“Эртэч монгол-37” өглөөний уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

“Эртэч монгол-37” өглөөний уулзалт боллоо

Шинэ сарын эхний өдөр, өглөөний 7 цаг… Энэ мөчид “Монгол тэмүүлэл” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг ажил хэрэгч уулзалт уламжлал ёсоор эхэлсэн юм. УИД-ийн зургаан давхарт болсон “Эртэч Монгол” 37 дахь уулзалтын гэгээрлийн цагаар биологийн ухааны доктор Б.Чимэд “Ой мод, ногоон орчин” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр Улаанбаатар хотын ерөнхий Дендрологичийн албыг олон жил хашсан бөгөөд одоо “Номин констракшн”-ы Ландшафтын зөвлөхөөр ажиллаж байна.

Уулзалтын дараа зочны илтгэл хийгээд нэгэн оролцогчын дэвшүүлсэн “Дэлхийн цэцэрлэгийг Монголд байгуулж 100 сая мод тарина” гэсэн санаачилгыг дэмжиж уриалгаа болгов. “Эртэч Монгол” уулзалт 14 хоногт нэг удаа болдог бөгөөд энэ удаад 50 гаруй хүн ажлын өмнөх цагаараа хүрэлцэн ирсэн байв.

Б.Чимэд доктор, “Хот тохижуулалтад нас гүйцсэн том модыг тарьж ургуулах хэрэгтэй. Сууринд тарьсан жижиг мод ургаж томортол хугацаа их орохоос гадна хүн амьтны хөлд талхлагдаж үрэгддэг. Уулнаас нэг мод авах нь Увс нуурын уснаас шанагаар хутгахтай ижил” хэмээгээд “хуучирч өгөршсөн, хөгширсөн модыг ашиглах, зайлуулах нь ой модоо хамгаалж байгаа явдал юм. Хэт олон жил онгон зэрлэгээрээ байж ширэнгэшсэн ой нь түймрийн голомт болдог. 1990-ээд оны хувьсгалаас хойш жилд дунджаар 277 түймэр гарсан судалгаа байдаг. Тиймээс мод огтлохыг хорих биш ямар модыг авч, ашиглах тухай заавар зөвлөгөө өгч, зөвшөөрөл олгох хэрэгтэй” гэсэн санаанууд нь түүний илтгэлийн цөм хэсэг байв. Илтгэлийн дараа оролцогчид асуулт тавьж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж