“Монгол Улс найдвартай түнш гэдгийг илэрхийллээ”

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

“Монгол Улс найдвартай түнш гэдгийг илэрхийллээ”

Монгол  Улсын Хөгжлийн банк  600 сая ам,долларын дунд хугацааны евро  өрийн  бичгийн хөтөлбөрийг олон улсын  нэр хүндтэй хөрөнгө оруулалтын ING,  Deutsche Bank,   HSBC банкуудтай хамтран  хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсны дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрт гарын үсэг зурснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын бондын шилжүүлэг хийх эрх нээгдсэн юм.

-Гадаад зах зээлд Монгол Улс бонд гаргах болсны ач холбогдол юу вэ?

-Энэ хөтөлбөрийг байгуулснаар цаашдаа их хэмжээгээр өргөжих Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хурд өгөх чухал үйл явдал болж байна. Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 20 сая ам.доллартай тэнцэх бондыг гаргаж байгаа нь 600 сая ам.долларын бонд гаргах эрх өгч байгаагийн анхны алхам болж байна. Дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд оролцож байгаа нь Монгол Улс сонирхолтой, найдвартай, боломжтой түнш юм гэдгийг илэрхийлсэн зүйл боллоо гэж дүгнэж болно. Хөгжлийн банкны хувьд шинэлэг алхам болж байна. Тус банкны өмнө дэвшүүлсэн томоохон зорилтууд болох Монгол Улсын хөгжил, дэд бүтэц, эрчим хүч, зам харилцааны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ санхүүжилт томоохон түлхэц өгнө гэдэг эргэлзээгүй. Арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Хөгжлийн банкны нийт хамт олон, хамтарсан меенежерийн багт баяр хүргэж цаашдынх нь ажилд улам өндөр амжилт хүсэн ерөөж байна.

-Монгол Улсын 2012 оны төсөв батлагдсанд Засгийн газар сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ иргэдийн дунд шинэ он гармагц инфляц өснө, ХХ тогтоол давтагдана гэсэн болгоомжлол гараад байна. Засгийн газрын тэргүүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Ерөнхий сайдын хувьд хэлэхэд ирэх оны төсвийг бүх талаас нь бодолцож, ялангуяа макро эдийн засгийн гол гол үзүүлэлтийн тэнцлийг хангасан, Төсвийн тогтворжилтын сангийн тухай зэрэг шинээр батлагдсан хуулиудын хүрээнд баталж гаргасан. Өнгөрсөн оны төсвүүдтэй харьцуулахад нэг талаасаа өсөлтийг, нөгөө талаасаа үзүүлэлтүүдийг сайжруулсан, наад зах нь төсвийн алдагдлыг гурван хувь дээр буулгасан хариуцлагатай төсөв гэж хэлж болно. Мэдээж өөлөх, анхаарах ёстой зүйлүүд гарна. Үнийн өсөлт, инфляц зэрэгт анхаарч, авах ёстой арга хэмжээг Монголбанк, бусад байгууллагын хамт Засгийн газрын бодлогын хүрээнд хамтад нь аваад явна. Бүхэлдээ хариуцлагатай, хөгжлийн, үр дүнтэй төсөв болсон гэдэгт итгэлтэй байж болно.

Д.ОЮУН
                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж