“Үнэн зүрхнээс хайртай Элизабет Тайлорт дусгав. Үүрд хайртай” хэмээн Майкл Жексоны 1987 онд өөрийн гараар бичсэн дурсгалын үг бүхий хайрцагтай үнэт эрдэнийн гоёл ч бас энэ цуглуулган дунд бий. Тус үзэсгэлэнг энэ сарын 12 хүртэл нийтэд дэлгэн үзүүлээд дуудлага худалдаанд оруулна. Дэлгэцийн домог болсон Элизабет Тайлорын зүүж байсан, XVI зууны үед хийгдсэн лийр хэлбэртэй сувдан шигтгээтэй хүзүүний зүүлт цуглуулгын хамгийн үнэтэй эдлэлүүдийн нэг бөгөөд доод тал нь хоёр сая ам.доллар хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ сарын 13-17-нд болох дуудлага худалдааны орлого Элизабет Тайлорын амьд ахуйдаа байгуулсан ДОХ-той тэмцэх санд хандивлагдана. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд 79 насандаа өөд болсон юм.
Хайрын түүх өгүүлэх даашинз, бөгж
Элизабет Тайлорын үнэт эрдэнийн чулуун эдлэлүүд хийгээд гоёмсог даашинзнуудыг Нью-Йоркийн “Софиби”-ийн дуудлага худалдааны байранд дэлгэн харуулж эхэллээ. Жүжигчин Ричард Бартонтой гэрлэхдээ өмсөж байсан тансаг шар даашинз, гурав дахь нөхөр Майк Тодынх нь түүнд бэлэглэсэн очир эрдэнэ, бадмаараг шигтгээтэй цуутай бөгж гээд энэ бүх зүйл 50 жилийн хугацаанд долоон нөхөртэй сууж, салж явсан дуулиан, шуугианы эзэн гайхмаар хөөрхөн бүсгүйн хайрын түүхийг өгүүлэх мэт.