Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ОХУ-ын Соёлын сайд Авдеевтэй уулзаж “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон ОХУ-ын Соёлын яам хооронд 2012-2014 онуудад хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичгийн хүрээнд ОХУ-ын соёл, урлагийн их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх, номын сан музей хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжин Эрмитажид хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой бүтээлүүдийг судлах зорилгоор судлаачдыг илгээх. Мөн монголын соёл, урлагийн сургуулиудад ОХУ-ын мэргэжилтэн багш нарыг богино хугацаагаар урьж ажиллуулах боломж бүрдэж буй ажээ. Түүнчлэн ОХУ-ын Бага театрт ирэх оноос уран бүтээлчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах асуудлыг харилцагч талтай ярьж тохирсон байна.
Г.Дарь