Афган эмэгтэйг шоронгоос суллав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Афган эмэгтэйг шоронгоос суллав

Хүчингийн хэргийн хохирогч Афган эмэгтэйг Ерөнхийлөгч Хамид Карзай шоронгоос суллах зарлиг гаргажээ. Үеэлийнхээ нөхөрт хүчиндүүлсэн бүсгүйг Афганы хууль сахиулагчид гэр бүл үймүүлж завхайрсан гэж буруутган 12 жил шоронд хорих ял оноосон юм. Харин энэ шударга бус хэрэгт хилэгнэсэн 5,000 гаруй Афган эмэгтэй хүчирхийллийн золиос болсон бүсгүйг шоронгоос суллахыг шаардаж, Ерөнхийлөгчид захидал илгээсэн ажээ. Афган бүсгүйд тохиолдсон шударга бус явдлын талаар мэдсэн Ерөнхийлөгч түүнийг шоронгоос суллах зарлиг гаргасны дараа тус улсын хууль сахиулагчид бүсгүйн хэргийг дахин шалгаж, түүнээс уучлал гуйсан гэнэ. Гульназ гэгч Афган бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн эрийн талаар цагдаад шууд мэдэгдээгүй ажээ. Харин жирэмсэн болсноо мэдээд балмагдсан тэрээр цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг эхэлсэн гэнэ. Бэлгийн хүчирхийллийн хохирогчийг завхайрсан гэж буруутган шоронд хорих ял оноосон энэ хэрэг олон улсын мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж, CNN түүнд тохиолдсон явдлын талаар баримтат кино хийсэн боловч Европын холбоо бүсгүйн аюулгүй байдлыг хангах үүднээс нэвтрүүлгийг олон нийтэд цацахыг хориглосон юм. Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай Шүүх яамны сайдад бүсгүй шоронгоос суллаж, хүүхдийг хууль ёсны эцэгтэй болгох зарлиг гаргасан гэнэ. Бүсгүй шоронгоос суллагдах болсон ч төрсөн тосгондоо буцаж очихоос айж байгаа ажээ. Учир нь дээрх хэргийн төлөө түүний хамаатан саднууд нь түүнээс өшөө авч, амь насанд нь аюул учруулж болзошгүй байгаа юм. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж