Ардчилсан намынхан хүн төвтэй хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор орон даяар “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Жилийн турш үргэлжилсэн “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд тус намынхан сэтгүүлчдийн хамтаар Монгол орны 21 аймагт хүрч 28500 км зам туулсан байна. Харин энэхүү урт замынхаа үр дүнг хэлэлцэхээр тус намынхан өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд Party зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 170 орчим сэтгүүлч, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохын зэрэгцээ хэлэлцүүлгийг хийхэд зохион байгуулалтын ажил гүйцэтгэж байсан тус намын Хэрэг эрхлэх газрынхан мөн энэхүү 28500 км зам туулахад жолоо барьсан 50 гаруй жолоочийг хамарсан томоохон Party болох гэж байна. Ардчилсан намын Party-д урлагийн одод мөн оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Арванхоёрдугаар сар, Ардчилсан намынхны хувьд хоёр ч томоохон үйл явдлыг дурсаж, тэмдэглэх учиртай сар. Одоогоос 11 жилийн тэртээ 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улстөрийн таван хүчин нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн өмнө ардчиллыг хүсэмжилсэн залуучуудын цуглаан болж, улмаар энэхүү үйл ажиллагаа жилийн дараа 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар өргөжиж ардчилсан нийгмийг байгуулсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг ч тус намынхан ирэх долоо хоногт өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөөд байна.
Г.Дарь