Тусгаар тогтнол дархлаажсан учраас ардчилал үр дүнгээ өгсөн

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол дархлаажсан учраас ардчилал үр дүнгээ өгсөн

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монголын үнэн” сонины редакцид зочиллоо. Сонины  хамт олонд урам итгэл хайрласан халуун дотно үгийг Ерөнхий сайд С.Батболд харамгүй хэлж, итгэж дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Наян долоон жилийн тэртээ монголчууд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, дархлаагаа баталгаажуулж, Улсын анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Түүнээс гурван жилийн өмнө Монгол Ардын Нам байгуулагдаж, Ардын хувьсгалыг гардан зохион байгуулж, бүрэн эрхт тусгаар улсаа мандуулсан түүхтэй. Үүнээс хойшхи 90 жилийн турш Монгол Ардын Нам ямагт манлайлагч байсан хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн. Ингээд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын илэн далангүй, сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.

ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ Л ЦОХОЖ БУЙ ХЭРЭГ ЮМ

-Тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар Таны үзэл бодол юу вэ. Эх орноо туурга тусгаар, эрх чөлөөт орон болгосон түүхэн гавьяатай Монгол Ардын Намын даргаас авч буй ярилцлагаа энэ сэдвээр эхлэх нь зүйтэй болов уу?

-Тусгаар тогтнолыг Шекспирийн хэллэгээр “орших, эс оршихын” хэмжээний асуудал гэж үзэж болно. Учир нь тусгаар тогтноогүй бол дэл­хийн улс орнуудын хамтын нийгэмлэг хэмээх нэгэн гэр бүлийн гишүүн байж бид чадахгүй байсан. Мөн тусгаар тогтнолыг олсноор бид газар зүйн төдий ойлголтоос улстөр, олон улсын эрх зүйн субъект болон өссөн юм. Энэ утгаараа хамгийн үнэт зүйлсийн нэг. Ийм ч учраас тусгаар тогтнол хэмээх энэхүү энгийн мэт ойлголтын төлөө бидний өвөг дээдээс хувь хүнд заяах хамгийн үнэт зүйл болох алтан амиа ч өргөхөөс буцдаггүй байсан байх. Олон улсын нэгэн хурал дээр гадаадын нэр хүндтэй нэг эрдэмтэнтэй би уулзаж байсан. Тэрбээр “Монголчууд хоёр том гүрний дунд оршдог атлаа тусгаар тогтносон улс хэвээр үлдсэн үнэхээр азтай ард түмэн. Ард иргэдийнх нь зовхи өөдөө, тусгаар тогтносон улсын ир­гэн гэдгээрээ бахархаж байгаа нь аз жаргалтай, атаархал төрүүлэм харагд­даг. Хэдийгээр би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хаана ч очсон хүмүүс намайг хүндэтгэдэг ч би хувьгүй хүн. Өөрийн гэсэн эх оронгүй, цагаач хүн шүү дээ” гэж хэлсэн нь миний сэтгэлээс ер гардаггүй юм. Хэчнээн чадалтай, эрдэмтэй хүн байгаад тусгаар тогтносон бүрэн эрхт улсын иргэн биш л бол зүрх, сэтгэл бүрэн бүтэн байдаггүйг би тэр хүнээс мэдэрсэн. Ийм үнэ цэнэтэй аугаа зүйлийг Монгол Ардын Нам, бидний өвөг дээдэс өнөөгийн бидэндээ өвлүүлж дээ. Харин тусгаар тогтносон улсыг хүлээж авсан бид хэрхэх ёстой вэ. Бид үүнийг баталгаажуулж байх ёстой. Ийнхүү баталгаажуулахдаа эн тэргүүнд шийдвэрлэх ёстой зүйл бол зөв нийгмийг цогцлоох явдал юм. Тусгаар улс байна гэдгийг бусад улс, хөршөөсөө хилээр зааглагд­сан төдийгөөр ойлгох учиргүй. Боловсролтой, ажилтай, орлоготой ард иргэдтэй болохгүй л юм бол тусгаар байхын эд хавыг тун дутуу ашиглаж байна гэсэн үг. Тийм ч учраас тусгаар тогтнолыг улстөр, эдийн засаг, соёл, зан заншил, монгол хүний хөгжил гээд олон өнцгөөс авч үзэх ёстой юм. Монгол Ардын Нам уг ойлголтод яг ингэж хандаж ирсэн улстөрийн хүчин. Бид ХХ зуунд эдийн засгаа богино хугацаанд хөгжүүлж, дундад зууны тогтолцоог халаагүй сэн бол тусгаар тогтнол доголдох байсан. Бид орчин цагийн эрүүл мэнд, боловсролын тогтолцоог социализмын хэмээх тодотголтой он жилүүдэд нэвтрүүлээгүй бол Монголын хүн ам өдий зэрэгт өсөх суурь тавигдахгүй л байсан.

Бид тусгаар тогтнолыг дотооддоо бэхжүүлээд зогсохгүй гадаад талдаа зогсолтгүй баталгаажуулан дархалсан. Гадаад дархлааг манай нам XX зууны турш бэхжүүлж ирсэн. Эдүгээ бид 150 гаруй улстай дипломат харилцаатай. Энэ бол биднийг 150 гаруй улс тусгаар улс хэмээн нөхөрсөж байгаа гэсэн үг. Дархлааг бэхлэх ажил эдүгээ ч зогсоогүй, зогсох ч үгүй.

Тухайлбал, энэ жил бид НҮБ-д элссэний 50 жилийн ойгоо тэмдэглэх баярын хүрээнд тус байгууллагын Нью-Йорк дахь төв байранд монгол зан заншил, өнөөгийн болон уламжлалт соёл урлагаа толилуулсан томоохон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний ард нөгөө л тусгаар тогтнолын эрч чангалж байгаа юм. Тусгаар тогтнолд эдийн засгийн хөгжил чухал ач холбогдолтой. Бид хөгжиж гэмээ нь монгол хүн өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, хараат бус амьдралтай байх болно. Сингапур, Монако, Кувейт, Катар, Норвеги гээд жижиг хэрнээ том нэр хүндийг олсон улс орнууд цөөнгүй байна. Монголчууд бид тэдгээрээс огт дутахааргүй суурь өгөгдөхүүнтэй. Тиймээс энэ болом­жийг бодит үр дүн болгох амаргүй боловч нэр хүндтэй үүргийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайдын хувьд надад монгол түмэн ногдуулж дээ гэж би боддог. Бид зөв бодлого хэрэгжүүлж, улс орноо зөв зүгт залуурдах үүрэгтэй. Үүний төлөө би бүх хүчээ дайчлан хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа, цаашид ч ийнхүү ажиллах болно.

-Тусгаар тогтнол гэхээс намынхаа байрыг яагаад “Тусгаар тогтнолын ордон” гэж нэрлэв?

-Монгол Ардын Намыг тусгаар тогтнолтой шууд холбохоос өөр аргагүйг түүх гэрчилж байгаа. Тусгаар тогтнолын төлөө Монголын олон үеийн түүхэн зүтгэлтнүүд тэмцсэн. Гэх­дээ бодит үр дүнд хүргэсэн нь Монгол Ардын Нам. 1990-ээд онд Монгол Улс тусгаар тогтносон байсан учраас ардчилал үр дүнгээ өгсөн. Тусгаар улс учраас л бид илүү бодитой, эрх ашгаа хамгаалж хөгжиж чадаж байгаа юм. Бид тусгаар тогтносон байгаа учраас газрын баялгаа өөр хэн ч биш зөвхөн монголчууд бид мэдэж байгаа юм. Монгол Ардын Нам 1921 онд Монгол орныг де факто тусгаар тогтнуулчихаад орхиогүй. Түүнээс хойш манай нам л дэлхийн их гүрнүүдийн урдуур, хойгуур гүйж байж 40 жилийн дараа тусгаар тогтнолоо эцэслэн эрх зүйн хувьд баталгаажуулсан. 1921 онд журамт цэрэг, арга билгийн хү­чээр, 1961 онд уран дипломат үйл ажиллагааны хүчээр бид тусгаар тогтнолоо эцэслэн олж авсан. Тэгэхээр манай намын шинэ байрыг “Тусгаар тогтнолын ордон” хэмээн өргөмжлөх нь түүхийн бодит үнэнийг л цохож буй хэрэг юм. Энэ санааг намын байрны шав тавих ёслолын үеэр би У.Хүрэлсүх даргад хэлж байсан. Бид хоёр ийм нэр өгөх нь зүй ёсны бэлгэдэлтэй юм болов уу л гэж бодсон. Гэхдээ тусгаар тогтнолыг хэн нэгэн өмчлөх тухай яриад байгаа юм биш шүү. Тусгаар тогтнолыг Монгол Ардын Нам бүх ард түмэндээ өргөн барьсан болохоор энэ бол бид бүгдийн үнэт зүйл.

-Өнгөрсөн жил Монгол Ардын Намын XXVI их хурал болсон. Хурлаар намын үзэл бодолд тодотгол хийсэн. Нийгмийн ардчилал гэдэг хэллэг Монголын улстөрд анх орж ирсэн. МАН бол зүүний үзэлтэй нам. “Зүүнээс нар манддаг, зүрх зүүн талдаа цохилдог” гэдэг үг бий. Энэ шинэ хэллэг, намын үзэл баримтлалын талаар ярихгүй юу?

 -Зүүн төвийн нам гэж юу вэ, нийгмийн чиг баримжаа, үзэл баримтлал гэж юу вэ гэдгээр шинжлэх ухааны үндэслэл яривал олон зүйлийг хэлж болно. Энгийнээр хэлбэл манай намын бодлогын мөн чанар нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхдээ нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг хангах ёстой гэдгийг онцолж байдагт оршиж байгаа юм. Нийгэм баялаг буяныг хуримтлуулан урагшлахдаа ардаа хэнийг ч хоосон бууцан дээрээ үлдээхгүй л гэсэн санаа юм шүү дээ. Хэрэв үлдэхээр бол нийгэмд хуримтлагдсан баялгаас төр дахин хуваарилалт хийж, тэдгээр хүмүүсээ дэмжин хамтдаа урагшлахыг л хэлээд байгаа юм. Гэхдээ энэ нь зүгээр л хүмүүсийг тэтгээд байна гэсэн үг бас биш юм. Гол нь зүүн төвийн баримжаатай нам бол боловсролын тогтолцоог сайжруулан, ажлын байрыг нэмүү хэмжээгээр бий болгосноор нийгэмд ажилтай, орлоготой дундаж давхаргыг л түлхүү бий болгохыг зорьж байдаг юм. Энэ үүднээс аваад үзвэл Кембрижийн загварт тулгуурласан боловсролын тогтолцоог нэвтрүүлэх гээд байгаагийн цаад учир нь өрсөлдөх чадвартай боловсон хүчинг бий болгох гэсэн манай зүүн төвийн үзэл бодлын л тусгал юм гэж ойлгож болно. Дундаж давхарга нийгэмд бүрэн зонхилж, орлогын хэт ялгаа арилахын хэрээр шударга зарчим зонхилно гэж бид үздэг. Харин эдгээрийг хэрэгжүүлэхэд зохистой төрийн бодлогоор нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг дэмжих нь чухал. Ер нь зах зээл дангаараа бүгдийг зохицуулчихдаг “үл үзэгдэгч гар” тэр бүр байж чаддаггүйг манай сүүлийн 20 жилийн түүх бас тод харуулсан гэж боддог. Тийм ч учраас барууны үзэл суртлыг номлодог манай өрсөлдөгч нам маань “бэлчээрээ” сэлгэн манай нугад орж ирэн нутаглаад хоёр сонгуулийн нүүрийг үзэж байгаа юм биш үү.

-Монгол Ардын Намын гишүүдийн тоо 200 мянгад дөхсөн байгаа. Хамгийн сүүлд Танаас “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав 199522 тоот батлах гардсан. Намын эгнээ ингэж өргөжин тэлж байгаа нь олон түмэн үнэхээр Монгол Ардын Намыг дэмжиж байгаагийн илэрхийлэл үү, эсвэл гишүүний тоонд тэгтэл анхаараад байна уу?

-Аливаа юм хоёр зүйл дээр л тогтдог. Тоо, чанар. Манай нам уугуул нэрээ сэргээхдээ Монгол Ардын Нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэдгээ зарласан. Уугуул нэрээ сэргээсний дараа манай намыг гэсэн чиг хандлага ялангуяа, залуучуудын зүгээс эрс нэмэгдсэн. Батлах шинэчлэх үед зарим аймгаас тав, заримаас нь хоёр, гурван мянгаар нэмж батлах авах санал ирж байсан. Үнэхээр Ардын намд орох чин хүсэлтэй хүн олон байгаа учраас л тэр. Зөвхөн уугуул нэрээ сэргээснээс хойш 30 орчим мянган хүн манай намд элссэн нь олон нийт биднийг, ма­най намын үйл ажиллагаа, үзэл бодол, шинэчлэлийг дэмжиж байгаа алхам гэдгийг нотолж байгаа юм. Энэ нам үнэхээр ард түмний нам мөн үү, биш үү. Ардын хүүхэд энэ намын гишүүн байж болно биз дээ. Тэгэхээр Монголоо гэсэн сэтгэлтэй, шударга ёсыг эрхэмлэгч Монгол Улсын иргэн л бол манай үүд хаалга хэзээд нээлттэй. Манайд өнөөдөр асуудлыг шүүмжлэх, лоозогнохоос илүү хийе, бүтээе гэсэн чин сэтгэл, мэдлэг чадвартай залуучууд олон болж байна. Нэг талаас, ийм залуучуудаар нам эгнээгээ тэлж, нөгөө талаар ахмадынхаа туршлага, сургаалийг дагаж сонсч явдаг нь манай намын мөн чанар юм. Энэ уламжлал, шинэчлэлийн зарчим манай намд байсаар ч ирсэн, цаашид ч хадгалагдан хөгжинө гэдэгт би итгэл­тэй байна. Уугуул нэрээ сэргээснээс хойш орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд манай намаас нэр дэвшигчид ялалт байгуулсаар байгаа нь ч ард түмний итгэл, дэмжлэгийн тод илэрхийлэл болов уу.

ХӨГЖЛИЙН МОДОО БОДЛОГОТОЙ “ТАРЬЖ” ЭХЭЛСЭН


-Шинээр мэндэлсэн МАХН гэдэг нам засгийн эрх мэдлийг хууль бусаар авах асуудлыг ил тодоор ярьдаг болсон. Нийгмийн сэтгэл зүйг бага багаар өөр зүйлд дасгаж байгаа нь харанга дэлдэж байгаа хэрэг мөн үү. Та үүнд ямар нэгэн дүгнэлт өгч байна уу?

-Ардчилсан нийгмийн суурь зарчим бол хууль дээдлэх зарчим. Нийгмийн шударга ёсыг хэн ч хуулиас гадуур тогтоох учиргүй. Бид ардчилал, зах зээлийн нийгмээ дараагийн шатанд нь төлөвшүүлэх ёстой. Ардчиллын институц, соёл, иргэний нийгмийг төлөвшүүлж, хууль дээдлэх ёс зүйгээ илүү баталгаажуулахын тулд бид багагүй ухаан зарж, зөв ярьж, зөв үйлдэл хийх ёстой гэж боддог. Энэ 20 жилд биднийг дэмжиж ирсэн олон улсын хамтын нийгэмлэг, улс орнууд монголчууд биднийг ардчиллыг улам бэхжүүлэх дараагийн шатандаа орох хэрэгтэй, үүнд чинь дэмжлэг үзүүлье гэж байгаа. Гэтэл хаа хол орших, нийгмийн тогтолцоо, нийгмийн сэт­гэл зүй гээд бүх юмаар өөр ойрхи Дорнод юм уу, Хойд Африктай улс орноо жишин зүйрлэж, ард түмнийг бухимдуулсан, турхирсан, төрийн эсрэг гэж хэлж болох Үндсэн хуулийн эсрэг үг яриаг, ийм үйлдлийн сэдэл өгөхийг бид хэрхэвч хүлээн зөв­шөөрч, аялдан дагалдаж болохгүй. Эрх мэдэлтэй байхдаа ийм зүйл бол буруу гэж ярьдаг байснаа эрх мэдэлгүй болохоороо огт өөр юм ярина гэдэг гажуудал юм. Манай нам үеийн үед төрийн нуруу төвшин, төр өөрөө хариуцлагатай байх ганцхан зарчмыг баримталж ирсэн. Цаашид энэ зарчмаа л баримтална. Улстөрийн хүчнүүдэд хэрэв үзэл бодлын ялгаа, зөрүү байгаа бол тайван амгаланаар хэлэлцэж, зөв­шилцөж байгаад илүү зөв, илүү ирээдүйтэй, улс оронд цаашдаа илүү ашиг тустай хувилбараа бид олж байх ёстой. Бодит амьдралын хэрэгцээнээс гадуур, түүнээс дээгүүр улстөржилт улс оронд ашиг тусаа өгөхгүй ээ. Бэрхшээлийг хөөрөгдөж тогтворгүй байдал үүсгэх зорилгоор нийгмийн сэтгэл зүйгээр тоглох гэж оролддог, мэдэгдэл хийдэг, уриалга гаргадаг зэрэг үйлдлүүдээс сайн зүйл гарахгүй, харин ч улс орны хөгжилд, ардчиллын хөгжилд чөдөр тушаа л болно гэдгийг бодит амьдрал бидэнд харуулж байна. Иймд манай нам нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогоо тууштай баримталсаар байна.

-Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байгаа вэ?

-Сайн байгаа. Одоо 80 гаруй хувийн биелэлттэй явж байна. Их хурал болон орон нутгийн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг зөвхөн зоосны нүхээр харан хэмжих нь өрөөсгөл. Амласан учраас мөнгөтэй холбоотой асуудлуудыг биелүүлнэ. Үүнээс гадна салбар бүрт эрх зүйн орчныг илүү тодорхой, нээлттэй болгох, монгол хүн эх орондоо сэтгэл хангалуун ажиллаж амьдрах боломжоор хангах, эдийн засгийн том төслүүд хэрэгжүүлэх гээд хэрэгжиж эхэлсэн, хэрэгжүүлэхээр бодлого гаргасан олон асуудал бий. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн мө­рийн хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлд хийж хэрэгжүүлэхээр 4889 заалт бүхий багц асуудлуудыг дэв­шүүлэн ажиллаж байгаа бөгөөд түүний биелэлтийг гаргаж үзэхэд 66-93 хувийн биелэлттэй байна.Ер нь манай нам хөгжлийн төлөвлөлттэй болох ёстой гэж үзээд ирээдүйн 20 жилийн хөгжлийн төсөөллөө гаргахаар ажиллаж байна. Би хөгжлийн мод тарья гэж хэлэх дуртай. Энэ хөгжлийн модыг олон улсад хүний хөгжлийн индексээр хэмждэг болчихсон. Хүний хөгжлийг эрүүл мэнд, боловсрол, ажил орлого, амьдрах орчин гээд бүх зүйлээр нь хэмжиж байна. Үүний зэрэгцээ дэлхийд өрсөлдөх чадварын индекс хэмээх үзүүлэлтээр эдийн засгийн тогтолцоог хэмжиж байна. Бидний тарих мод энэ үзүүлэлтээр ч тэргүүлж л байвал зохино. Тийм учраас хөгжлийн модоо шинжлэх ухааны үндэслэлд суурилуулж, бодлоготойгоор “тарьж” эхэлсэн. Дөр­вөн жилээр нэг мод тариад, тэр нь шарлаж унаад, дахиад л шинэ мод тарина гэвэл хайран. Тэгвэл бид үндэс суурь сайтай мод тарьчихвал салаа мөчир нь улам л сагсайна. Түүнээс биш гэнэт хувьсгал гаргана гэж давхиад, эсвэл эдийн засгийн хувьсгал гэж нэг яриад, цуст хувьсгалд хүртэл уриалаад савладаг савлагаа бол тогтвортой хөгжлийн үндэс суурь биш юм. Манай нам тулхтай, тооцоотой, зарчимтай, системтэй улстөрийн хүчний хувьд улс орныхоо хөгжлийг шинжлэх ухаа­ны үндэслэлтэй урт болон дунд хугацаанд харсан төлөвлөлт төсөөлөлтэй байх ёстой. Үүн дотор инфляц, зээлийн хүү, мөнгөний нийлүүлэлт зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэрхэн зохицуулж, улс орны өсөлтийг тогтворжуулах вэ гэдэг асуудлуудыг мөн тусгасан байх учиртай. Энэ л зарчмаар ажиллаж байна даа.

ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БОЛ АМЖИЛТЫН ЭХ СУРВАЛЖ


-Монгол Ардын Нам улстөрийн болон төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүстэйгээ ёс зүйн болон үйл ажиллагааны хувьд хариуцлага тооцох асуудал бол зарчмын ойлголт гэж бодож байна. Энэ талаар Та намын даргын хувьд ямар байр суурь баримталдаг вэ?

-Хариуцлагын тогтолцоо бол амжилтын эх сурвалж. Шударга ёс ч мөн үүн дээр тогтоно. Төрийн өндөр албан тушаалд очно гэдэг бол эрх ямбын тухай асуудал биш. Харин ард иргэдэд үйлчлэх тусгай боломж юм. Гэтэл үүнийгээ умартаад буруу зөрүү зүйлс хийчихээд хариуцлагаас эцэст нь зугтана гэвэл зүйд огт нийцэхгүй. Ийм зүйлийг би хэрхэвч дэмжихгүй. Буруу зүйлийг хийчихээд бас ёс зүйн дутагдал гаргасан байвал хариуцлагын хэмжээ нэмэгдэх ёстой. Энэ ч үүднээс бид МАН-ын бага хурлаараа ёс зүйн дүрмээ шинэчлэн батлах гэж байна. Шинэчлэх нэг хэрэг, харин өдөр тутам хэрэгжүүлнэ гэдэг бол бүр нарийн асуудал. Тэгэхээр үүнийг ажил хэрэг болгоход манай намын бүх гишүү­дийн оролцоо туйлын чухал. Тэгээд ч зогсохгүй манай ард иргэд ч өн­дөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг нягт хянаж, алдаа дутагдал гаргавал тухай бүрт нь сануулан шүүмжилж байвал тустай. Ямартай ч эвлэрч л хэзээ ч болохгүй. Энэ дашрамд бас нэгэн зүйлийг хэлмээр байна. Алдаа дутагдал гаргахгүй зүгээр л мөрөөрөө, гал алдалгүй явлаа гээд албан тушаалтнуудын толгойг бас илэх бодолгүй байдаг. Намын итгэл хүлээж том ажилд очсон бол амжилт ахиц гаргахын төлөө зүтгэх ёстой. Ажилдаа бүтээлчээр, шинэлэгээр хандаж чадахгүй байгаа бол зохих үнэлгээ дүгнэлтийг нь өгч шавдуулан ажиллахыг бас эрхэмлэнэ. Ингэсний дараа ахиц ажиглагдахгүй бол хариуцлага тооцох л асуудал сөхөгдөнө шүү дээ.

-Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоор Ардын нам хэд хэдэн санаачлага гаргасан. Гэтэл энэ хуулиа баталж амжихгүй нь, хуучин хуулиараа явах нь гэсэн яриа гарч байна. Сонгуулийн хуулиа ер нь батлах болов уу?

-Сонгуулийн хуулийг илүү тодорхой, боловсронгуй болгох, намуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр холимог тогтолцоонд шилжих нь улстөрийн шинэтгэлийн нэг алхам болно гэж МАН үзэж, тогтолцоог шинэчлэх саналыг анх дэвшүүлсэн. Тийм ч учраас ойлголцож, зөвшилцөж, хууль батлах үйл явцыг аль болох ахиулах юм сан, эцсийн шийдэлд хүрэх юм сан гэж хичээж чармайж ирсэн. Асуудал мухардмал байдалд орох нөхцөл бай­дал үүсэхэд ард түмнээсээ асуух санаачлага хүртэл гаргасан. Сонгуулийн хуу­лийн холимог тогтолцоо давуу талтай гэж үзэж улстөрийн намууд харилцан ойлголцож дэмжиж байгаа. Тийм учраас сонгуулийн хууль батлагдана. Шинээр батлагдах хуулиа ягштал хатуу чанд хэрэгжүүлэх нь маш чухал. Хуулийг гуйвуулдаг, маргадаг, улмаар ялагдлынхаа хаалт, шалтгаан болгож ярьдаг үзэгдэл арилах ёстой.

-Хамтарсан Засгийн газар янз бүрийн шүүмжлэлд өртдөг. Гацаанд байсан олон том төслийг хөдөлгөөнд оруулж, олон ажлыг амжуулсан учраас алдаанаас оноо нь илүү байх. Одоо бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ богино хугцаанд заавал хийж амжуулах ямар ажил байна вэ?

-Эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч, манлайлагч, зохион байгуулагч улстөрийн хүчний хувьд Монгол Ардын Нам хамтарсан Засгийн газрыг байгуулах санаачлага анх гаргасан. Хоорондоо тэмцэлдэж, бие биеэ үгүйсгэсээр явбал эдийн засгийн дорвитой шинэчлэл гарахгүй, хөгжлийн бодит боломжуудыг алдаж өнгөрөөсөөр байна гэдгийг өнгөрсөн 20 жил бидэнд мэдрүүлсэн учир ийм шийдвэр гаргасан. Зөв шийдвэр байсан нь өнөөдөр нотлогдож байна. 2011 оны гуравдугаар улиралд эдийн засаг 17 орчим, оны эцэс гэхэд 20 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Хамтарсны үр дүнд Оюутолгой, Тавантолгойн төслүүд бодитоор хэрэгжиж, төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ төслүүд гараанаас гарч, 100 мянган айлын орон сууц зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

“Атрын III аян”-ы хүрээнд энэ жил олон жил авч байгаагүй тариа ногооны ургацаа хураалаа. 2011 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг чухалчилж 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болсон байна. Хүний хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс анх удаа дундаж үзүүлэлттэй орнуудын тоонд багтлаа.

Эх орны баялгаас хувь хишиг хүргэх мөрийн хөтөлбөрийн заалтын дагуу “Хүний хөгжил сан”-г 2010 онд байгуулж, иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх зорилтоо хэрэгжүүлж байна. Цаашид 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ “Хүний хөгжил сан”-гаас үлдэж байгаа нэг сая төгрөгийг оны эхний хагаст багтаан бэлнээр олгохоор шийдвэрлээд байна. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн орлого зарлагыг уул уурхайн үнийн хэлбэлзлээс тусгаарлах бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Төрийн байгууллагуудад авлига хээл хахуул, хамаг муу муухай юмны эхлэл нь болоод байгаа худал­дан авалтын тогтолцоо, өөрөөр хэлбэл тендерийн тогтолцоог бүрэн шинэчилсэн хууль батлууллаа. Хийж амжуулсан гол ажлаас цөөн хэдийг дурдах юм бол ийм байна. Харин одоо бидэнд хэдхэн сар үлдээд байна. Засгийн газрын, тэр дундаа манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх хугацаа ойртож байна гэсэн үг. Иймд 2012 оны төсөвтөө мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсрол, эрүүл мэнд, зам, эрчим хүч, нийгмийн халамжтай холбоотой олон асуудлыг шийдэх саналыг оруулж, ялангуяа орон нут­гийн түвшинд шийдэх тодорхой бү­тээн байгуулалтын ажилд онцгой анхаарсан. Нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг эцэслэж, холбогдох хуулийг батлуулах ёстой. Цаашдаа бэлэнчлэх сэтгэлгээг зөвшөөрч, өөгшүүлэхгүй. Энэ бол жинхэнэ байгалийн хараал, сүйрлийн эхлэл болно. Бид баялгийн шударга ёсны хуваарилалт хийх зарчимд шилжих ёстой. Тэр нь нийгмийн тодорхой шаардлагатай хэсэгт халамжаа төвлөрүүлж харин иргэн бүр хөдөлмөрлөж, бүтээх боломжоо ашиглаж хөгжсөн улс болох явдал юм. Дээрх арга хэмжээ, үйл ажиллагааны зэрэгцээ эдийн засгийг хөгжлийг дэмжих бас нэгэн шинэлэг алхмыг бид авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь хөрөнгийн биржийн тогтолцоог боловсронгүй болгож, идэвхжүүлэх явдал юм. Үүнийг бид Лондоны хөрөнгийн биржтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ бол амаргүй ажил болох нь тодорхой. Наад зах нь компанийн засаглалыг сайжруулах хэрэгцээ эн тэргүүнд гарч байгаа юм. Цаашлаад ер нь улс орны засаглал ч бас боловсронгүй болох юм. Ийнхүү өөр хоорондоо авцалдсан цагийн механизм шиг ажилладаг тогтолцоог бий болгож байж л бид хөгжлийг тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлүүлэх чадавхитай болох юм.

БОДЛОГО МАШ ТОДОРХОЙ


-Стратегийн ордууд түрүүчээсээ ашиглалтад орж байна. Оюутолгой ашиглалтад орох гэж байна. Тавантолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Гэтэл уул уурхайн ордуудыг ашиглах төрийн нэгдсэн бодлого байхгүй гэсэн шүүмжлэл байдаг. Зарим тохиолдолд амьдрал дээр ч ийм л байна. Уул уурхайн бодлого дээр томъёолсон зүйл бий юу?

-Бодлого маш тодорхой. Томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үсрэнгүй хөгжлийн гараанаасаа хөдөлнө. Энэ зорилтоо бид амжилттай хэрэгжүүлж байна. Уул уурхайн салбараа түшиглэж зам, төмөр зам, цахилгаан, харилцаа холбоо, ус гэх зэрэг дэд бүтцийн салбарт томоохон төслүүдээ эхлүүлнэ. Эдгээр төслүүд нь дан ганц уул уурхай биш бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах боломжийг нээх учиртай. Энэ зорилтоо хэрэг­жүүлэх хууль эрхзүйн орчноо бүр­дүүлж, бодитоор хэрэгжүүлж эхэл­лээ. Цаашид уул уурхай дээрээ түшиглэсэн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хан­дуулж, төрөөс дэмжих бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Бодлогын хэрэгжилт үүгээр зогсохгүй. Бид мэдлэгт тулгуурласан эдийн засгийн хөгжлийн суурийг хөгжлийн яг энэ далайцтай мөчийг ашиглан тавьж эхлэх ёстой юм. Энэ бүх ажлыг амжуулж байж тогтвортой өсөлтийг хангасан эдийн засгийн бүтэц бий болно. Хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү, цаг хугацаа шаардсан ажил л даа. Эхнээс нь эхлээд явахад ямар их бэрхшээл, саадтай тулгарч байгааг бүгдээрээ л харж байна.

-Тавантолгой хэзээ ашиглалтад орох вэ?

-Засгийн газар бодлогоо гаргаж, УИХ-аар тогтоол шийдвэр гаргуулаад Тавантолгойн ордын асуудал урагштай хөдөлж байна. Тавантолгойн орд газар эдийн засгийн эргэлтэд орж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс олборлолт, экспортоо эхэлсэн. Энэ ондоо л гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлнэ. Монгол Улсын иргэн бүрийн нэрийн дансанд энэ компанийн 536 ширхэг хувьцааг шилжүүлэх шийдвэр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаат компани болж хувьцаа нь арилжаалагдсан өдрөөс эхлээд нэгж хувьцааны бодит үнэ тодорхой болно Бидний төлөвлөж буйгаар ирэх оны хавар олон улсын болон Монголын хөрөнгийн бирж дээр зах зээлд гарна. Харин УИХ-ын тогтоолд заасны дагуу олон улсын консерциумтай гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг одоо хэрэгжүүлж байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд УИХ-д асуудлыг танилцуулж шийдүүлнэ.

-Их хөгжлийн хөрс суурь хамтарсан Засгийн газрын үеэс тавигдсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Улс орны амьдралын гол цөм болсон нийслэл Улаанбаатарт утааны болон замын түгжрэл гэсэн хоёр том бэрхшээл байдаг. Засгийн газар тодорхой бодлого гарган эхнээсээ хэрэгжиж эхэлсэн ажил бий. Гэхдээ хот утаанаасаа салж, зам түгжрэхээ болих цаг хэзээ бол гэсэн асуулт зайлшгүй тавигдаж байгаа?

-Нийслэлд бэрхшээлгүй асуудал байхаа больсон гэхэд хилсдэхгүй. Утаа, замын түгжрэл гарцаагүй гамшгийн хэмжээнд хүрч хурцадсан асуудал. Эдгээр асуудлыг олон жил ярьж бүгд л утаатай тэмцье, аян дайн зарлая гэж уриа лоозон ярьсан болсон боловч хэрхэн яаж шийдэх, ямар технологи хэрэгжүүлэх вэ гэдгээ боловсруулаагүй явж иржээ. Иймд УИХ-аар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг өргөн барьж батлуулсны дагуу цогц арга хэмжээ авч эхэллээ. Бүрэн шаталттай зуухыг Улаанбаатар хотын 30 мянган айлд өнөөдрийн байдлаар суурилуулж, хойтон жилийн эцэс гэхэд хагас коксжсон түлш үйлдвэрлэх анхны томоохон үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна. Засгийн газраас “Цэвэр агаар сан” байгуулж утаа багатай түлш, цахилгаан, хийн халаагуурыг санхүүжүүлж байна. Мэдээж, өргөс авчихсан мэт зүгээр болчихно гэж байхгүй, гэхдээ дэс дараатай асуудлаа шийдээд явж байх нь чухал. Хотын замын хувьд өнгөрсөн жил улсын төсвөөс хөрөнгө гаргаж олон замыг шинэчилж зассаныг иргэд маань харж байгаа. Ирэх жил 200 орчим тэрбум төгрөгийн орлогыг хотдоо төвлөрүүлж үлдээхээр шийдэж байгаа тул замын ажил урьд өмнө хэзээ ч байгаагүй эрчимтэй хийгдэх ёстой. Үр дүн нь ойрын жилүүдэд мэдрэгдэж, утаа эрс багасч, замын хөдөлгөөний түгжрэл ч багасна. Ирэх оны намар, өвөл гэхэд мэдэгдэх ёстой.

-Ерөнхий сайдыг болон Засгийн газрыг огцруулах асуудал байнга яригддаг. Энэ нэг талаар ардчилсан нийгэмд байх л үзэгдэл байх. Харин та үүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Таны хэлдгээр ардчилсан нийгэмд байх л үзэгдэл гэж хүлээж авдаг. Монгол түмний эрийн ёс, гэрийн ёс, төрийн ёс хэзээ ч алдагдах ёсгүй. Хувийн амьдралдаа ч, улс төрийн ажилдаа ч зарчмаа хадгалж, монгол төрийн түвшин амгалан байдлыг хадгалахын төлөө ажиллаж байна.

-Х.Баттулга сайд танхимынхаа ажлыг шүүмжилсэн ярилцлага өгсөн. Танхимын нэг сайд ганцаарчилсан тоглолт хийснийг Ерөнхий сайдын хувиар яаж хүлээж
авсан бэ?

-Танхим нэг л зарчмаар ажилладаг. Танхимын зарчмаар ажиллах ёстой шүү гэдгийг Засгийн газрын гишүүдэд зориуд анхааруулж байгаа.

БИДНИЙ АМ, АЖИЛ НЭГ БАЙХ УЧИРТАЙ


-Монгол хүний үнэ цэнийн тухай Та юу гэж бодож явдаг вэ. Өнөөдөр хүний мөс, хүн чанарын тухай их яригдах болжээ. Та энэ талаар залуустаа хандаж уриалга хэлнэ үү?

 -Монголчуудын ирээдүй өөдрөг гэрэл гэгээтэй байна. Бидэнд болж бүтэж байгаа зүйл их бий. Боломж ч их байна. Энэ боломжийг бодит биелэл болгох нь зөвхөн монголчууд биднээс хамаарч байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сайхан үг бий. Бид өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө мэдсэн шиг мэдэж, хичээсэн шиг хичээж амьдралаа сайжруулах боломж байгааг иргэн бүр ухамсарлан ойлгож хөдөлмөрч байх нь чухал юм. Бас бидний ам, ажил нэг байх учиртай гэж би үздэг. Ирээдүй үнэхээр сайхан байгаа гэдэгт итгэхийг залуучуудаасаа хүсье. Та бүгдийн ирээдүй гарт чинь байна. Ахмад үе маань бидэнд энэ сайхан эх орныг өвлүүлсэн. Харин бидний хувьд залуучууддаа түүнээс дутахааргүй ихийг өвлүүлэх юм сан гэсэн хичээл зүтгэл, сэтгэл байгаа шүү. Харин та нар минь хичээгээрэй, хамтдаа зүтгэвэл чадна шүү гэж хэлье.

-Таны бага нас хөдөө өнгөрсөн гэдэг. Тэр тухайгаа эргэн дурсвал…?

-Бага сургуульд байхдаа зуны амралтаараа Дундговь аймагт эмээгийндээ очдог байлаа. Биднийг зун амраадаг байсан, гэхдээ ажил хийлгэж амраадаг байж. Хурга, ишгээ хариулна, усална, ховоогоор ус татна. Тэр үед байгаль дэлхий одоогийнхоос арай өөр, сайхан байсан шиг санагддаг. Таана, хөмүүл үнэртээд л хур бороо жигдэрч байдаг нутаг сан. Өнгөрсөн зун томилолтоор явж байхад ихэнх нутгаар зуншлага сайхан болсон. Гэхдээ нийтдээ байгаль орчны доройтол нэлээд өндөр байна. Манай Засгийн газар үүнд хүн бүрийн анхаарлыг хандуулах үүрэгтэй. Тиймээс ч Өмнөговь аймагт байгаль орчны асуудлаар Засгийн газрын хуралдааныг анх удаа хийсэн. Монголчуудад хөгжлийн болон эдийн засгийн боломжууд бий. Гэхдээ нэг чухал зүйл нь байгаль эх дэлхийгээ хамгаалах юм. Үр хүүхдэдээ багаас нь эх дэлхий, байгалиа гэсэн сэтгэл, хүмүүжлийг олгоход эцэг эхчүүд бид онцгойлон анхаарах ёстой гэж боддог.

-Та Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Сагс ч сайн тоглодог шүү дээ. NBA-гийн тамирчдаас хүндэлж явдаг тамирчин бий юу?

-Байлгүй яахав. Би сагсан бөмбөгийн хоббитой. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Нийтийн биеийн тамир спорт их чухал ач холбогдолтой учраас дэмжих ёстой. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа урт болохоор заалны спортыг түлхүү дэмжих бодлого чухал. Эрүүл чийрэг байх орчин бий болгох нь бас чухал юм. Ерөнхий сайдын хувьд сагсан бөмбөгийн спортыг дэмжиж “Мөрөөдлийн баг” тоглолтыг санаачилсан. Энэ нь нийтийн биеийн тамир спортоор хүүхдийг хичээллүүлэх, зааланд тоглуулах зорилготой. Тэгэхгүй бол интернэт кафе ч юм уу, гэртээ компьютерийн ард сууж нүдний хараа нь муудаад, бие нь сулраад хөгжлийн доройтолд орлоо гэж аав, ээжүүд бид сэтгэл зовдог боллоо. Эрүүл чийрэг байх юм бол юуг ч мөрөөдөж болно. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрүүл л байх ёстой. Эрүүл байхын тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Үүнээс үүдэн “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг санаачилсан. Сум, баг, хороо, дүүргийн бүх шатанд энэ хөтөлбөрт хамрагдаасай. Ерөнхий боловсролын сургууль бүхэн заалтай байх зайлшгүй шаардлага байна. Тиймээс сургууль барихад спорт заалтай байх зарчмыг би хатуу хэлж байгаа. Мөрөөдлийн багийн нээлтийн үеэр “Заал авъя аа, Батболд ах аа” гээд биччихсэн байсан. Хүүхдүүд маань хүсч, тэмүүлж байгаа нь сайхан санагдсан. Америкийн NBA-гээс бахархдаг тамирчид олон бий. Онцгойлж нэг тамирчныг хүндэлж ирсэн. Тэр нь Майкл Жордан.

-Та хүүхэд байхдаа урлаг сонирхож байв уу. Таныг сайхан дуулдаг гэж сонссон?

-Бас ч гэж гайгүй байсан шүү /инээв/. Гэхдээ спортод илүү сонир­холтой. Бага байхад сургуулийн хүүхдүүдийг шинэ жилийн концертод оруулж хоорт зогсоогоод, хоолой хийлгээд дуулуулдаг. Би ч бас хоорт дуулдаг байсан. Би гэхээсээ илүү миний гэр бүлийн хүн урлагийг илүү дэмждэг. Урлагийг дэмжих “Төгөлдөр” сан байгуулсан. Мэдээж хэрэг би гэргийнхээ урлагийг дэмждэг зөв, мэдрэмжтэй, хэрэгцээтэй санаачлага төслийг сэтгэл зүрхээрээ дэмжиж явдаг. Ялангуяа Монголын сэргэн мандалтын үед хамрагдах сайхан, гэхдээ сүүлийн үед орхигдоод байсан урлагийн бүтээлүүдийг сэргээн тайзнаа дахин амилуулж буйг нь би Монголын урлагт, түүний түүхэнд өргөж буй хувь нэмэр гэж үнэлдэг.

-Ерөнхий сайдын ширээний ном ямар ном байдаг вэ?

-Сүүлийн үеийн залуучуудын ширээн дээрээ ном биш компьютер, Ipad л байдаг болчихжээ /инээв/. Дэлхийн хөгжилтэй хөл нийлж явах нь зөв л дөө. Гэхдээ номтой нөхөрлөхөө хойш тавьж болохгүй. Гайхалтай ном олон байдгийг залуус маань анзаарч, уншаасай гэж хүсдэг. Миний хувьд “Монголын нууц товчоо”-г биширдэг. Орчин үед олон улсын эдийн засгийн төлөвлөлтийг олж уншихгүй бол бас л нэг дутуу санагддаг. Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Милтон Фридманы “Капитализм ба эрх чөлөө”, Паул Кругманы “Зүүний үзэлтний чиг баримтлал” гэж ном бий. Ажил амьдралд нэмэр тус болох олон санаа эдгээр номонд бий. Хөгжлийн тухай бид гарцаагүй ярих ёстой. Сингапурын хөгжлийг их ярьдаг. “From the third world to the first”гэж англиар нэрлэсэн Сингапурын Ерөнхийлөгч асан Ли Куанг-ийн ном байна. Манайхан “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” гэж агуулгаар нь монголоор сайхан орчуулаад гаргасан байсан. Ер нь ном их унших дуртай. Орчин үе бидэнд гарцаагүй мэдээлэл авах, шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт хийх, бусдын хийсэн зөв зүйлээс, алдаанаас нь бас суралцахыг шаардаж байна. Сэтгэл хөдлөлөөр, нэг хоёр тохиолдлоор асуудлыг шийднэ гэвэл хэцүү. Дээр ярьсанчлан 10 юм уу, 20 жилээр нь төлөвлөдөг, суралцдаг тогтолцоо уруу орох, ардчилал, зах зээлийг дараагийн шатанд нь гаргах чухал цаг үед бид ирчихээд байна. Үүнийг манлайлах үүрэгтэй, хариуцлагатай байж чадах улстөрийн хүчин бол дахиад хэлэхэд Монгол Ардын Нам.

Зохиогчийн эрх: "Үнэн" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж