Сонгуулийн төслүүдийг харьцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн төслүүдийг харьцуулав

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар эрхэм гишүүд хоёр хуулийн төсөл өргөн бариад эхнийхийг хэлэлцэж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүдийн ижил болоод ондоо тал, сайн, муу үр нөлөөний талаар өнөөдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Одбаяр, Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Цогтгэрэл, Н.Батцэрэг, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар оролцсон юм.
Гишүүн Д.Одбаяр, Д.Оюунхорол нар ажлын хэсгээс оруулж ирсэн хуулийн төслийг тайлбарлалаа. Монгол Улсыг бүтнээр нь нэг тойрог болгон өрсөлдөх нам тус бүр 76 нэр дэвшигч дэвшүүлж, сонгогч тэднээс нэг нэр дэвшигчийг сонгох хувилбарыг УИХ-ын ажлын хэсгээс дэвшүүлсэн юм. Ажлын хэсгийнхэн пропорциональ тогтолцоог санал болгож, өрсөлдөгч намуудад долоон хувийн босго тогтоохоор төсөлдөө тусгаад байгаа. Хуулийн төслийн энэ зарчмыг гишүүн Д.Одбаяр, Д.Оюунхорол нар тайлбарлав. Харин гишүүн Ц.Сэдванчиг хоёр дахь төсөл буюу гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тайлбарласан юм. Энэ төслөөр Монгол Улсыг хүн амын тоогоор нь тэнцүүлэн наймаас арван тойрогт хувааж сонгогчид улс төрийн нам, тэднээс нэр дэвшигчдээс тус бүр нэгийг сонгох юм. Өөрөөр хэлбэл, өмнөх төслөөс ялгаатай нь зөвхөн нэр дэвшигчид бус дээр нь нэмж улс төрийн намд санал өгнө. Энэ нь Үндсэн хуулийн иргэд төлөөллөө шууд сонгоно гэсэн зарчмыг хангаж байгаа хэмээн Ц.Сэдванчиг гишүүн хэллээ. Мөн тойрог хуваарилсан сонгуулийн газар зүй хэмээх ойлголт дараа дараагийн сонгуульд тогтвортой хадгалагдахыг онцолж байсан юм. Энэ төслөөр мөн л пропорциональ тогтолцоог дэвшүүлж байгаа. Гишүүд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад сонгогчдын санал УИХ-ын суудалд бүрэн тусч чаддаггүйг шүүмжилж байв. Жишээ нь, 2000 оны УИХ-ын сонгуулиар 50 хувийн санал авсан МАХН УИХ-ын 76 суудлын 72-ыг эзэлсэн бол 40 гаруй хувийн санал авсан бусад хүчин дөрөвхөн суудалтай хоцорч байсан юм.  
Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэллээ. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар пропорциональ системийг хэрэглэхэд анхаарах зүйлс байгааг дурдлаа. “Монголын хүн ам цөөн Тэднээс намын гишүүд цөөн. Намын гишүүдээсээ намын шийдвэр гаргагчид нь цөөн. Гэтэл пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад намын удирдлага тойрсон хүрээллээс нэр дэвшигчид тодрох магадлал илүү. Ингэж эрх мэдлийн зангилаа цөөнөөс цөөнд шилжих нь энэ тогтолцооны муу тал. Зөвхөн намын дарга, түнийг тойрон хүрээлэгчдээс команд авагчдаас УИХ бүрдвэл байдал муу болно” гэж байлаа. Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав хоёр төслийн аль альд нь шүүмжлэлтэй хандаж байв. Улс орон даяараа нэг тойрог болно гэдэг нь Үндсэн хууль зөрчинө, мөн Л.Болд нарын тойрог хуваарилах зарчим нь ХБНГУ шиг холбооны улсад тохирохоос бус Монгол шиг нэгдмэл улсад таарахгүй гэж байлаа. Мөн Польш улс хэдэн жилийн өмнө пропорциональ тогтолцоог сонгоод одоо горыг нь амсч буйг жишээ татав. Польшид хоёр том нам л бүх монополийг атгадаг болсон гэнэ. Сонгуулийн дүнг засч будилаан хутгасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэйг мөн дурдлаа.
СЕХ-г шударга ажиллуулахгүй бол улс төрийн захиалга гүйцэтгэж, цаашлаад 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал гарч болохыг оролцогчид хэлж байлаа.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж