
Олон улсын валютын сангийн тэргүүн Грекийн эдийн засгийг аврахын тулд илүү их зүйл нэн даруй хийж эхлэх хэрэгтэй байна гэж Германы парламентын гишүүдэд уриалсан. Олон улсын валютын сангийн захирал Доминит Страус Канн Европын төв банкны захирал Жан Клод Тричетийн хамтаар Берлинд очиж Грект олон тэрбум еврогийн зээл олгохыг Германы улстөрчдийг ятгах гэж байна.
Ирэх тавдугаар сарын 10-нд еврозоны төрийн тэргүүнүүдийн уулзалт болох бөгөөд энэ үеэр Грекийн хямралыг хэлэлцэх болно гэж Европын комиссийн ерөнхийлөгч Херман Ван Ромпу Лхагва гаригт Токиод айлчлах үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр Грект тусламж үзүүлэх тухай хэлэлцээр “хэвийн явагдаж байгаа”, “Грекийн өрийг дахин бүтэцжүүлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн.
Олон улсын валютын сан Грект 13.3 тэрбум ам.доллар буюу 10 тэрбум еврогийн санхүүгийн зээл үзүүлэх талаар ярилцаж байна гэж Их Британийн Financial Times сонины өнөөдрийн дугаарт бичсэн байна. Санхүүгийн зээл олгосноор Грекийг дампуурлаас татаж гаргаж чадахгүй гэж германчууд үзэж байгаа юм. Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах боломжгүй боллоо гэдгээ Грекийн засгийн газар хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд Европын холбоо болон Олон улсын валютын санг яаралтай тусламж үзүүлэхийг хүсч байна. Грекийн ард иргэд гадаад өрөө төлөхгүй зогсоохыг, тэгснээр гадаадын банкууд энэ хямралын төлбөрийг төлөлцөх болно гэж эрх баригчдаасаа шаардаж байна. Бонд нь “хог” ангилалтай болсон еврозоны анхны улс Грек болж байна. Аливаа улсын зээлжих эрхийн үнэлэмжийг үнэлгээний агентлагууд бууруулж тогтоох нь тухайн улсад хөрөнгө оруулалт хийх эрсдэл нэмэгдэж байна гэсэн дохио болдог. Зарим санхүүгийн байгууллагууд “хог” гэж үнэлэгдсэн бондуудад хөрөнгө оруулахыг хориглодог. Португалийн зээлжих үнэлгээг хоёр оноогоор бууруулж А- болгосон нь европыг түгшээгээд байгаа санхүүгийн хямрал дээр тос нэмсэн үйл явдал боллоо.
Германаас 45 тэрбум еврогийн аврах тусламж авахыг хүсвэл Грекийн Засгийн газар эхлээд төсвийн алдагдлаа бууруулах арга хэмжээ авах ёстой гэж Германы Канцлер Ангела Меркель өчигдөр шаардсан. Тэрбээр “Та нар хэмнэлт хийх хэрэгтэй, шударга байх хэрэгтэй, үнэн зөв үзүүлэлт өгөх ёстой, үгүй бол хэн ч та нарт тусалж чадахгүй” гэж хэлсэн юм. Грекийн Сангийн яамны сайд Жорж Папаконстантину зээлжих чадварынх нь үнэлгээг бууруулсныг “Mанай улсын эдийн засгийн бодит байдлыг тусгаагүй шийдэл болсон. Энэ ойрын хэдэн өдрийн дотор амжилттай өндөрлөх гэж байгаа яриа хэлэлцээний үр дүнг тусгаж чадаагүй. Европчууд арай өөрөөр асуудалд хандах хэрэгтэй байсан юм. Одоогоос дөрвөн сарын өмнөөс бид энэ асуудлыг шийдвэрлэх механизм бий болгох хэрэгтэй байна гэж ярьж байсан. Гэвч янз бүрийн улс төрийн нөхцөл шалтгааны улмаас байдлыг даамжруулсаар ийм нөхцөлд хүрлээ” ярьжээ.
Т.Санаа