Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Украйн улсын нийслэл Киев хотноо өнөө шөнө Монголын цагаар 01.00 цагт тэмцээний сугалааг тодруулах арга хэмжээ болно. “Евро-2012”-ын шигшээд өрсөлдөх 16 багийг дөрөв, дөрвөөр нь дөрвөн хэсэгт хуваана. Харин үүний өмнө Европын хөлбөмбөгийн холбооноос 16 багийг чансаагаар дөрвөн сагсанд хувааж, ангилсан байгаа. Эхний сагсанд тив, дэлхийн аварга Испани болон дэлхийн аваргад финалдсан Нидерландын шигшээ, тэгээд зохион байгуулагч орон болох Польш ба Украйны багууд багтсан. Харин хоёрдугаар сагсанд Англи, Герман, Итали, ОХУ, гуравдугаар сагсанд Хорват, Грек, Португаль, Швед, харин сүүлийн буюу дөрөв дэх сагсанд Дани, Франц, Чех болон Ирландын шигшээ багууд багтжээ. Чансааны дагуу сагс тус бүрээс нэг багийг сугалж, нэг хэсэгт өрсөлдөх багуудыг бүрдүүлнэ.
Тэмцээний хуваарь, хөтөлбөрийн дагуу А хэсгийн тоглолтууд Польшийн Варшав болон Вроцлав хотноо болно. Түүнчлэн С хэсгийн тоглолтууд тус улсын Познань ба Гданьскт болох юм. Харин В ба D хэсгийн тоглолт Украйны хотуудад өрнөнө. Тодруулбал, В хэсгийн тоглолтууд Харьков, Львов хотод, харин D хэсгийнх Киев ба Донецкт болох юм.
С.Цэлмэг