Дэвид Бэкхэм ирэх улиралд Америкт бус Европт тоглохыг үгүйсгэх аргагүй болоод буй. Францын нэгдүгээр дивизоны “ПСЖ” клуб түүнд санал тавьсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсанаас гадна төрөлх орон Английнх нь багууд ч түүнийг сонирхож байгаа юм. Тэрбээр өөрөө ч дэлхийн шилдэг лигт тоглох эрч хүч хангалттай бий хэмээсэн билээ. Ямартай ч тэрбээр “ЛА Галакси”-гийн хамт Ази дахь аялан тоглолтоо өндөрлүүлээд шийдвэрээ гаргана гэсэн юм.
“Галакси” Жакартад Индонезийн шигшээтэй тоглох бөгөөд энэ сарын 3-нд Филиппиний Манила хотноо тус улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Улмаар гурав хоногийн дараа буюу 6-нд Австралийн “Мелбурн Виктория” багтай тоглосноор Ази дахь аялан тоглолт нь өндөрлөх юм. Магадгүй энэ нь Бэкхэмийн хувьд “Галакси”-гийн өмсгөлтэй хийх сүүлийн тоглолт нь байж болох талтай.