Сонгуулийн хуулийг энэ сарын 15 гэхэд батална

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг энэ сарын 15 гэхэд батална

УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг гацаанд ороод удаж байна. Хэдийгээр энэ долоо хоногт багтаан батална гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өнгөрөгч даваа гаригт сэтгүүлчдэд хэлж байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах бүү хэл намуудын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг ч хийж чадалгүй ажлын өдрүүдийг үдэв. Үүнээс болж баасан гаригийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан тасарч, Ерөнхий сайд эрүүл мэндийн чиглэлээр гишүүдэд мэдээлэл хийх байсныг хойшлуулахад хүрсэн юм.

Хуулийн төслийн 99 хувийг гараас гаргасан, улс төрийн шийдэл бүхий ганцхан хувь дээр бүлгүүд тохирч чадвал хуулийг батлахад амархан болсон гэж эрхэм гишүүд хэлж байгаа. Гэвч энэ сарын 26 гэхэд хуулийг батлахгүй бол хуулиар зөвшөөрөгдсөн хугацаа дуусна. Сонгуулийн хуульд сонгуулийн санал хураалт болохоос зургаан сарын өмнө л нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилж болно. Түүнээс цааш гар хүрэхийг хориглосон байдаг.

Харин Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн Н.Энхболд энэ сарын 15 гэхэд хуулийг батлах бололцоотой гэж байлаа. Одоо намуудын босго хувь, эмэгтэй нэр дэвшигчдийн квот, мажоритар элементээр намуудын санал авсан хувийг пропорциональд хэрхэн хувилж тооцох, 26 тойрогт 48 мандатыг хэрхэн хуваарилах зэрэг хамгийн эгзэгтэй асуудлууд тунаж үлдээд байна. Ялангуяа мажоритариар сонгуульд ороод ялагдсан нэр дэвшигчийг пропорциональ руу гулсуулж болох эсэх дээр бүлгүүдийн дунд маргаан үүсч байгаа бололтой дуулдаж байна.   

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж