300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг үзэглэв

БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХХАС/-гаас 2011-2015 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа. Хэлэлцээрт Монголын Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Жон Ил нар гарын үсэг зурлаа.

БНСУ-ын ЭЗХХАС нь 1987 оны зургадугаар сарын 1-нд хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. ЭЗХХАС нь хөгжиж буй орны Засгийн газар болон хэрэгжүүлэгч агентлагуудад эдийн засгийг тогтворжуулах, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих төслүүдэд туслалцаа үзүүлдэг бөгөөд БНСУ-ын Стратеги, санхүүгийн яам энэхүү санг бодлого, чиглэлээр удирдаж ажилладаг байна. Монгол Улсад  1993 оноос хойш зээл олгож ирсэн бөгөөд 1993-2007 онд, мэдээлэл холбооны технологи, эрүүл мэнд, эрчим хүч, зам тээврийн салбарт 7 төслийг хэрэгжүүлэхэд 60 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгч байсан.

БНСУ-ын Засгийн газраас 2011-2015 онд авах 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар ард иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах бодлого барьж байна. Энэхүү бодлогын хүрээнд эхний ээлжинд “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүсэлтийг БНСУ-ын Засгийн газарт тавьж холбогдох гэрээ хэлцлийг эхлүүлжээ.  Харин зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бусад төслүүдийн хувьд 2015 он хүртэлх хугацаанд жилд 1-2 төслийн санхүүжилтийн асуудлыг хоёр талын Засгийн газар харилцан тохиролцох замаар шийдвэрлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын авч буй энэхүү зээлийн хүү 0,15 хувь, зээл эргэн төлөх хугацаа 35 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байхаар тохиролцсон, энэ нь манай улсын хувьд хамгийн таатай нөхцөлөөр хийгдэж байгаа гэрээ гэдгийг Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр тэмдэглэн хэллээ.

БНСУ-ын Засгийн газар нь “Ногоон өсөлт”-ийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Сэргээгдэх эрчим хүч”-тэй холбоотой төслүүдэд санхүүжилт олгох сонирхолтой байгаа бөгөөд энэ чиглэлийн төслийн хувьд зээлийн хүүг илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй болгох боломжтой болно. Тухайлбал, нар, салхины эрчим хүч, биотехнологи, хог хаягдлын боловсруулалт, цэвэр, бохир усны систем, бохир ус цэвэршүүлэлт гэх мэт чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд дээр дурьдсан зээлийн хүү 0,05 хувь, зээл эргэн төлөх хугацаа 40 жил болох боломжтой юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж