Ц.Цэнгэл: Тавантолгойг дагалдсан хот босох нь дамжиггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Ц.Цэнгэл: Тавантолгойг дагалдсан хот босох нь дамжиггүй

Хэвлэлийн хүрээлэнгийн урилгаар УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл сэтгүүлчидтэй өнөөдөр зангиагүй уулзалт хийж уул уурхайн тухай болоод бусад асуудлаар санал солилцлоо.

-Одоогоор хэн бүхний анхаарал Тавантолгой руу чиглээд байна. Үндэсний компаниуд “Монгол-999” нэгдэл байгуулчихлаа. Гэтэл акулууд бас оролцох хүсэлтэй байгаа нь мэдээж. Энэ тал дээр таны санаа бодлыг сонсоё?

-Мэдээж Монголынхоо компаниудыг дэмжилгүй яахав. “Монгол-999” болоод үндэсний бусад компанийн зүгээс эе эвийг хичээж хамгийн том гаргалгааг олох нь зүйтэй юм. Түүнээс өвөр зуураа хөлөө жийлцээд толхилцоод байвал үр дүнгүй шүү дээ.

-Гадаадын улс орнууд, тухайлбал, хоёр хөршийн хөрөнгө оруулалтын талаар юу хэлэх бол?

-ОХУ, БНХАУ-ын аль аль нь байж болно. Гэвч миний бодлоор гуравдагч орны хөрөнгө оруулалт илүү үр ашигтай.

-Тавантолгойн ордын нөөцийг хэр үнэн зөв тогтоосон байдаг юм бол. Хойшид ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Тавантолгойн хайгуулыг зуун хувь Монголын төрийн хөрөнгөөр хийсэн учир төр 51-ээс дээш хувийг эзэмших эрхтэйн дээр Техник эдийн засгийн үндэслэлд ч эргэлзэх хэрэггүй санагддаг. ТЭЗҮ-г тогтоогдсон нөөцдөө тулгуурлан хийсэн. Харин ТЭЗҮ-д төмөр замыг огт тусгаагүй юм билээ. Энержи ресурс компани Ухаа худаг хүртэлх төмөр замын хөрөнгө оруулалтыг  тусгасан төсөл боловсруулж байгаа юм билээ.

-Тавантолгойн төсөлд  үндэсний компаниудаа илүү дэмжихийн дээр монголчуудаа ажлын байраар хангана гэж байгаа. Гэтэл манайд боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байгаа вэ?

-Төрийн бодлогоор түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж мэргэжилтэн бэлтгэх боломжтой. 1980-аад оны үед радио релений шугамыг орон даяар татахын тулд холбооны мэргэжилтнүүдийг хагас жилийн өмнө төгсгөж байсан түүх бий. Энэмэтчилэн төрийн  бодлогоор зохицуулалт хийж болно.

-Уул уурхайн ашиглалтыг хөгжил дагалддаг нь жам. Гэтэл сүүлийн үед уурхай дагасан хотоос дэлхий нийтээрээ татгалздаг болсон гэх юм?

-Тавантолгойг 5-10 жил биш, 20-30 жил ч биш 200 жил ашиглана. Тэгэхээр уурхайг дагасан шинэ хот босох нь дамжиггүй. Туршлагаас харахад 50 мянгаас дээш хүн ам төвлөрсөн хот сууринд хөгжил өөрөө ирдэг жамтай. Тавантолгойд 50 мянгаас олон залуучууд очиж ажиллаж, амьдрах болно. Үүнд би эргэлзэхгүй байгаа.

-Уурхайн хот Бэрх, Бугант зэрэг хот, тосгод хаягдан үлдсээр байна?

-Бугант, Бэрхийн асуудлыг эргэн харахаас аргагүй байгаа нь үнэн. Тосгоны статустай болохоор сум, аймгийн төв, хотын алинд ч хамаарахгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах ёстой.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж