Төсөвт өөрчлөлт орж болохыг үгүйсгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Төсөвт өөрчлөлт орж болохыг үгүйсгэсэнгүй

УИХ-аар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв баталсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа, төсвийн хуулийн АН-ын ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, МАН-ын ажлын хэсгийн ахлагч Су.Батболд, эрхэм гишүүн Н.Батбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг төсөв УИХ-ын бүрэн эрхийн сүүлийн жилийн, мөн сонгуулийн жилийн төсөв гэдгээрээ онцлог байсан тул чамгүй урт хугацаа зарцуулсан байна. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт эрдэс баялгийн үнийн өөрчлөлтөөр нөлөөлж болох магадлал, Монголбанкны санал зэргийг харгалзан төслийн нийт зардлаас 900 тэрбум төгрөг хассан гэдгийг тодотголоо.

Ирэх жил Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого таван их наяд 822,5 тэрбум төгрөг, уг орлогод нийцүүлсэн зарлага зургаан их наяд 306,3 тэрбум төгрөг байхаар баталжээ. ДНБ-ний хэмжээг 16,1 их наяд төгрөгөөр тогтоосон байна. Мөн төсвийн орлогыг дөрвөн их наяд 630 тэрбум 707 сая төгрөгөөр, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн хэмжээг дөрвөн их наяд 865 тэрбум 904 сая төгрөгөөр баталжээ. Гэхдээ ирэх жилийн дэлхийн болзошгүй санхүү, эдийн засгийн хямралын улмаас баталсан төсөвт өөрчлөлт оруулж болохыг үгүйсгэсэнгүй.

Улсын нэгдсэн төсвийг улсаа гэсэн сэтгэлийг нэгдүгээрт тавьж баталсан гэж Төсвийн байнгын хорооны дарга хэллээ. Гишүүн Д.Ганхуягийн хэлснээр жинхэнэ хөгжлийн түүхэн төсөв болжээ. Су.Батболд гишүүн Монгол Улсын эдийн засаг өсч буй тул төсөв ч зохих ёсоор өсөх ёстой гэлээ. Гишүүн Н.Батбаяр Засгийн газраас анх оруулж ирсэн зардлыг даруй 13 хувиар хассаныг онцлов. Мөн 2012 оны хоёрдугаар сарын 1 гэхэд иргэн бүрт нэг сая төгрөгийн үнэлгээтэй хувьцаа хүртээх бөгөөд хүсвэл түүнийг мөнгөжүүлж болох аж. Гэхдээ хувьцаа чигээр нь байлгавал үнэлгээ өсөхөөс гадна инфляцид нөлөөлөхгүй гэдгийг сануулж байв.
 
Энэ үеэр гишүүдийн тойргийн гурван тэрбум төгрөгийг төсөвт тараан байршуулсан гэсэн яриа байгааг тэднээс асуусан юм. Үүнийг гишүүд үгүйсгэж, хэрэв тэгсэн бол төсөв танах нь утгагүй байсан гэж байв. Ирэх жил монгол төгрөгийн ханш унана гэсэн яриа байгааг няцааж харин ч төгрөгийн ханш чангарах боломжтой гэсэн хариултыг Л.Хаянхирваа дарга өгөв. Монгол хүний цалинг сарын 1000 ам.долларт хүргэх боломж алсдаа байгаа гэнэ. Монголбанк төсвийн анхны төслөөс нэг их наяд төгрөгөөр бууруулсан төсөв баталбал 2012 онд инфляцийг нэг оронтой тоонд барих бололцоотой гэсэн. Тэр ёсоор болгосныг ч онцлов.

Д.Ганхуяг гишүүн төрийн бүтэц данхайсан байгааг онцолсон. Төсвөөс цалин авдаг 215-216 мянган хүн байгаа нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тооноос 20 гаруй мянгаар илүү гарсан байна. Төрөөс нийгмийн даатгал төлдөг иргэдийн тоогоор энэ нарийн тоог гаргаж авсан ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж