УИХ-ын сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдэж
байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж гаргах ёстой шинэ хуулийн
төсөл нь парламент дээрээ нам зогсоод бараг сар шахмын хугацаа өнгөрлөө. Эрх
барьж байгаа хоёр намын итгэлцүүрээр гарах ёстой хуулийн төсөл ирэх сонгууль хүртэл
гарахгүй ч байж магадгүй нь. Уг нь хуулийн төслийг анх ярьж байснаар бол ирэх
жилийн сонгууль өмнөх сонгуулиудыг бодоход элдэв маапаан, булхай луйваргүй,
иргэд сонгогчдын сэтгэл ханамжийн баталгааг дээд цэгт нь хүргэсэн, нэг ёсондоо
санал өгсөн, авсан хоёрын аль алинд нь өлзийтэй шударга сайхан сонгууль болох
байлаа л.
Хуулийн төсөлд тусгасан санал хураалтыг автоматаар
тоолох, нэр дэвшигчдийг мөнгө, эд материал амлахыг хориглох, сурталчилгааны
тэгш, тэнцвэртэй байдлыг хангах зэрэг заалтаас аваад сүүлд гацаанд орчихоод
байгаа “тойргууд дахь мандатын тоог хүн амын тоонд нь харьцуулж шинээр
хуваарилах” энэ тэрийг нэмчихвэл чухам л ард нийтээрээ “цэнгэлийн манлай”-д
хүрчих байв. Гэвч сүүлийн гол асуудал маргаан дагуулснаас болоод Сонгуулийн
хууль гарах эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа. Ер нь ч тэгээд гацааж байгаа
шалтгаан нь үнэхээр мандатын хуваарилалтад байна уу, эсвэл угаасаа намууд
хуулиа шинэчлэхийн эсрэг байгаагаа үүгээр халхавчлав уу хэмээн эргэлзэхэд
хүргээд байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд яах вэ, ирэх оны төсөв хэлэлцэж байгаа
нэрээр хугацаа жаахан хожлоо, цаадуул чинь. Харин дараа нь бас ямар шалтаг
гаргаж ирэхийг хэн мэдлээ.
2011 оны Төсвийн хуулиа хугацаанд нь тулгаж баталсан УИХ өчигдрөөс Сонгуулийн
хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж эхэллээ. Хууль баталлаа гэхэд хугацаандаа
амжих уу, амжлаа гэхэд Цэцийн заналхийллийг яах вэ гэх мэтчилэн асуудал байна
аа, байна. Нөгөө “буу байлаа гэхэд сум нь байгаа ч уу, сум байлаа гээд буудаа ч
билүү” гэдэг шиг Сонгуулийн хуулиа баталчихлаа гэхэд тойргийн хуваарилалт,
мандатын тоогоо дараа нь хэрхэн шийдэх нь бас л тодорхойгүй.
Ийнхүү нэг талд сонгууль шударга явах уу, үгүй юу гэдэг
дээр иргэд сонгогчид эргэлзэж эхлээд байхад нэр дэвшигчид болоод дэвшихийг
горилогчид огт өөр асуудалд санаа зовж эхлэв. Санааг нь зовоож буй олон
асуудлуудын нэг нь нэр дэвшигчдэд тавьдаг санхүүгийн шалгуур.
Анх 2000 оны сонгуулийн дараа ардчиллын төлөөх таван нам
нэгдэж Ардчилсан намыг байгуулсны дараа л тус нам жирийн гишүүд болон аймаг
дүүргийн намын хороо, ҮЗХ-ны гишүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ
тодорхой хэмжээний татвар авч эхэлсэн. Намын жирийн гишүүд жилд 1200 төгрөг,
намын хорооны гишүүд 100 мянга, ҮЗХ-ны гишүүд нэг сая төгрөг, харин УИХ-ын
сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн жилд багтаан 50 сая төгрөгийг намын санхүүд
оруулах үүрэгтэй. 80 жил төр барьсан өмч хөрөнгийн болоод мөнгө санхүүгийн
томоохон хуримтлалтай “ах” намтайгаа санхүүгийн хувьд өрсөлдөх ганц арга нь тэр
байсан биз. Тэгээд ч улстөрд орж буй хэн ч байсан санхүүгийн хувьд хэн нэгнээс
хараат бус, санхүүгийн тодорхой эх үүсвэртэй байх ёстой гэдэг шаардлагыг Ардчилсан
нам нэр дэвшигчиддээ тавьж эхэлсэн нь тэр.
Тийм байхгүй бол намын санхүү төрийн санхүүтэй холилдоод
ирэхээр юу болдгийг Гаалийн ерөнхий газрын дарга асан Г.Баатарын хэрэг бэлээхэн
харуулсан билээ. Мань хүн гаальд орж ирсэн татвар төлөгчдийн орлогоос 100 сая
төгрөг “хулгайлж” тухайн үед эрх барьж байсан МАХН-ын сонгуулийн сурталчилгаанд
хандивласныхаа төлөө шоронгийн хаалга татсан. Илэрсэн нь л энэ болохоос биш
цаана нь үүнээс хэдэн арав дахин их мөнгийг төрийн нэрээр хулгайлж,
сонгуулийнхаа сурталчилгааг санхүүжүүлж байсан гэх юм билээ. МАН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч бас “Хадгаламж банкны мөнгөөр УАЗ-Фургон
автомашин авч Ө.Энхтүвшингийн нөхөн сонгуульд хандивласан” хэргээр аавын хаалга
татахаа шахсаныг уншигчид мартаагүй биз.
Энэ мэтчилэн ил далд хийдэг санхүүгийн булхайгаас хол
байхын тулд Ардчилсан намын гишүүд намаа өөрсдөө ил тодоор санхүүжүүлж ирсэн
хэрэг. Гэтэл сонгууль дөхөхтэй зэрэгцээд тус намын зарим гишүүдийн зүгээс “Нэр
дэвшигчийн эрхийг нам 50 саяар худалдлаа, хувь хүний үнэлэмжийг үгүй хийлээ”
гэсэн гомдол маргааныг намынхаа удирдлага руу шидэж эхлэв. Тэгээд энэ
“дарангуйллыг” үл тэвчих хэсэг нөхөд нэр дэвшигчдээ татвараар дарамталдаггүй,
төрийн мөнгөөр санхүүждэгээр нь МАН-аас нэр дэвших бодолтой ч юм байх. Үр дүнд
нь гишүүдээсээ санхүүгийн сахилга бат шаардсан Ардчилсан нам “авлигач” болж,
харин аавын хүүхдийг алаг үзэлгүй тэжээж тэтгэдгээрээ /гэхдээ тэр нь хэний
мөнгө вэ гэдгийг дээр хэлсэн/ Ардын нам “шударга” болж харагдаж байна.
Угтаа бол өөрийгөө үнэлдэг, тэгээд жаахан толгойгоо
ажиллуулдаг хүнд бол 50 сая төгрөг хаанаас ч босгож болох л мөнгө. Ингэхэд
сонгуульд нэр дэвших гарааны мөнгөө босгож чадахгүй байгаа энэ олон “лидер”
улстөрчдийг “50 саяын уналт” нэвтрүүлэгт оруулж, нэг удаагийн ивээн тэтгэлэг
үзүүлбэл яасан юм бэ?
Б.СЭМҮҮН