Белужистан бол Пакистаны хамгийн том муж бөгөөд тус орны бараг тал хувийг эзэлдэг. Гэхдээ л энд үргэлжлэн өрнөх салан тусгаарлагчдын тэмцэл буюу заримдаа Пакистаны нууц дайны талаар тийм ч их анхаарал хандуулдаггүй. елужистаны чөлөөлөх арми гэгч болох салан тусгаарлагчдын бүлэглэлүүд Иран, Афганистантай хил залгаа, ашигт малтмалаар баялаг энэ бүсэд 2007 оноос хойш тэмцэлдэж байна. Пакистан 1947 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш белужуудын дэгдээсэн тав дахь бослого нь энэ юм. Одоо Белужистан муж нь төвийн засгийн хяналтаас улам ихээр гарч байна.
Дайчдын хамгийн их довтолгоон Пакистаны бусад мужуудтай харьцуулбал, Белужистанд 2010 онд хамгийн ихээр бүртгэгдсэн. Энэ нь ч 2011 онд хэвээр байж дайчид нэг биш удаа байгалийн хий дамжуулах гол сүлжээнд дэлбэрэлт үйлдэн энэ бүсэд Пенжабаас шилжин ирэгсдийг олноор нь хөнөөж байлаа. Мөн нефтийн компаниудын ажилтнууд ба хэд хэдэн нэртэй улстөрчийн амийг хөнөөсөн.
Пакистаны эрх баригчдын хариу ч үүнээс дутахгүй харгис байв. Human Rights Watch гэдэг хүний эрхийн байгууллагын илтгэлд тэмдэгдлэснээр нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд тэндхийн 150 хүн алагджээ. Тэдний ихэнх нь белужийн салан тусгаарлах бодлогод идэвхтэй оролцсон залуус байжээ. Эдгээр аллага ба хүн хулгайлах ажиллагааг Пакистаны тусгай албанаас явуулдаг бололтой. Азийн Human Rights Watch-ийн тэргүүн Брэд Адамс (Brad Adams) эдгээр зэрлэг үйлдлийг “хууль дүрэмгүй, нийтийн аллага” гэж нэрлэсэн юм. Түүгээр ч барахгүй энэ бүгд нь “Пакистаны эрх баригчид өөрсдийн цэргийнхэн ба тусгай албадыг хянах бэлтгэл, чадварыг харууллаа” гэж тэрээр үнэлжээ.
Белужистан дахь тогтворгүй байдал нь олон улсын үр дагавартай. Төв нь энэ мужийн нийслэл Кветта хотод байрладаг талибууд 1300 км-ийн урттай энэ мужийн хилийг Афганистанд нууцаар нэвтрэхдээ ашиглаж байна. Хүн ам шигүү биш энэ бүс Ираны босогчдын бүлэг, хар тамхины наймаачдыг орогнох найдвартай нутаг болжээ. АНУ-ын Тагнуулын төв газрын нисгэгчгүй аппаратууд Белужистан дахь баазаас хөөрч довтолгооноо хийдэг гэж ярьдаг. Энэтхэгийг босогчдыг санхүүжүүлдэг гэж Пакистан нэг биш удаа хэлж байсан. Энэтхэг түүнийг нь эрс үгүйсгэж ирэв. Есдүгээр сарын 11-ний аллагыг зохион байгуулагч Халид Шейх Мохаммед энэ мужийн хүн. Түүний үеэл зээ Рамзи Юсеф (Ramzi Yousef) 1993 онд Олон улсын худалдааны төвд дэлбэрэлт хийж байжээ.
Хэвлэл мэдээлэл энэ бүс нутаг, түүний асуудлуудад анхаарал хандуулахгүй байгаа нь Пакистаны эрх баригчдад таатай байх шиг. Гэхдээ цаг үргэлж хогоо хивсэн доороо нууна гэдэг юу л бол.
Сомалийн далайн дээрэмчид энэ жил дээд амжилтаа тогтоож магадгүй байна. Аравдугаар сарын байдлаар тэд 199 халдлага үйлджээ. Өмнөх жил нь тэд 126 довтолгоон хийж байсан юм. Гай таарахад орчин үеийн далайн дээрэм нь Сомалийн дээрэмчид хувьчлан авсан Адены булангийн газар зүйн бүсээр хязгаарлагдсангүй. Далайн дээрэм даяарчлагдаж, цар хүрээгээ тэлж байна.
Далайн дээрмийн шинэ бөгөөд халуухан цэг нь Баруун Африк болов. Нефтиэр баян Гвиней энэ жил хүчтэй довтолгоонд өртлөө. Бениний эрэг хавьд 2010 онд нэг ч довтолгоо гараагүй бол энэ жилд 19 халдлага бүртгэгдлээ. Нигерийн эрэгт зургаа, Ганийн эрэгт гурван дээрэм гарчээ. Хажуугаар нь олон довтолгооны талаар мэдээлэл гараагүй байна. Аравдугаар сард Нигери, Бениний ерөнхийлөгч нар энэ бүсэд анхных болох далайн дээрмийн асуудлаар ярилцсан бүс нутгийн саммитийг зохион байгуулжээ.
Баруун Африкийн дээрэмчид Сомалийнхаас ялгаатай нь тэд голчлон хөлөг онгоцнуудын ачаанаас дээрэмддэг ч онгоц барьцаалдаггүй. Тэд далайчдыг барин саатуулж хүлээд бууны бөгсөөр зодож, цахилгааны утсаар ороолгодог. Зарим тохиолдолд багийнхныг бүгдиййг нь устгадаггүй. Хэрэв Сомалийн далайн дээрмийг тус орны тогтворгүй байдлаас үүдэлтэй гэвэл Африк дахь ардчилал хамгийн тогтвортой гэгддэг, жилийн эдийн засгийн өсөлт нь энэ жил 13,5 хувьтай байгаа Ганад ч далайн дээрэм тулгарч байна. Бүс нутгийн нефтийн хөөрөл нь орчин үеийн дээрэмчдийн өгөөш болж байна гэж шинжээчид үзэж байна.
Далайн дээрэмчдийн үйл ажиллагаа Африкаар хязгаарлагдсангүй. Индонезийн Худалдааны танхимы мэдээлснээр энэ онд далайн дээрэм тус орны хувьд 2007 оныхоос хамгийн өндөр төвшинд хүрчээ. Өмнө нь далайн дээрмийн талаар сонсогдоогүй байсан Перу улсад хүртэл Японы загас агнуурын хөлөгт халдсан явдал гарав. Өөрсдийгөө “далайн дээрэмчид” гэж нэрлэсэн гэмт хэргийн бүлэг энэ хэргийг хийжээ.
Нийтдээ энэ жилийн эхний есөн сард дэлхийн хэмжээгээр 352 далайн дээрэм бүртгэгдсэн байна. Энэ бол дээд амжилт нь юм. Өнгөрсөн хоёр жилийн дотор АНУ, Европ, Хятад далайн дээрмийн эсрэг цэргийн арга хэмжээ авсан ч халдлагын тоо нэмэгдсээр байна.
Энэ жилийн хоёрдугаар сард Ойрхи Дорнодын үйл явдлыг дэлхий догдлон ажиглаж байх зуур хэдэн зууны турш үргэлжилж байгаа Зүүн Өмнөд Азийн газар нутгийн маргаан түр хугацааны жинхэнэ дайн болон хувирав. Камбожи, Тайландын шашны мөргөлийн маргааны бай болсон газар тулалдаан боллоо. Энэ мөргөлдөөн нь Зүүн Өмнөд Азийн тайван биш нутаг орны тогтворгүй байдал өсөхөд урьдатгал нь болж магадгүй юм.
Эдгээр хөрш орнууд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд оруулсан ХI зууны Преа Вихеа дацанг эзэмших эрхийнхээ төлөө маргалдаж байна. Маргаан нь ХХ зууны эхээр Сиам ба Францын Камбожийн хооронд тогтоосон хилийн асуудлаас үүдэлтэй. Эхлээд Энэтхэгийнх байгаад дараа нь буддын болсон энэ сүмийг эзэмших эрхийг НҮБ-ын олон улсын шүүх 1962 онд Камбожид өгчээ. Гэхдээ энэ шийдвэрийг Тайланд хэзээ ч зөвшөөрч байсангүй. 2008 оноос энэ жилийн наймдугаар сар хүртэл Тайландын ерөнхий сайд байсан Апхисит Ветчачива (Abhisit Vejjajiva)-тай үндэстний “шар цамцтанууд” гэх үндсэрхэг хөдөлгөөний шахалтаар хэлсэн дайнч үгээрээ хурцатмал байдлыг нэмэгдүүлэн тэр бүсэд цэрэг илгээсэн юм.
Талууд хоёрдугаар сарын 4-16-ны хооронд маргаантай нутагтаа их буугаар харилцан буудалцаж, эсрэг талаа үүнийг эхлүүлсэн хэмээн тус тусдаа мэдэгдэж байлаа. Үүнээс болж 28 хүн алагдаж, хэдэн мянган хүн нүүн дүрвээд байгаа юм. “Энэ бол жинхэнэ дайн. Зүгээр нэг сөргөлдөөн биш” гэж Камбожийн ерөнхий сайд Хун Сен (Hun Sen) зарласан юм.
НҮБ энэ жилийн долдугаар сард дацанг тойруулан цэрэггүй бүс гэж зарлан талуудыг цэргээ татахыг тушаасан байв. Эвлэрлийн явцыг Индонезийн энхийг сахиулагчид хянаж байна. Энэ сөргөлдөөнөөс үүдэн Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны бүсийн байгууллагын хүрээнд энхийг сахиулагчдийн хүчин байгуулах санаачилга гарав. Апхисит Ветчачивыг солин гарч ирсэн ерөнхий сайд Йинглак Чинават (Yingluck Shinawatra) засгийн эрхэнд гарснаас хойш энд хурцатмал байдал буурч байна.
Хямрал харьцангуй намдсан ч Тайландынулс төрийн болон замбараагүй байдлын түүхийн олон үзэгдлийн нэг нь болсон юм. Терроризм ба хар тамхитай тэмцэх бүс нутгийн АНУ-ын гол холбоотон нь Тайланд билээ. Тус улсад хөдөө орон нутгийн дэмжлэгтэй “улаан цамцатнуудын” хөдөлгөөн, хааныг дэмждэг “шар цамцтануудын” хооронд хүчирхийлэлд хүрсэн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал дэгдэв. Тайландын өмнөд нутагт исламын дайчдын босогчдын хөдөлгөөн дэгдсэн. Исламын хөдөлгөөнийг Amnesty International байгууллага энэ жил иргэдийн эсрэг цэргийн гэмт хэрэг хийсэн гэж буруутгаад байгаа билээ. Сөргөлдөөнийг өдөөх бас нэг эх сурвалж нь Йинглак Чинаватын ах Таксин буцаж ирвэл үүсэх магадлалтай. Ерөнхий сайд асан тэрээр гадаадад дүрвэсэн байгаа бөгөөд Тайландад түүний авлигын хэрэгт буруутган эрж хайж байгаа юм.
Ерөнхийлөгчийн албаа хүлээн авсан эхний үедээ Барак Обама “Цөмийн зэвсэггүй дэлхийн аюулгүй байдал, энх тайвны төлөө АНУ” шинэ хүчээр тэмцэнэ хэмээн Прага хотноо мэдэгдэж байлаа. Өнгөрсөн жилийн сүүлчээр түүний засаг захиргаа энэ чиглэлээр төлөвлөсөн хоёр алхмаа хийн Стратегийн довтолгооны зэвсгийн хязгаарлах Оростой байгуулсан гурав дахь гэрээгээ баталснаас гадна цөмийн аюулгүй байдлын асуудлаар 47 орон оролцсон бага хурал зохион байгуулав. Харин Обамагийн хувьд “цөмийн эмзэг материалуудын аюулгүй байдлыг дэлхийн хэмжээнд дөрвөн жилдээ хангах олон улсын хүчин чармайлт” гаргах чухал үүргээ биелүүлэхэд төдийлөн амжилт олсонгүй.
Бусад орнуудад иргэний цөмийн хөтөлбөр биелүүлэхэд нь тус нэмэр болгон тухайн цагтаа илгээсэн 2672 кг “зэвсгийн” цөмийн материалын тайлангаа АНУ огт гаргаж чадахгүй байна. Энэ тухай өнгөрсөн есдүгээр сард хэвлүүлсэн АНУ-ын Хяналтын гол албаны илтгэлд өгүүлсэн байна. “Онолын хувьд үүнийг хаана хадгалагдаж байгааг мэдэж байна. Гэхдээ бидэнд эдгээр материалууд чухам хаана байгаа тайлан огт алга” гэж илтгэлд ойр эх сурвалж Wired-д хэлсэн байв.
Конгресс төсвийг танах нь цөмийн материалын аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж магадгүй гэж Зэвсэглэлийн үл тараах ба хяналт тавих төвийн (Center for Arms Control and Non-Proliferation) дүгнэлтэд өгүүлжээ. Доод танхмаас баталсан хуулиар Аюулыг багасгах даяарчлалын санаачлагыг (Global Threat Reduction Initiative) санхүүжүүлэх Цагаан ордны өргөдлөөс 85 сая ам.долларыг хасах магадлалтай байна. Уг хөтөлбөр нь хуучин Зөвлөлтийн цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн юм. Санаачлагын санхүүжилтийг сенатын хувилбараар хуулинд нь үлдээсэн ч Конгресс энэ жил GTRI-гийн санхүүжилтээс 123 сая ам.долларыг хасаад байна.
Өнгөрсөн зургадугаар сард 20 сая ам.долларын уран хулгайлан зарах гэж байсан зургаан хүнийг Молдавт баривчилсан юм. НҮБ-ын мэдээгээр сүүлийн 15 жилийн дотор цөмийн материалыг хил давуулах гэсэн 500 оролдлого илчлэгджээ. Гэхдээ өөр олон оролдлого илрээгүй байж магадгүй.
Энэ үед Төлөөлөгчдийн танхим ба Сенатад 2009 онд өргөн барьсан цөмийн материалын хулгайн наймаанд яллах ялыг чангатгах тухай хуулийн төсөл байнгын хороодын төвшинд “унтаж” байна. Арван таван жилийн өмнө ерөнхийлөгч Билл Клинтоны гарын үсэг тавьсан Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох гэрээий талаар Конгресс чимээгүй байна. Уг гэрээг өнөө хүртэл батлаагүй байгаа. Засаг захиргаа энэ гэрээг батлуулахаар чармайна гэсэн боловч өргөн барих товоо тогтоогоогүй байна.
Стратегийн довтолгооны зэвсгийн хязгаарлах гуравдугаар гэрээ байгуулсан нь том амжилт боловч дэлхий цөмийн зэвсэггүй болтол маш хол байна.
Хоёр талын хөрөнгө оруулалтын Руандатай байгуулсан гэрээг Америкийн Сенат өнгөрсөн есдүгээр сард санал нэгтэйгээр батлав. Африкийн Сахарын цөлөөс өмнө орших оронтой байгуулсан энэ гэрээ нь 1998 оноос хойш анхных болов. Төрийн департамент гэрээг өндрөөр үнэлэн “Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шинэ боломжийг нээсэн эдийн засгийн шинэчлэлд Руанда үнэнч байдгийн баталгаа” хэмээн нэрлэв. АНУ-ын Гадаад бодлогын алба “Энэ гэрээ нь бусад орнуудтай байгуулах ийм маягийн гэрээний үлгэр болно” хэмээн найдаж байна.
Руандагийн эдийн заэсгийн шинэчлэлийг янз бүрээр магтан Африкт гараагүй шахуу түүхэн амжилт гэж буй. Сүүлийн таван жилийн дотор энэ орны эдийн засгийн өсөлт нь дунджаар долоон хувьтай байна. Руандагийн ерөнхийлөгч Поль Кагаме (Paul Kagame) байгаль хамгаалах санаачлага, эмэгтэйчүүдийг Засгийн газарт багтаах (одоо эмэгтэйчүүдийн хувь нь парламентын доод танхимд 50 гаруй хувь болжээ) зэргээрээ бас л магтагдаж байна. Тэрээр АНУ-д олонтоо очдог, дээд хүрээнд нь нэлээд баттайгаар орж иржээ.
Харин Кагаме ардчиллын хэм хэмжээнд үнэнч эсэх талаар нь түгшүүртэй шинж тэмдэг мэдрэгдэж байгаа. Сонгуульд 93 хувийн саналаар тутси омгийн босогчдын лидер ялсан өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сөрөг хүчний томоохон намын орлогч дарга байсан хүн амиа алдсан. АНУ энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.
Сүүлийн хоёр жилийн дотор Кагамегийн дэглэм нэг биш удаа чухал сонинуудыг хааж, армийн том дарга нарыг баривчилж, сөрөг хүчний нэртэй зүтгэлтэнг баривчлан хорьсон. Энэ жил ӨАБНУ-д цагаачлан амьдарч байгаа Руандагийн армийн командлагч асны амь насанд халдах оролдлого хоёр удаа хийгджээ. Британийн цагдаагийн газраас Лондонд амьдарч байгаа Руандагийн тэрслүү үзэлтнүүдэд аюул учирч магадгүй тухай сануулга өгсөн байна.
Цагаан ордон сонгуулийн талаар зовинож буйгаа илэрхийлсэн боловч АНУ-ын засаг захиргаа Кагамегийн талд зогсч буй. Түүний эсрэг гаргасан холбооны өгөдлийг болиулахаар оролдож байна. Вашингтон түүнтэй түншлэхээр шийдсэн бололтой. Муу ч сайн ч улс орондоо тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангаж чадна гэж Кагамед найдаж байна. Хэрэв Руандад ажиглагдаж байгаа улс төрийн хандлага хэвээр байвал энэхүү найрамдалт харьцаа өөрчлөгдөж магадгүй юм.