
Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон МАН-ын Бага хурал дээр намын дарга С.Батболдын хэлсэн үгээс эрх баригч намын одоо болон ирээдүйн бодлого томьёологдоно гэж хүлээж байв. Бодож, төлөвлөж байгаагаа гэхээс илүү намын дотоодод юу болж, юунаас айж буйгаа илчилсэн С.Батболдын үг нийгэмд, сонгогчдод ямар мессеж өгсөн бэ?
Хөгжлийн мод. Энэ бол ирэх жилүүдэд төлөвлөсөн МАН-ын бодлого боловч хүн бүрт байдаг “сайхан амьдрал” гэдэг хийсвэр төсөөлөлтэй тун адил. Монголчууд амьдралын зорилгоо “сайхан амьдрах”, “аз жаргалтай байх” гэж маш ерөнхий томьёолдог бөгөөд энэ нь харин ч амьдралыг нь хүндрүүлдэг гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байна. Амьдралынхаа зорилгыг олж чадаагүй, чухам яаж тэрхүү сайхан амьдралд хүрэх, аз жаргалаа олохоо монголчуудын дийлэнх нь тодорхойлж чаддаггүйг судалгаа харуулсан гэж Монгол сэтгэл судлалын холбооны тэргүүн өгүүлжээ.
Улс төрийн намд бодлого, тэр тусмаа хөгжилд хүргэх бодлого байх нь гарцаагүй зүйл. Харин яаж тэр хөгжлийн модыг бий болгох вэ гэдгийг тодорхойлох нь л өөрөө бодлого юм. Тэгвэл “сайхан амьдрал”, хөгжлийн мод” хоёр бол дүндээ дүн, нэг л ойлголт. Ингэж үзвэл улс үндэстний маань дийлэнхэд нь зорилго, эрх барьж буй намд маань бодлого алга.
Хөрс дэлхий хөлдөж, хөхөө өвлийн хүйтэн тачигнаж буй цагаар “Хөгжлийн мод” тарья гэж уриалсан нь хэр олон хүний санаанд багтаж буй бол? Хэдхэн хоногийн настай, хиймэл гоёл чимэглэлтэй шинэ жилийн гацуур шиг л төсөөлөгдөж буй болов уу. Яагаад гэвэл хөгжлийн модны онол, үндэслэлийг нь тэрбээр энэ удаад огт тайлбарлаагүй бөгөөд үүнийгээ боловсруулж дууссаны дараа, дараагийн Бага хурлууд дээр танилцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, МАН-д одоо ч бодлого алга, харин бодлогоо бодож байж магадгүй юм. Михайлд бодол бий… гэдэг шиг л зүйл болоод өнгөрлөө.
Гэхдээ МАН буюу өмнөх түүхийн МАХН-ын үе үеийн дарга нар ерээд оноос хойш намын шинэчлэлийн асуудалтай өөр өөрийн томьёоллоор “ноцолдсоор” ирснийг энэ удаад ч С.Батболд тойрсонгүй. Бас сахилга бат, хариуцлага гээч асуудал үргэлж санааг нь зовоодог, энэ удаад ч хэвээр.
Тэд шинэчлэлийн ярих бүрт шинэ зүйл сэтгэхээ байж, хуримтлуулсан бүх инерц, потенциалаа шавхаад дууссанаа хүлээн зөвшөөрч байна гэдгээр л нийгэмд буудаг. МАН-ын дарга С.Батболдын тэргүүлж буй Засгийн газар өнгөрсөн гурван жилд шинэтгэлийн хэмжээнд ярьж болох ганц зүйлийг хэрэгжүүлсэн. Тэр нь стратегийн ордуудыг түшиглэсэн компани байгуулж, иргэн бүрт тэрхүү компанийн хувьцаа эзэмшүүлэх жишгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоор бий болгосон явдал юм. Гэхдээ танхимын тэргүүн үүнийг онцлохыг хүссэнгүй, байгалийн баялгаа эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлсэн гэсгээд өнгөрлөө. Үнэндээ стратегийн ордуудаас иргэдэд хувь хувьцаа эзэмшүүлэх нь өнгөрсөн сонгуульд Ардчилсан намын өмнөө барьж орсон бодлого байсан. Үүнийг МАН-ын олонхи бүхий өнөөгийн парламент, С.Батболдын Засгийн газар уг нь хэрэгжүүлж, бодит алхам хийсэн юм.
Засгийн газрыг толгойлж буйн хувьд намын дарга нь намынхаа хурал дээр Засгийн газрын хийсэн, бүтээсний тайлагнах нь зөв л байх. Гэхдээ мөнгө тараасан, цалин тэтгэвэр нэмсэн, мал дөчин саяд дөхөж өссөн, ажлын байр 60 мянгыг шинээр бий болгох байсан ч 63 мянга болж давж биелсэн, 31 мянган байр ашиглалтад оруулсан зэргийг тоочсон нь “Ямаа хээлтэхэд Засгийн газар ямар хамаатай юм бэ” гэдэг Н.Багабанди гуайн хоржоонтой үгийг дахин сануулчихлаа. Хийсэн ажлын жагсаалт биш хөгжлийн концепцийг түүнээс уг нь хүлээж байлаа.
Эрх барьж буй намын тэргүүн, хамтарсан Засгийн газрын тэргүүний илтгэлээс улс төрийн бодлогын хэмжээний байр суурь хүлээсэн нь буруу ч байж магадгүй. Энэ удаад намын дотоод хагарал, хэн нэгний ганцаарчилсан тоглолт, олонхиор баталсан бодлогын эсрэг сөрөх зэрэг “бусармаг” үзэгдэл, доод дунд шатны албан тушаалтны ажлын хариуцлага, сахилга бат зэрэгт анхаарал хандуулах нь намын даргын хувьд илүү чухал зүйл байсан ч байж болох юм. Тэгвэл МАН үнэхээр МАХН-аас, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөс айж байгаа хэрэг байж таарна.
Сонгуулийн тогтолцоо яаж ч өөрчлөгдөж ямар ч болсон МАН ялна гэдэгтээ итгэлтэй байх ёстой гэсэн С.Батболдын үгийг Бага хурлын танхимын гадна талд “ямар ч аргаар хамаагүй ялна гэж хэллээ” хэмээн орчуулж байна.
Уг нь ялахын төлөө байгаагаа илэрхийлж буй бол яаж гэдгээ томьёолох загвар нь “төрийн эрхийг авсны дараа ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг асуулт дор хэлбэржих ёстой биз. Харин Ерөнхий сайдын илтгэлд энэ асуултын хариу байгаагүй учраас “ямар ч аргаар хамаагүй ялна” гэж хэллээ хэмээн “орчуулах”-аас аргагүйд хүрэв. Тэрбээр “Ирэх 20 жилийн хөгжлийн бодлогыг, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамт боловсруулж байгаагаа дараа дараагийн Бага хурлаар танилцуулна” гэсгээд дээрх асуултын хариуг дугуйлж орхисон нь Ардын нам одоохондоо юу ч бодоогүй, бодлогогүй байгаа мэт харагдуулахаас гадна Ардчилсан намыг хүссэн хүсээгүй тодруулав.
“Эдийн засгийн хувьсгал хийнэ, иргэн бүртээ эдийн засгийн эрх чөлөө өгнө”. Энэ хүрээнд эхлээд баялгийн тэгш хуваарилалт шударга ёсны тухай Ардчилсан нам ярьж байна. Дараа нь иргэдийн өмч, бизнесийн үнэ цэнийг өсгөх боломжийн тухай тэд ярьж байна. Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлбэл ганзагынхны эрхэлдэг наймааны хурд болоод үнэ цэнэ гурав дахин өснө. Долоон буудлын хашаа байшинд нь халаалт, дулааны шугам оччихбол өмчийнх нь үнэ цэнэ хэд дахин нугарна. Ардчилсан намынхны яриад байгаа энэ зүйл бол бодлого, үүнийг бодитой болгох арга замууд бол ажил юм. Ардчилсан нам ирэх ҮЗХ-ны хурлаараа энэ бодлогоо ярих гэж байна. “Хөгжлийн мод” гэдэг хэтэрхий ерөнхий төсөөллөөс “Эдийн засгийн хувьсгал” нь хүмүүст арай бодитой бууж магадгүй. Тэгвэл Ардын нам юу ч бодоогүй мэт харагдах зуур Ардчилсан нам өрсчихлөө гэсэн үг. Угаасаа хэн түрүүлсэн нь л хождог. “Бусдаас илүү мэдсэн хүн гэж байдаггүй, харин түрүүлж мэдсэн хүн гэж байдаг” гэх нэг үг бий.
Олон чухал асуудлыг нийгэмд дэвшүүлэн хөндөж буй өнцөг, шийдлийг сонгож буй үзэл бодлоороо Ардчилсан нам өөрийгөө илэрхийлж, өрсөлдөгчдөөсөө ялгарч ирсэн нь үнэн. Ямар асуудлыг яаж хөндөж, хэрхэн ямар шийдэлд хүрэх бол гэсэн хүлээлт Ардчилсан намын дотоод дахь хурлуудын өмнө үүсдэг нь хаа очиж хэвээрээ. Анхаарал, сонирхлын төвд, бусдын өдөөлт шохоорхлын үзүүрт өрнөдөг Ардчилсан намын ҮЗХ-ны хурал удахгүй болно. Юутай ч МАН энэ удаад эрч хүчтэй тэсрэлт, хурц содон үзэл бодол, үнэмшилтэй мессежийг сонгогчдод өгч чадсангүй.
