Нийслэлийн шилдэг 1000 санхүүч чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдэг 1000 санхүүч чуулж байна

Нийслэлийн санхүү, бүртгэл, эдийн засгийн тэргүүний ажилтны 5 дугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

Монгол Улсад санхүүгийн алба үүсэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс санаачлан зохион байгуулж буй зөвлөгөөнд нийслэлийн шилдэг 1000 санхүүч оролцож байна.

Тус зөвлөгөөнөөр нийслэл хотын хөгжлийн өнөө үед нягтлан бодох бүртгэл, статистик тайлан мэдээ, төсөв, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг хангаж, нөхцөл байдлаа бодитойгоор үнэлэн, цаашид бүртгэл, санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын чиг хандлагаа тодорхойлох юм. Монголын анхны таван яамны нэг нь байсан сангийн буюу мөнгөний яам байгуулагдахтай зэрэгцэн хүрээ хотод анхны санхүүгийн байгууллага байгуулагдаж, иргэдээс татвар хурааж, 38 мянган янчааныг улсад тушааж байжээ.

Энэ үеэс нийслэлийн бүртгэл, санхүүгийн байгууллагууд үүсч өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 223.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилд 119.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж, эгнээндээ 42 мянган бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтныг нэгтгэсэн мэргэжлийн том баг болон өргөжжээ.

“Ирэх жилээс нийслэл өөрийн орлогоо захиран зарцуулах боломж нээлттэй болж байгаа. Мөн нөгөө талаас Төсвийн тухай хууль энэ намрын чуулганаар хэлэлцэн батлагдвал нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөхөөс гадна мөнгөний бодлого барьж байгаа та бүхний ажлын ачаалал, хариуцлага маш их нэмэгдэнэ.

Тиймээс ирж буй ачааллыг мэдрүүлж, цаашид нэмэгдэх хөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг дээшлүүлэх арга барилд сургахад энэ зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байгаа гэдгийг тус зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр онцолсон.

Мөн Сангийн сайд С.Баярцогт санхүүчдэд хандаж хэлсэн үгэндээ “төр засгаас орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах талаар олон ажил хийж байгаа бөгөөд дэвжүүлж буй санхүү, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэгчид нь та бүхэн” гэдгийг цохон тэмдэглээд төсөв, санхүү, хөрөнгө мөнгөний бүхий л асуудал түмний нүдэн дээр ил тод байхыг хүсэн ерөөсөн юм.

Мөн улсын хүн амын 50 шахам хувь оршин суух нийслэл хотыг хөгжүүлэх, санхүү мөнгөний бодлогыг зөв чиглэлд явуулж байгаа гэдгийг Сангийн сайд онцлоод “Эдийн засгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, “Санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, ахлах нягтлан Ж.Алтаргана нарын хүмүүсийг шагналаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж