Бразилийн Калдас-Новас хотноо арваннэгдүгээр сарын 17-27-нд болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шатрын ОУХМ А.Энхтуул өнөөдөр эх орондоо иржээ. Дэлхийн 80 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөн тус тэмцээнд сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул охидын 18 насны ангилалд өрсөлдөж, сүүлийн өрөгт өрсөлдөгчөө буулган авснаар медалийн тавцанд гарсан билээ. Түүний ангилалд нийт 70 шатарчин өрсөлдсөн бөгөөд А.Энхтуул есөн өргөөс тав хожиж, гурав тэнцэж, нэг тоглолтод хожигдсоноор нийлбэр 6,5 оноотой тэмцээнийг өндөрлүүлжээ. Монголын шатарчид өсвөрийн ДАШТ-д 18 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос А.Энхтуул ганцаараа шагналын тавцанд гарсан билээ.
Өнөөдөр өглөө эх орондоо ирсэн түүнийг одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзах гэж байна. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мөн албан өрөөндөө хүлээн авч, баяр хүргэх гэнэ.

ОХУ-ын Москва хотноо суралцаж буй А.Энхтуул Монголд түр саатаад ирэх долоо хоногт хойд хөршийг зорих юм.
С.Цэлмэг