ХОМ-ээ худал мэдүүлсэн албан тушаалтныг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

ХОМ-ээ худал мэдүүлсэн албан тушаалтныг яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон
хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн төсөл/-ийн анхны
хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд
Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нөхцөлд албан тушаалаас нь
шууд чөлөөлдөг байхаар заалт оруулж өгчээ. Одоо мөрдөж байгаа хуулиар
албан тушаалтан ХОМ-ээ худал мэдүүлсэн нөхцөлд Авлигатай тэмцэх газар нь
түүнд шууд хариуцлага тооцдоггүй, тухайн байгууллагад нь мэдэгдэж,
удирдах албан тушаалтнууд шийдвэрээ гаргадаг. Тиймээс дээрх өөрчлөлт
зарчмын томоохон шинэчлэл авчирна гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.
Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хаана байршуулах вэ
гэдгийг эцэслэн тохироогүй, дахин нягтлахаар болжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд Монгол Улс Авлигатай тэмцэх
газрыг байгуулахаас өмнөх үед авлигын үзүүлэлтээр дэлхийд гайгүй
бичигддэг байсан бол байгуулснаас хойшхи үеэс үзүүлэлт муудсан.
Авлигатай тэмцэхийн тулд төрөөс жил тутам 7-8 тэрбум төгрөгийг энэ
байгууллагад өгдөг. Үр дүн гарахгүй байна гэлээ. УИХ-ын гишүүн
Л.Гүндалай харин “УИХ-д надаас хэдэн мянга дахин хөрөнгөтэй хэрнээ
ХОМ-ийг нь харахаар надаас ядуу болж харагддаг. Энэ парламентаас хамгийн
баян нь би болж хувирчихаад байгаа. Гэтэл надаас 1000, 10 мянга дахин
их хөрөнгөтэй нь ХОМ-ээ худал мэдүүлсэн атал Авлигатай тэмцэх газрын
зүгээс түүнд хариуцлага ногдуулах тухай асуудлыг тавьдаггүй. Ийм шударга
бус үйлдлийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ гэлээ. Ажлын хэсгийн
гишүүн Р.Гончигдоржийн хэлснээр бол яг энэ асуудалд тодорхой тайлбар
хийсэнгүй, ямар ч байсан хөрөнгөө хууль ёсны дагуу тайлбарлаж чадаагүй
нөхцөлд хариуцлага ногдуулна гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгасан
байгаа гэсэн хариулт өглөө.

Олон улсын Трансперенси Интернэйшнэл байгууллагаас гаргасан судалгааг
Монгол Улс авлигын үзүүлэлтээр дэлхийн 183 орноос 120-д бичигджээ. Дээрх
байгууллагаас хийж байсан судалгаагаар 2004 онд Монгол Улс 85-д
бичигддэг байсан. Энэ бол Монгол Улс авлигад нэлээд идэгдсэн орон
болохыг нотлон харуулж байна гэдгийг хэлэлцүүлгийн шатанд олон гишүүн
хөндлөө.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэж байгаад
завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар эл асуудлаар гишүүдээс санал
хураалгах юм. УИХ-ын чуулганы үдээс хошхи хуралдаан 15.00 цагаас
үргэлжилнэ.


Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж