”Бондыг Ази, Европ, Америкийн зах зээлд гаргана”

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

”Бондыг Ази, Европ, Америкийн зах зээлд гаргана”

Хөгжлийн банк  600 сая ам.долларын бонд гаргах хөтөлбөрийг өчигдөр нээсний дараа Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хоёр дахь хэлбэр эхэлж байгааг тэрбээр хэлж байв.  “Анхны хэлбэр нь Монгол Улсын Хөгжлийн банк өөрөө баталгаа гаргаж баталгааны эрх бий болгодог. Үүгээрээ 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамаарах “Шинэ Яармаг” хөтөлбөрт 196 сая ам.доллартай тэнцэх хэмжээий баталгаа гаргаж барилгын үйл ажиллагааг санхүүжүүлэх эхийг нээсэн. Хоёр дахь үе шат нь Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар дунд болон урт хугацааны бонд гаргах асуудал юм. Өнөөдөр 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондын багцыг дэлхийн нэр хүндтэй гурван том хөрөнгө оруулалтын банктай хамтран хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд 20 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргаж байна. Нийт өртөг нь жилийн долоон хувьд багтаж байна. Энэ бол нэгд, маш хямд үүсвэрээр хөгжлийн том том төслийг санхүүжүүлэх боломж нээж байгаа. Хоёрт, үүнийг дагаад манай арилжааны банкуудад зээлийн хүү буурах боломж нээж өгч байгаагаараа онцлогтой. Засгийн газрын гишүүд, хүлээлт үүссэн компаниудын зүгээс маш их шүүмжлэлтэй хандаж байсан. “Монгол Улсын Хөгжлийн банк удаан ажиллаж байна. Бидэнд эрчимтэй ажиллах шаардлага байна” гэдэг асуудал гарч байсан. Дэлхий нийтийг хамарсан төсөв, өртэй холбоотой хямрал дунд ийм том хөрөнгийг маш хямд эх үүсвэрээр босгоно гэдэг хүнд ажил. Монгол Улсын түүхэнд анх удаа хийж байгаа ажил. Таван сарын дотор ийм амжилттай ажиллаж чадлаа. Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банкны хамтарсан баг амжилттай ажиллаж, энэ эх үүсвэрийг бий болгосонд талархаж байна. Дараагийн шатууд нь хавар эхлэх барилга, зам, төмөр замын ажлыг санхүүжүүлэхэд гол мөнгө болж орж ирнэ" гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөөд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бондыг хаана гаргах вэ?

-Бондын гол зах зээл Ази, Европ, Америкт байдаг. Энэ гурван зах зээлд хийнэ.  Хугацааны хувьд тав, арван жилээр хийнэ. Үнийн хувьд дэлхий нийтийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч тогтоно. Гэхдээ бид долоон хувиар эхлүүлж байна гэдэг бол тодорхой хэмжээний жишгийг тогтоож чадлаа. Амжилттай эхлэл боллоо.

-Монгол Улсын 2012 оны төсөв ямар болсон бэ. ХХ тогтоол давтагдахгүй байх боломжтой юу?

-Бид анх төсөв оруулахдаа улсынхаа хөгжлийг гурван янзаар төлөвлөж үзсэн. Их эрчимтэй хөгжвөл 18 их наяд төгрөг рүү очино. Эсвэл 16 их наядаар, болгоомжтой байдлаар үзвэл 14 их наяд руу очино гэж үзсэн. УИХ-д хамгийн эрчимтэй өсөлтөөр өргөн барьсан. Зардал 7,1 их наяд төгрөг, төсвийн алдагдал 4,1 хувьтайгаар өргөн барьсан. Монголбанк инфляцийг есөн хувьд барих зорилттой байсан. Төсвийг ойролцоогоор нэг их наядаар танасан нөхцөлд Мөнгөний бодлогын зорилт биелэнэ гэдэг байр суурь хэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагууд хэд хэдэн зөвлөгөө өгсөн. Монголын эдийн засаг сайн байна. Гэхдээ жижиг эдийн засаг дэлхийн зах зээлээс маш их хамааралтай учраас Европт гарч байгаа төсвийн хүндрэлүүд, АНУ-ын өрийн хүндрэлээс шалтгаалаад дэлхийн эдийн засгийн өсөлт буурвал Хятадын эдийн засагт нөлөөлнө. Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас маш их хамааралтай учраас болгоомжтой хандах ёстой, төсөөллүүдээ эргэж харах ёстой гэсэн. УИХ, Засгийн газар сайн ажилласны үр дүнд зардлыг 787 тэрбум төгрөгөөр, санхүүжүүлэх эх үүсвэрээ 105 тэрбум төгрөгөөр буулгасан. Орлогоо 600 орчим тэрбум төгрөгөөр буулгаж чадсан учраас  Монголбанкны ерөнхийлөгч  инфляцийг нэг оронтой тоонд барьж чадна гэдгээ баталгаажуулж хэлсэн. Өсөлттэй, ийм их экспортод чиглэсэн эдийн засагтай үед төгрөг цаашдаа харьцангуй чанга байна. Тиймээс ХХ тогтоол шиг мөнгөний ханш унасан зүйл Монголын эдийн засагт гарахгүй. Үүнийг баталгаажуулж хэлж байна гэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж