийн орон тоог хасч, аймаг, сумдын конторын барилгын зардлыг нь танасан нь төсвийн орлого нэг их наяд, зарлага нь хоёр их наяд шахам төгрөгөөр хасагдах гол үндэс болсон байна.
Төсвийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар 20 сая , УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 830.837 сая, Тэргүүн шадар сайд 10.814.2 сая, Шадар сайд 7.664.6 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 1.389.2 сая, Гадаад харилцааны сайд 17.946.6 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд 9.916.5 сая, Байгаль орчин, аялал жуучлалын сайд 3.782.5 сая, Батлан хамгаалахын сайд 19.795.9 сая, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд 9.128.6 сая, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 65.989, Эрүүл мэндийн сайд 107.245.1 сая, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 59.158.4, Сангийн сайд 3.734.987.2 сая төгрөгийг төсөвт оруулахаар төлөвлөжээ.
Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 6.120.1 сая,УИХ-ын дарга 17.569.2, Үндсэн хуулийн Цэцийн дарга 546.6 сая, Дээд шүүхийн ерөнхий шүүгч 1.791 сая, Ерөнхий прокурор 17.447.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 1.313.3 сая, Ерөнхий сайд 94.208.8 сая, Тэргүүн шадар сайд 48.473.9 сая, Шадар сайд 107.78.4 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 50.774.7 сая, Гадаад харилцааны сайд 48.7 сая, Сангийн сайд 1.427.4 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд 256.228.9 сая, Байгаль, орчин аялал жуучлалын сайд 100 сая, Батлан хамгаалахын сайд 155.57 сая, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 765. 927.8 сая, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 234.523.9 сая, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 670.834.3 сая, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 239.187.4 сая, Эрүүл мэндийн сайд 484.117.4 сая төгрөгийг захиран зарцуулах эрхийг УИХ-аас баталгаажууллаа.
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч болоод байгаа багш нарын зүгээс ирэх оны төсөвт хориг тавиулах хүсэлтээ Ерөнхийлөгчид хандаж гаргаад байгаа юм. Тэд энэ төсвийг эдийн засагт халтай, ихээхэн хэмжээний алдагдалтай гэдгээр нь шалтаглаагүй. Харин цалин, тэтгэврийг 53 хувиар ирэх оны тавдугаар сарын 1-нээс нэмэх Засгийн газрын шийдвэр зарим хүмүүст таалагдаагүй учраас л тэр юм. Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 53 хувиар нэмнэ гэсэн тодоос тод заалт суутгагдсан хэдий ч багш нарын зүгээс 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдлээ авмаар байгаагаа илэрхийлж, ажил хаялт хийхээ зарлаад буй.
УИХ-аас баталсан төсөвт дурдсанаар бол цалингийн эхний нэмэгдэл болох 80 мянган төгрөгийг ирэх оны тавдугаар сарын 1-нээс эхэлж нэмэхээр болсныг УИХ-аас хойшлуулсан. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд ирэх оны гуравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан ч багш нарын жагсаал, цуглаан эсэргүүцэл эрхэм гишүүдийг эгдүүцлийг төрүүлсний илрэл энэ аж. Иймээс л цалин, тэтгэврийн нэмэгдэл хоёр сараар хойшлогдохоор болоод байна. Энэ шийдвэр багш нарыг баярлуулан гомдоож буй бол харин эдийн засагчдын зүгээс оновчтой хувилбар болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Учир нь оны эхнээс цалин, тэтгэврийг нэмбэл инфляци хаданд гарна, цалингийн нэмэгдэл эмзэг бүлгийнхэнд үнийн дарамт авчирна гэдгээр тайлбарлаж байна.
Гэхдээ ирэх оны төсөвт эрхэм гишүүд тойрогтоо гурван тэрбумыг зарцуулахаар тусгасан гэх яриа байгаа ч үүнийг Сангийн сайдын зүгээс няцааж буй. Ямар ч байсан дордохын долоо гэгчээр долоон их наядаар хэмжигдэж байсан ирэх оны төсвийг зарлага хоёр их наяд шахуу хөрөнгөөр хумигдсанаас харвал эрх баригчид эдийн засагчдын зөвлөгөөг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаагүйн илрэл. Харин энэ төсөв энэ чигээрээ батлагдах уу, эргэн харах шаардлага гарах уу гэдэг эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Хэрвээ ерөнхийлөгч хориг тавьчихвал ирэх оны төсвийг хэлэлцэхэд их л бага хугацаа үлдэж байгаа юм. Энэ чигээрээ батлагдвал ирэх онд хөгшид болоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая, сая төгрөг өвөртөлж, төрийн албан хаагчдын дундаж цалин 600 мянган төгрөг болно. Ийнхүү сонгуулийн жилийн өмнөхөн сонгуулийн амлалтыг “шигтгэсэн”, сонгуулийн жилийн төсөв гараанаас гараад хэдхэн хонож байна.
