Египет санал хураалтын дүнг өнөөдөр зарлана

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Египет санал хураалтын дүнг өнөөдөр зарлана

Египетийн цэргийн эрх мэдэлтнүүд түүхэн сонгуулийн эхний санал хураалтын үр дүнг зарлахаа хойшлууллаа. Сонгуулийн дүнг өчигдөр зарлах ёстой байсан ч өнөөдөр, маргаашийн аль нэгэнд зарлана гэж тус улсын Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.  “Мусульманы ахан дүүс” болон Аль Нур Салафи хэмээх лалын хоёр нам санал хураалтаар тэргүүлсэн гэх яриа байгаа ч албаны хүмүүс энэ талаар ганц ч үг унагахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн даваа, мягмар гаригт болсон сонгуулийн эхний санал хураалтын дүнгээр парламентын доод танхимын гишүүдийг бүрдүүлэх ажээ. Зарим египетчүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ сонгуулийг шударга чөлөөтэй болно гэдэгт эргэлзэж байсан ч сонгуулийн санал хураалтын цэгүүдэд гурван км дараалал үүсч, египетчүүд түүхэн сонгууль өгсөн юм. Гэвч санал хураалтын дүнг зарлахаа хойшлуулсан нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байна. Зарим иргэд сонгуулийн санал хураалтын дүн цэргийн эрх мэдэлтнүүдэд таалагдаагүй учраас иргэдээс үнэнийг нууж байна гэж ярьж байгаа гэнэ. Парламентын доод танхимын гишүүдийг сонгох гурван үе шаттай санал хураалтын сүүлчийнх ирэх нэгдүгээр сард болох юм. Харин парламентын дээд танхимын гишүүдийг сонгох сонгуулийг ирэх нэг, гуравдугаар сард явуулах гэнэ. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Камаль Ганзурийн мэдэгдэж буйгаар Египетийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сард болох ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж