Улирлын тоглолтын ерөнхий загварыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Улирлын тоглолтын ерөнхий загварыг гаргажээ

NBA-ын комиссар Дэвид Стерн орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гаригийн өглөө багийн эзэд болоод тоглогчид тохиролцоонд хүрснийг зарлаж, шинэ улирлыг 66 тоглолттойгоор Зул сарын баярын өдөр эхлүүлэхээр болсныг зарласан билээ. Улмаар өнөөдөр NBA-ээс Монголын цагаар арванхоёрдугаар сарын 26-нд эхлэх 2011-2012 оны улирлын тоглолтын ерөнхий загварыг гаргажээ. Гэхдээ багуудын тоглолтын хуваарь бүрэн эхээрээ гаргаагүй байгаа юм.

NBA-ын шинэ улирлын бүтцийг танилцуулъя.

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2011-12 оны улирлын ерөнхий хуваарийн дагуу улирлын нээлтийн тоглолтууд арванхоёрдугаар сарын 25-нд эхэлж, 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд өндөрлөнө. Харин плей-оффын шатны тоглолтууд дөрөвдүгээр сарын 28-нд эхэлж, шигшээ тоглолтын эцсийн боломжит хугацаа хүртэл буюу зургадугаар сарын 26 хүртэл үргэлжлэх боломжтой юм.

Улирлын тоглолтын тоо багассан тул багууд бүсийнхээ өрсөлдөгч нартай нийт 48 тоглолт хийнэ. Ингэхдээ бүсийн зургаан багтай тус тус дөрвөн тоглолт хийх бол өөр дөрвөн багтай тус бүр гурван тоглолт хийх юм. Үүний хоёрыг нь талбайдаа, нэгийг нь айлын талбайд зочлон тоглоно. Мөн өөр бусад дөрвөн багтай гурван удаа тоглох бөгөөд ингэхдээ талбайдаа нэг, зочилж хоёр удаа тоглох юм.

Багууд улирлын туршид нөгөө бүсийн багууд харьцангуй цөөн буюу 18 тоглолт хийх аж. Баг тус бүр эсрэг бүсийнхээ гурван багтай хоёр удаа тоглох бөгөөд талбайдаа нэг, зочилж нэг удаа тоглоно. Мөн эсрэг бүсийнхээ зургаан багийг талбайдаа хүлээн авч, тоглохоос гадна өөр зургаан багийн талбайд зочлох ажээ. Үүнээс гадна багууд улиралд наанадаж, нэг удаа гурван өдөр дараалан тоглоно. Харин плей-оффын хоёр дахь шатанд энэ байдал дахин давтагдах боломжтой гэнэ.
 

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж