Багш нарын заах арга сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Багш нарын заах арга сайжирчээ

Төв аймгийн багш нарын дунд жил бүр уламжлал болон явагддаг “Багшийн ур чадвар”-ын уралдаан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-23 өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод боллоо. Уг уралдаанд 23 сумын 30 цэцэрлэгийн 33 багш, 26 сумын 29 сургуулийн бага ангийн 30 багш, 26 сумын 28 сургуулийн дунд ангийн 29 багш, нийт 92 багш оролцжээ.
Уралдаанд оролцсон багш нар эхний шатанд 20 төрлийн хичээлийг зааж ,  II шатанд  12 багш шалгаран өрсөлдөж,  сургуулийн өмнөх боловсролын багш нараас Зуунмод сумын Дэгдээхэй цогцолборын багш Д.Ариунсайхан, бага боловсролын багш нараас мөн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн багш Б.Дашцэрмаа, дунд ангийн багш нараас Баянчандмань сумын сургуулийн газар зүйн багш Г.Ганзориг нар тэргүүлж, 2011 оны аймгийн ур чадварын уралдааны шилдгүүдээр шалгарч, Оны тэргүүний заах аргач багш нараар тодорлоо.

Энэ оны уралдааны онцлог нь нийт багш нарын хичээл төлөвлөлт  болон хичээлийн бэлтгэл  эрс сайжирч, агуулгыг сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хялбаршуулж, амьдралтай холбон улмаар   нийт багш нар  хичээлээ хүүхэд төвтэй буюу сурагчдаар мэдлэг бүтээлгэх арга зүйгээр зохион байгуулж явуулснаараа ач холбогдолтой боллоо.

Багш бүр хичээлээ электрон хэлбэрээр бэлтгэн, сургалтын хэрэглэгдэхүүний сонголтод ахиц гаргаснаар сурагчид мэдлэгийг  өмнөх мэдлэг, туршлага   дээрээ тулгуурлан бүтээж, бие дааж болон  багаар хамтран  ажилласнаар асуудлыг шийдвэрлэн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, аливаа зүйлийг харьцуулан жишиж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж суралцан, хэл ярианы чадвар нь өмнөх жилүүдээс мэдэгдэхүйц өсч, эрэгтэй сурагчдын хичээлд оролцох оролцоо сайжирсан зэрэг эерэг  үзүүлэлтүүд гарч байгаа нь энэ жилийн уралдааны онцлог байлаа.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж