С.Ламбаа сайд спортын мастер болов

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайд спортын мастер болов

Монголын боксын үндэсний шигшээ багийн 2011 оны тайлангийн хурал БТСГ-ын хурлын танхимд боллоо. Монголын олимпийн боксын холбоо 2011 оны хоёрдугаар сарын 13-нд шинэчилсэн зохион байгуулалтад орж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа билээ. Улмаар шигшээ багийн бүрэлдэхүүнд ч зохих шинэчлэл хийж, нийтдээ 19 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ жил нийтдээ олон улсын 25 тэмцээнд оролцож алтан медаль 10, мөнгөн медаль 24, хүрэл медаль 42-ийг авч, Лондон-2012 олимпийн хоёр эрх (П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ) хүртээд байгаа билээ. ДАШТ-ээс П.Сэрдамба хүрэл, Азийн АШТ-ээс У.Мөнх-Эрдэнэ алт, мөн бусад тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүжээ.

Тайлангийн хуралд Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.Ламбаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ҮШБ-ийн албаныхан, МОБХ-ны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид оролцлоо.

Сонирхуулахад, 1970-аад оны үед боксын тэмцээнүүдэд хөнгөн жинд МУИС-ийн багаас амжилттай тоглон оюутны спартакиадын аварга болж, улс хотын тэмцээнүүдэд шагналт байрт шалгарч явсан С.Ламбаа сайдад мөн өдөр Монгол Улсын спортын цол олгох зөвлөлийн шийдвэрээр боксын спортын мастер цол олгосныг гардуулан өгчээ.

Ц.Баатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж