Хятадын Төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Хятадын Төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүллээ

Дэлхийн санхүүгийн хямрал 2008 оны сүүлээр улс орнуудын эдийн засгийг
“самарч” байхад Хятад ганцаараа өсөлттэй явсаар ирсэн. Улмаар Хятадын
Засгийн газар эдийн засгийн хэт өсөлтөөс өөрсдийгөө хамгаалах бодлого 
барьж эхэлсэн. Тус улсын эдийн засаг 2008, 2009 онуудад бусад орных
нэлээд уналттай үзүүлэлттэй байхад 8,7-9 хувийн өсөлттэй гарч байсан юм.
Иймд тус улсын Төв банк арилжааны банкуудын нөөц хөрөнгийн хэмжээг 2010
оноос хойш үндсэндээ арванхоёр ч удаа нэмэгдүүлээд байсан билээ. Энэ
оны арваннэгдүгээр сарын байдлаар тус улсын банкуудын нөөцөд байршуулсан
байх ёстой хөрөнгийн хэмжээ 21.5 хувь, жижиг, дунд банкуудынх 19 хувьтай байсан
юм. Харин өчигдөр Хятадын Төв банк нөөц хөрөнгийн хэмжээг 0.5 хувиар
бууруулах шийдвэр гаргаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд томоохон
банкнуудын нөөц хөрөнгийн хэмжээ 21 хувь, жижиг, дунд банкнуудынх 17.5
хувь болж буурч байгаа юм. Үүнийг олон улсын шинжээчид 2008 оны дэлхийн
санхүүгийн хямралаас хойшхи хамгийн анхны удаагийн нөөц хөрөнгийн
хэмжээг багасгах алхам гэж тайлбарлаж байна. Тус улсын Төв банк Европын
эдийн засгийн хямрал даамжрахын хэрээр ийнхүү өөр алхам хийж буй
бололтой.
Уг шийдвэр нь энэ сарын 5-наас эхлэн хэрэгжих бөгөөд үр дүнд нь 55-63
тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлэгдэнэ гэж зарим судлаач үзэж байна.
Өнгөрсөн сард Хятадын худалдан авалтын менежерийн индекс буюу Purchasing
manager index /PMI/ 2009 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн бага
үзүүлэлтэд буюу 50.4 хүрч буурсан билээ. Уг индекс нь тухайн улсын эдийн
засаг, үйлдвэржилтийн байдлын гол үзүүлэлт болдгоороо дэлхийн нийтэд
хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. ANZ банкны шинжээчийн тооцож буйгаар
Хятадын PMI индекс энэ сард 49.7 болж буурах төлөвтэй байна.  


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж