
Ёслолыг нээж Ерөнхий сайд С.Батболд товч үг хэллээ. Тэрбээр Хөгжлийн банктай болоод богино хугацаа өнгөрсөн ч төр, засгаас дэвшүүлсэн үндэсний томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм бий болгосныг онцоллоо. Хөгжлийн банкинд 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргах эрх олгож буйг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Анхны санхүүжилтийн эх үүсвэр болох бондыг гаргах гэж буйд, мөн энэ үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн Сангийн яам, холбогдох байгууллагад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн юм. Хөгжлийн банктай хамтран БНСУ-ын туршлагатай баг ажиллаж байгааг мөн онцоллоо.
Сангийн сайд С.Баярцогт Монголд өндөр өсөлтийн үе тохиож, зөвхөн төсөв, зээлээр санхүүждэг байсан үе өнгөрч, хөгжлийн том том хөтөлбөрийг хэрэгжүүлэх институц болсон Хөгжлийн банктай болсныг тэмдэглэсэн юм.
Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрт гарын үсэг зурснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын бондын шилжүүлэг хийх эрх нээгдэж байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, өөрийн хөнрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрёим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх боломж нээгдэх аж.
Нийт 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн бичгийг энэ оны арванхоёрдугаар сар болон ирэх 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар Сингапурын Хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөөд байгаа юм байна. Олон улсын зээлж их зэрэглэлийн үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хөгжлийн банкны энэхүү өрийн бичгийн хөтөлбөрт Standard@ Poor’s байгууллага Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргах өрийн бичиг нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаа анхны өрийн бичиг болж байгаа гэдгийг мэдэгджээ. Хэдийгээр олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл, байдал тааламжгүй үе таарсан ч Монгол Улсын хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгээр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн өрийн бичгээ ижил төстэй зэрэглэлтэй орнуудын харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж байгаа юм байна. Хөтөлбөрийг эхлүүлэх таван талт гэрээнд баталгаа гаргагчийн хувьд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын Хөгжлийн банкыг төлөөлж гүйцэтгэх захирал Ким Жанг Жин нар гарын үсэг зурлаа. Хамтран ажиллаж буй хөрөнгө оруулалтын банкуудын төлөөлөл яг нэг цаг мөчид буюу Улаанбаатарын цагаар 15.00 цагт тус тусын байрлаж буй улс орондоо уг гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой бөгөөд УИХ-аас баталсан тэргүүлэх салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна.