Оны шилдэг тамирчин хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Оны шилдэг тамирчин хэн бэ?

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Оны төгсгөлд шилдгүүдээ тодруулдаг уламжлалын дагуу спортын талбарт амжилтаараа манлайлсан шилдгүүдийг тэр үдэш тодруулах юм. Ингэхдээ оны шилдэг тамирчин, шилдэг баг болоод шилдэг дасгалжуулагчийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар тодруулдаг билээ. Үүний дагуу Монголын үндэсний олимпийн хорооноос энэ оны спортын салбарын од манлай, сод магнай болсон тамирчин, баг, дасгалжуулагчдын жагсаалтыг гаргасан байна. Олон улс, тив, дэлхийн чанартай олон тэмцээн, уралдаан өрнөж, медалийн ургац арвинтай байсан 2011 оны шилдэг тамирчин шагналд энэ жилийн дэлхийн аваргаас медаль хүртсэн П.Сэрдамба /бокс/, О.Насанбурмаа /чөлөөт бөх/, Ө.Төрбаяр /кикбокс/,  Б.Дамланпүрэв /байлдааны самбо/ нарын тамирчдаас гадна “Лондон-2012” олимпийн эрхээ авсан О.Гүндэгмаа /буудлага/, Ж.Гантөгс, Б.Урангтунгалаг /хоёул байт харваа/, У.Мөнх-Эрдэнэ /бокс/, Ж.Чулуунбат /чөлөөт бөх/, Б.Сэр-Од, Л.Отгонбаяр /хоёул марафон/, Эверестийн ноён оргилд хөл тавьсан Б.Гангаамаа, үндэсний их баяр наадамд 10 давж, түрүүлсэн улсын аварга С.Мөнхбат, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол өндөр амжилт үзүүлж буй Х.Цагаанбаатар, М.Бундмаа, П.Лхамдэгд гээд 20 гаруй тамирчны нэрийг сойж байна.
Харин оны шилдэг дасгалжуулагч-д дээрх тамирчдыг бэлтгэж, дасгалжуулсан 13 дасгалжуулагчийн нэр багтсан бол оны шилдэг баг номинацид ДАШТ-д амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарсан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ, дэлхийн аваргаас хүрэл медаль зүүсэн софт теннис, мөн бэнди, эрэгтэй урт бууны баг, хоккей, хөлбөмбөгийн шигшээ багууд өрсөлдөх юм.

Спортын салбарын шилдэг тамирчин, шилдэг баг, шилдэг дасгалжуулагчийн санал асуулга арванхоёрдугаар сарын 1-15-нд үргэлжлэх бөгөөд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлч, сурвалжлагч нар энэ хугацаанд өөрсдийн саналаа өгөх учиртай юм.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж