Хятадад ядуу тариачны тоо нэг өдрийн дотор 26 саяас 128 сая болтлоо огцом өссөн байна. Энэ тухай “Синьхуа” мэдээлжээ. Ядуусын тоо ийнхүү эрс өссөн нь ядуурлын босгын үзүүлэлтийг өдөрт 55 центээс нэг ам.доллар (жилдээ 1,274 -2,300 юань) болгон өөрчилсөнтэй холбоотой гэж олон улсын ажиглагчид үзжээ. Хятадын ядуурлын босгын үзүүлэлт Дэлхийн банкнаас тогтоосон 1,25 ам.доллар гэсэн төвшинд дөнгөн данган хүрсэн байна. Ядууст нөхвөр өгөх төсвийн зарлагын хэмжээг ирэх жилд 20 хувиар өсгөн 4,2 тэрбум ам.доллар хүргэхээр Хятадын эрх баригчид төлөвлөөд байна. Уг нь орон нутгийн хэвлэлийн мэдээгээр 2000-2010 онуудад ядуурлын доод төвшинд амьдарч байгаа хятадуудын тоо 94-26 сая хүн болтлоо буураад байсан аж.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг дэлхийн бусад орнуудынхаас хамгийн хурдан өсөлттэй байв. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1990-2010 онуудад 10 гаруй хувиар нэмэгджээ. Коммунист намын лидер Дэн Сяопин 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих шинэчлэлийг эхлүүлэх үеэр Хятад дэлхийн 20 том эдийн засгийн сүүлчийн хэсэгт байлаа. Одоо тус орны эдийн засаг тэр цагаас нэрлэгдсэн үнийн үзүүлэлтээр100 дахин өсч одоо дэлхийд хоёр дахь том нь болж байна.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин