Царцсан урлагийг гэсгээхийг л хүссэн

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Царцсан урлагийг гэсгээхийг л хүссэн

Урлагийнхан хийгээд уран бүтээлчдийн дунд “Virtruoso”-гийн тухай яриа халуухнаараа, шинэхнээрээ байна. Өнөө жил арав дахь удаагаа болсон энэхүү тоглолтын тухай тус арга хэмжээг зохион байгуулагч “Агаар мюзик” төвийн тэргүүн М.Цогбадрахтай уулзаж ярилцлаа.

“Virtruoso”-гийн арав дахь тоглолт болж өнгөрлөө. Гайхалтай сайхан тоглолт болсон. Баяр хүргэе. Арав дахь тоглолтын онцлог таны хувьд юу байв?

-Тоглолтын дараа мэргэжлийн уран бүтээлчид, ялангуяа манай Хөгжим бүжгийн коллежийн багш нар их өндөр сэтгэгдэлтэй байсан. Манай нийгмийн нэр хүндтэй хүмүүс олон байсан л даа. Баабар, Лхагважав, Жанцанноров, Жаргалсайхан гуай гээд олон нийтэд танигдсан олон хүн ирсэн.

Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд гэж үү?

-Яг тийм. Эдгээр хүмүүсийн сэтгэлд хүрч, талархлыг нь хүлээнэ гэдэг маш том үнэлгээ юм даа. Бид уг нь арван жилийн ой гэж нэг их сүржигнээгүй ээ. Харин “Чик” салоны бас арван жилийн ой давхацсан учраас энэ удаа хамтарч ажилласан. Тэдний загвар өмсөгч охид нь манай тоглолтод оролцсон хүүхдүүдэд цэцэг бэлэглэж, урам хайрласан. Олон улсын ардын бүжгийн тэмцээний Гран При шагналт Мөнгөнцэцэгийн дэглэн СУИС-ын оюутнуудын бүжиглэсэн бүжгийн хувцсыг тэд урласан. Маш өвөрмөц хувцас болсон. Ятгачин Мөнхтогтоход тоглолтын даашинз урлаж бэлэглэсэн. Цаашид ч бид хамтарч ажиллах байх.

Энэ жилийн хамгийн онцгой уран бүтээлч гэвэл?

-Арав дахь жилийн тоглолт учраас урьд жилүүдийн “Virtruoso”-д орж байсан уран бүтээлчдээс урьж оролцуулсан. Мөн олон улсад зохиогдсон томоохон тэмцээнүүдэд маш өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчид үзэгчдэд бүтээлээ толилуулсан. Жишээлбэл энэ жил хамгийн онцолж хэлэх хүн бол Амартүвшин. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медаль хүртсэн дуучин. Энэ бол дэлхийн хэмжээний, А зэрэглэлийн, сонгодог урлагийн ертөнцийн олимп болсон тэмцээн. Үүнд орохын тулд уран бүтээлчид маш их хичээдэг, хөдөлмөрлөдөг. Нэг түүх ярьж өгье. Энэ тэмцээнээс анхны шагналт байрыг манай Ганбат агсан эзэлсэн шүү дээ.

Дөрөвдүгээр байрт шалгарч байсан гэсэн.

-Тийм. Тэр хүн булган сүүлтэй байжээ. Араас нь манай дуучид гайхмаар сайхан амжилтуудыг үзүүлж байна. Мөнгөнцэцэг Глинкийн тэмцээнээс тэргүүн байрыг нь авсан. Ганбат агсан мөн л тэр тэмцээнээс анх удаа өндөр шагнал авч байсан. Чайковскийн уралдааны шагналтан болоод ирснийхээ дараа ХБК дээр ирж уулзалт хийсэн юм. Тэр тэмцээнд цуг оролцсон Грузиний басс хоолойт дуучны тухай тэгэхэд ярьсан. Тэр хүн хамаг залуу насаа Чайковскийн уралдаанд ороход зориулж бэлтгэсэн байгаа юм. Оюутан байхаасаа эхлээд л, бүх цаг заваа зөвхөн үүний төлөө зариулсан. Өдөрт дөрөв, таван цаг бэлтгэл хийдэг. Энэ бол асар өндөр ачаалал. Нэг муу кээтнээс өөр өмсөх юмгүй, маш ядуу оюутан. Тэгээд Чайковскийд очоод тэргүүн байрыг нь авсан байгаа юм. Шагналаа авчихаад “Насныхаа хоолыг олчихлоо” гээд уйлсан гэсэн.

Үнэхээр том тэмцээн шүү.

-Тэнд байр эзэлсэн хүмүүс дэлхийн тэргүүн зэргийн том театруудад уригдаж тоглодог. Маш өндөр үнээр. Миланы, Парисын театруудын тайзан дээр л дуулна гэсэн үг шүү дээ. Ийм нэр хүндтэй тайзууд дээр гарах эрхээ авна гэсэн үг. Тийм болохоор манай Амартүвшин энэ тэмцээнээс хоёрдугаар байрын шагналыг нь авна гэдэг үнэхээр том амжилт.

Анхбаяр гэдэг тэр залуу дуучин Амартүвшингийн араас амжилтын буухиаг залгуулах байх аа. Үнэхээр сайхан дуулдаг залуу байна билээ.

-Анхбаяр хорь хүрээгүй насандаа Зүүн Азийн орнуудын тэмцээнд яваад хоёрдугаар байр эзэллээ шүү дээ. Улам л гоё дуулдаг болж байгаа.

“Virtruoso” тоглолтыг танай “Агаар мюзик” төв дангаараа зохион байгуулдаг уу?

-Арав дахь жилийн тоглолтыг хүртэл энэ арга хэмжээг “Агаар мюзик” төв дангаараа зохион байгуулж ирсэн. Ямар ч санхүүжилт байхгүй, төрийн бус байгууллага шүү дээ. Ерөнхийдөө өөрсдийн халааснаас мөнгө төлж, уран бүтээлчдийг энэ тоглолтод оруулж байсан гэж болно. 2007 он хүртэл. Энэ үеэс дэмжигч үзэгчидтэй болж эхэлсэн. “Ганбат” сан, ардын жүжигчин Мөнхшүр эгчийн сан, дуучин Сарангийн ээждээ зориулж нээсэн сан, УИХ-ын гишүүн асан Билигсайхан, “Севен таурс” компани, хийлч Байгаль байна. Тэд өөрсдйин сонголтоор жил бүр нэг уран бүтээлчийг тус тусдаа урамшуулдаг юм. Харин ирэх жилээс төр албан ёсоор дэмжих нь зүйтэй юм байна гэдэг сайхан саналыг саяын тоглолтын дараа хүлээж авлаа даа. Ирэх жилийн “Virtruoso” маань нэлээд өндөр түвшинд зохион байгуулагдах байх.

“Virtruoso”-гийн тайз төрийн дэмжлэгийг авах хүртлээ нэр хүндтэй болжээ гэж ойлгож болох нь ээ?

-Бид урьд нь төрийн дэмжлэг авч үзээгүй. Дандаа хувь хүний дэмжлэгээр явдаг байсан. Харин нэг удаагийн “Virtruoso”-г Худалдаа аж үйлдвэрийн танхим дэмжсэн шүү. Дэмбэрэл даргад хүсэлт тавихад үнэхээр сайхан дэмжсэн. Үүнийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Жил жилийн маань тоглолтыг Улсын Филармони, ДБЭТ, Морин хуурын чуулга үргэлж дэмждэг. Сая гэхэд арав дахь удаагийн тоглолтыг ДБЭТ-т хийхэд ерөнхий зураач Ганбаатар өөрийн мэдэлд байдаг тайз чимэглэлээ зүгээр л хэрэглүүлсэн.

2007 оныг хүртэл өөрсдийнхөө халаасны мөнгөөр “Virtruoso” тоглолтыг зохион байгуулж байсан гэж та түрүүнд хэлсэн. Тэгэн тэгэн зүтгээд байсны учир нь юу вэ?

-Үүнийг ярихын тулд эхлээд 90-ээд оны түүхийг сөхөх хэрэгтэй. Тэр шилжилтийн үе хүмүүст тун хүнд цохилт болсон шүү дээ. Ялангуяа бидний үеийнхэнд. Өнөөдөр 40 эргэм настай хүмүүс тэр үед дөнгөж сургууль соёлоо төгсөөд ажил амьдралаа эхэлж байлаа. Нийгэмд ямар ч байр суурьгүй байсан бидэн шиг хэсэг бүлэг хүмүүст асар том цохилт болсон. Энэ бүхнээс урлаг үнэхээр доошоо орсон. Театрт очдог хүнгүй болсон. 1991 онд шиг санаж байна, би театрт “Тоска” үзэх гэж нэг орсон юм. Дараа нь бас нэг балет үзсэн. Би тэгэхэд Армяний хөгжмийн консерваторид сурч байлаа. Амралтаараа хүрч ирээд юм үзэж байгаа нь тэр. Тэгсэн ёстой аймшигтай байсан.

Юу нь?

-Үзэгчдийн танхимд 15 хүн л байсан. Заал нь хүв хүйтэн. Тайзан дээр туслах найруулагч гарч ирээд нэг, хоёр, гурав, дөрөв гээд хуруугаараа үзэгчдийг тоолж байгаа юм. Тэгээд “25 хүрвэл тоглолтоо эхэлье” гэсэн. Аймшигтай байгаа биз дээ? 25 хүнтэй болоод эхэлсээн. Тэгсэн ямар ч амьд гоё тоглолт байхгүй. Уран бүтээлчид нь ур чадвараа гаргах хүсэл байхгүй, сэтгэл нь хөрчихсөн байсан. Улсын Филармонийн тухай бүр яриад ч яахав. Бараг хаагдчихсан байсан. Ардын дуу бүжгийн чуулга нэг алдаг оног тоглодог. Урлаг нэг л тийм хөлдүү гөлгөр болчихсон байсан даа. “Алтан намар” харин ёстой тасраагүй явдаг, үндэснийхээ хэдэн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглодог байлаа. Яахав, нийтийн дуу, эстрад хоёр урлагийн орон зайг нөхөж байсан л даа. Гэхдээ энэ бол өдөр тутам иддэг талх шүү дээ. Сонгодог, нарийн урлаг бол торт байхгүй юу. Жилдээ нэг удаа, төрсөн өдрөөрөө, шинэ жилээр хүлээж хүлээж иддэг торт. Үнэтэй, тансаг. Тэр амт нь бүтэн сар, бараг дараагийн тоглолт хүртэл нь хадгалагдаж үлддэг тийм л нарийн эд байхгүй юу. Шал хоёр өөр орчин л доо. Энэ байдал их нөлөөлсөн. 93 онд Армянаас хүрч ирээд Соёлын дээд дөнгөж нээгдэж байхад цагийн багш хийсэн. Нэг л хүйтэн. Тэгээд би төгөлдөр хуурын ард дахиж суухгүй гэдэг амлалтыг өөртөө тавиад савхин хувцас оёж эхэлсэн. Одоо би хүнээс шууд хэмжээг нь аваад л, өөрөө эсгүүрийг нь гаргаад янз бүрийн хувцсыг оёж чадна. Тийм хэмжээнд хүртэл мэргэшлээ шүү дээ, савхиар. Дэнжийн 1000 гаргаж зардаг. Мундаг ч зарагдана. Их ч мөнгөтэй болж байлаа.

Яаж урлагтаа эргэж орсон чинь сонин байна. Тэр үед тэгж гайгүй мөнгө олж байсан хүн?

-1996 онд юм байна. 96 онд Мөнхболд, одоогийн төрийн шагналт, тэр үеийн залуу хөгжмийн зохиолч аныхныхаа төгөлдөр хуурын зохиолыг бичээд намайг савхи оёод сууж байтал ирээд бараг бүтэн сар гуйлаа. Гэр нь ойрхон болохоор ирээд л суучихна. “Яагаад заавал надаар тоглуулах гээд байгаа юм? Би төгөлдөр хуурын ард суулгүй гурван жил болчихоод байна” гээд л би цааргалаад байсан. “Чи л тоглож чадна” гээд өнөөх маань шалаад байдаг. Тэгээд би цуг хамтарч савхи хийж байсан хүмүүсээсээ чөлөө, зөвшөөрөл аваад концертыг нь тоглосон юм. Тэгэхэд Туулайхүү гуай Улсын Филармонийн удирдаач байлаа. Тэр концертыг дохисон л доо. 96 оны “Алтан намар”. Сайн ч тоглосон юм байлгүй, олон хүнд таалагдсан бололтой юм билээ. Тэгээд яахав үргэлжлүүлээд л нөгөө савхиа оёод л сууж байхгүй юү. Гэтэл нэг өдөр Туулайхүү удирдаач утсаар ярилаа. Би ДБЭТ-ын ерөнхий удирдаачаар ажиллах гэж байгаа. Чи ирж ажиллах уу гэсэн. Баахан тээнэгэлзэж байгаад очсон. Урлагтаа эргээд ирж байгаа нь энэ. Юун савхи. Энэ үеэс эхлээд уран бүтээлчдийн төлөө үнэхээр сэтгэл өвдөж эхэлсэн. Театрын уран бүтээлчдийн дотоод сэтгэл тас хар болчихсон байсан. Ямар ч сонирхолгүй. Сайхан сайхан уран бүтээлчид байгаад байдаг. Энэ байдлаас яаж гарах вэ гэдэг бодол тэр үеэс эргэлдэж эхэлсэн. “Сорос”-ын сан гарч ирж, ийм байдлыг эвдэхэд их нөлөө үзүүлсэн. Тэр сангийн хүчээр би театрт анхны “Балеро” гэж балетаа тавьсан юм. Төрийн дэмжлэгийг харалгүй бид өөрсдөө юм хийж болох юм байна, уран бүтээлчдийг дэмждэг юм байна гэдэг ойлголтыг өгсөн. Соёлын яамыг татан буулгасан нь бас нэг цохилт. Нэг ёсондоо урлаг өнчирсөн байхгүй юү.

Та чинь ҮДБЭЧ-д бас нэг хэсэг ажилласан байх аа?

-Тэгсэн. “Балеро”-г тавьсны дараа тэнд багшаар очсон. Бараг хоёр жил ажилласан. Уран бүтээлчид бас л унтарчихсан. Нийтээрээ л тийм байдалтай байсан юм даа. Ийм байдлыг өөрчлөхийн тулд ямар нэг зоригтой алхам хийх хэрэгтэй, золиос гаргах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд л “Virtruoso”-г хийе гэж зориглосон. 2001 онд. Хийх заал олддоггүй ээ. “Баянгол” рестораны зааланд хийлээ. Үзэгчдээ татахын тулд хоолоор хуурч байхгүй юү. Ядаж хоол идэнгээ юм үзье гээд хүмүүс ирдэг байхгүй юу даа. Хүмүүсийг яаж татах вэ гээд л ажил ундарсан. Мөнгө олдохгүй, ивээн тэтгэгч байхгүй. Тэр бол үнэхээр хүнд үе. Ийм байдалтай бараг 2005 он хүрсэн. Үсрээд 100 хүн ирнэ. Билетнээсээ олсон мөнгө нь заалны түрээс, уран бүтээлчдийн шагналдаа ч хүрэхгүй. Ядаж байхад уран бүтээлчид өөрсдөө ойлгож ирэхгүй. Тэгээд л дандаа өрөнд орно. Анхны тоглолтоосоо л 500 мянган төгрөгийн өрөнд ороод эхэлсэн. Тэрийгээ халааснаасаа төлдөг. Бүтэн жилийн турш олсон жаахан мөнгөнөөсөө цаашаа хийнэ. Ямар ч байсан таслахгүй л гэж хичээсэн.

Оролцох хүмүүсээ яаж сонгож байв аа?

-Тэр үед одоогийнхтой адил ийм олон уралдаан, тэмцээн болдог байсан биш. Нийгмээрээ хөлдчихсөн байсан юм шүү. Тэрийг л эвдэж, сэрээхийн тулд Virtruoso гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Тухайн жилдээ бие даасан уран бүтээлчдийг оруулдаг байлаа. Монголдоо болсон ганц нэг тэмцээний шагналтнуудыг бас. Юун тэр гадаадын тэмцээн, уралдаан. Хамгийн сүүлд 2006 онд нэг сайн шатсанаа санаж байна. Тэрнээс хойш арай гайгүй, хүмүүс ч ойлгож эхэлсэн. Үзэгчид, уран бүтээлчид аль аль нь ойлгож эхэлсэн. Нийгэм бас өөр болж эхэлсэн. Амьдралаа шийдчихсэн, өдөр тутмын талхнаас арай өөр юм бодохтойгоо болчихсон хүмүүс бий болсон. Оюуны хоосролоо нөхөж эхэлсэн. Өөрсдөө өнгөрсөн гэж бодлоо ч үр хүүхдээ боловсруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нэг шинэ үе гарч эхэлж байна. “Virtruoso” тоглолт үүнд бас үүнд өөрийн хувь нэмрийг оруулсан гэж бодож байна. Дэмжигч үзэгчидтэй болсон болохоор тоглолтынхоо тасалбарыг зарах гээд боддог байснаа аль болох олон хүнийг урилгаар үзүүлье гэж бодох болсон. Сэтгэлээсээ тасалбар худалдаж авдаг хүн олон болсон. Энэ бол ашгийн бус арга хэмжээ. Тасалбар зарж олсон мөнгө бүгд уран бүтээлчдэд шагнал болгон тараагддаг. Бид ажлынхаа цалинг л авдаг. Түүнээс биш ашиг олдоггүй.

Уран бүтээлчдээр гайгүй сайн ашиг олдог гэж та бүхнийг боддог хүмүүс зөндөө байдаг юм билээ.

-Зарим нэг уран бүтээлчид хүртэл тэгж боддог. Ашиг боддог байсан бол тэр шатаж баларч байх үедээ л хаячихна шүү дээ. Өөрийгөө бодоод өөрийнхөө концертийг хийх гээд явна. Гэтэл тийм биш. Бид ердөө л нийгмийг гайхалтай авьяастай уран бүтээлчдээр дамжуулан уран бүтээлч сэтгэлгээтэй болгох, урлагийг үнэлдэг цэгнэдэг болгохыг л зорьдог. Цаашдаа ч ашгийн бус энэ л хэвээрээ ажиллах болно. “Агаар мюзик” төв маань Хүүхдийн мөрөөдлийн сувагтай хамтран хөгжмийн зэмсгүүдийг хүүхдүүдэд таниулах цуврал нэвтрүүүлгийг хийгээд бүтэн жилийн нүүрийг үзэж байна. Бид бас уран бүтээлчдийг олон нийтэд таниулах талаар нэлээд зүйл хийж байгаа. Оросын Элчин сайлын яамны атташе эмэгтэй бидэнд хуучин ДСНК-гийн заалыг үнэ төлбөргүй хэрэглүүлье гэдэг санал тавьсан. Тэгэхээр бид жилдээ ердөө ганц удаагийн биш хэд хэдэн тоглолт хийх боломжтой болж байгаа. Заал нь нэгэнт үнэгүй учраас хүмүүсийг урилгаар үнэгүй үзүүлэх боломжтой болно гэсэн үг. “Агаар мюзик” төвийн бодлого бол аль болох л бага үнээр, болж өгвөл үнэгүйгээр олон хүнд урлагийн гайхамшгийг мэдрүүлэх юм. Бид бас хүүхдэд зориулсан цуврал лекцийг зохион байгуулдаг. Түүнийгээ тэнд хийх байх даа.

Б.ЦАЦРАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж