Түүний байгуулсан компани цахилгаан машин үйлдвэрлээд зогсохгүй цахилгаанаар явдаг машиныг богино настай зайнаас чөлөөлөх зорилго тавьжээ. Энэ жилийн эцсээр уг компани Израйльд үйлдвэрлэлээ эхлэхээр зорьж байна. Тэгэхээр жолооч нар ямар ч замаар явсан 160 километр туулах чадвартай зайтай болох юм. Хэрэв 320 километр үргэлжлэх Израйлийн хоёр дахь том хот Тель-Авиваас Улаан тэнгис хүртэл аялахаар бол замдаа Бэттэр Плэйсийн зогсоолоор дайран дуусч буй зайгаа цэнэглүүлж болно. Цэнэглэхэд ердөө таван минут шаардах аж.
Эсвэл машинд шатахуун хийдэг байсан жижиг хавхлагийг нь сөхөөд зориулалтын самбараас шөнө нь машинаа цэнэглээд хонож болно. Мөн түүнчлэн компаний таних тэмдэг бүхий цэнхэр өнгөтэй самбар байрлуулсан машины зогсоол бүрт хөнгөлөлттэй үнээр машинаа байрлуулах давуу тал эд лэх гэнэ.
Бас жолооч GPS-ийн дэлгэц дээрээс машин цэнэглэх цэгүүдийн байршил болон тухайн цагт тэнд хэдэн машин үйлчлүүлж байгаа, хамгийн ойрын зогсоолоос хэдэн километр зайд байгаа зэргийг мэдэх юм. Компаний ажилчид хэдэн долоо хоногийн турш Тель-Авиваас Иерусалим хүртэл машин дүүрэн тарган эсвэл туранхай хүмүүс явах эсвэл зорчигчгүй явах тохиолдолд хэр хэмжээний цахилгаан шаардлагатай болохыг судлах зэргээр машинаа тал талаас нь шалгаж байна. Ирэх долдугаар сар гэхэд Бэттэр Плэйс компани Туркэд үйлдвэрлэсэн Ренаулт Флуэнстэй яг адилхан харагдах дөрвөн хаалгатай суудлын тэрэг дээр захиалга авч эхлэхээр төлөвлөж байгаа. Харин арван нэгдүгээр сарын эхэн гэхэд израйльчууд энэ машиныг унах боломжтой болох нь.
Машины өртөг хоёр хүчин зүйлээс хамаарах юм байна. Эхнийх нь зайгүй машин дангаараа. Тэгээд хэр хол зам туулахаасаа хамаараад зайны үнэ нь өөр өөр байх бөгөөд үүнийг Бэттэр Плэйсийнхэн машиныг хөдөлгөгч гол хүч хэмээн нэрлэж байгаа юм.
Израйльд зарах үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд салбар компаниа байгуулж буй Данид 10 000 километр туулах зай хамгийн багадаа 300 ам.доллар, холын зайн хязгаар заагаагүй зай түүнээс хоёр дахин их үнэтэй байна гэж багцаагаар тогтжээ. Мөн хэрэглэгчид зайгаа нэг удаа 2000 ам.доллароор худалдан авах гэнэ. Дани, Израйлийн аль алинд нэг галлон хийн түлш есөн ам.доллар байдаг аж. Иймд Бэттэр Плэйсийн тооцоогоор хэрэглэгчид түлшээр явдаг машин хэрэглэснээс 10- 20 хувийн хэмнэлт хийх учир хүмүүс түүний машиныг худалдан авах сонирхол төрнө гэж Агасси ярьж байна.
Мөн түүнчлэн цахилгаан суудлын тэрэг ердийн машинаас ялгагдах юмгүй бөгөөд харин ч эх дэлхийг маань өөрчлөх гэнэ. Энэ машиныг турших явцад тоёотогийн Приусээс дуу чимээ багатай, тав тухтай, хамгийн гол нь богино хугацаанд хурд авах чадвартай нь нотлогджээ.
Тэрээр “Хэрэв та арван секундын дотор жаран км/ц хүртэл хурдлахыг хүсвэл танд манай машин тохирно. Харин та таван секундийн тэвчээр гаргавал бид таны 80 000 ам.долларыг хэмнээд өгье” гэв.