Хийлийн уянгаар чимсэн “Virtuoso-2011”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Хийлийн уянгаар чимсэн “Virtuoso-2011”

“Virtuoso-2011” эхэллээ. Сонгодог урлагийн увидас гэмээр үзэгчид чимээ гаргахаас эмээн, амьсгаа даран хүлээх аж. Дуурийн театрын хөшиг нээгдэж, танхимын гол гэрэл тайзны голд тусахад морин хуурч залуу байраа эзэлсэн байв. Тал нутгийн бахдал төүүлэм аялгууг хэзээ мөдгүй сэтгэл рүү асгах гэж буй сэтгэгдэл төрж, өөрийн эрхгүй догдлох аж. Аялгуу ундарч эхлэхэд л омог бардам, юунд ч үл баигдах оргилуун эрчийг мэдрэх нь тэр. Урьд нь хаа нэгтээ сонсч байгаагүй хэрнээ яахын аргагүй зөвхөн Монгол гэх омогшил төрөх юм. Энэ нь тун удахгүй нээлтээ хийх “Аравт” киноны саундтрак бөгөөд Б.Чинбатын зохиол юм байна. Монгол, Өвөр Монголын хамтарсан энэхүү кинонд хөгжмийн зохиолчдын цоо шинэ, гайхамшигт бүтээлүүдийг оруулсан тул үүнийг үзсэн хэн бүхэн түүхийн улбааг биеэр мэдрэх мэт болно гэж сонсч байсан, үнэн бололтой. ДБЭТ-ын танхимыг бахдлаар дүүргэж, үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан аялгууг морин хуурч Д.Шинэцог эгшиглүүлсэн юм. “Virtuoso” хэмээх сонгодог дуу, хөгжмийн шилдгүүдийг цуглуулсан гайхамшигтай концертыг манай сонины Спорт, соёл урлагийн албаны дарга Р.Оюунжаргал 10 жил дараалан зохион байгуулж байгаа. Түүнийг Монголын өдөр тутмын сонины соёл урлагийн сэтгүүлчдээс  хамгийн сонгодог автор гэдэг. Түүний нөхөр Монголын чадварлаг төгөлдөр хуурчдын нэг. Тэдний зохион байгуулдаг “Virtuoso” сонгодог урлаг сонирхогчдын хамгийн дуртай концерт юм.

Энэ жил ой нь тохиож буй энэхүү тоглолт хоёр хэсгээс бүрдсэн. Эхэнд нь хийл, төгөлдөр хуурын гайхамшигт хөг эгшиг, алдарт дууриудын хэсгийг Монголдоо төдийгүй, дэлхийд нэрээ цууриатуулсан авьяастнууд амилуулав.

Сонгодог тоглолтын салхийг эх орныхоо нэр, урлагийн салбарын чадварыг олон улсад таниулж чадсан жаахан охин хагаллаа. Хэрлэн хэмээх энэ бяцхан хийлч Ж.Косионы нэрэмжит олон улсын хүүхдийн тэмцээний тусгай байрын шагналыг авч чадсан бөгөөд Й.Брамсын Унгар бүжгийн аяыг сонирхуулсан. Өөртөө таарсан жижигхэн хийлийг тун чадмаг тоглох түүнийг хараад хайр хүрмээр.

Тоглолтын хамгийн залуу оролцогч нь есхөн настай Индра охин. Түүнийг Ж.Косионы нэрэмжит тэмцээний мөн тусгай байрыг гэдгийг сонсоод сонгодог урлагийнхны дарууг гайхсаар суув. “Virtuoso”-д оролцож буй хүмүүсийн танилцуулгыг харж байхад бүгд дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн ч энэ талаар манайхан тийм ч олон сонсоогүй гэхэд болно. Тэр ч байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр авьяастнуудын тухай зарлаад байдаггүй. Индра охины хийл тоглож байхыг харсан бол, хэчнээн чадварлаг гээч.  Түү­нийг өхөөрдсөн хүмүүс “Гар нь яаж хөдөлж байгааг хараач ээ”, “Тоглолтын дараа заавал үнсэх юм шүү” гэцгээж байгаа нь сонсогдов.

Урлагийнхны хийдэг ажлыг ямар ангилалд оруулах вэ гэвэл юу ч бодолгүй “үйлчилгээний” хүмүүс гэж хэлнэ. Яагаад гээч, театрын тайзнаас хэн нэгэн алдартан үзэгчид рүү мэндчилж, алга ташилтын дор дуулж, хөгжимдөж, бүжиглэхдээ өөрийгөө зарлах гэж бус хүмүүст сэтгэлийн таашаал мэдрүүлэхийг зорьдог. Театр гэдэг нь зүгээр нэг уран барилга төдий биш. Хөгжим гэх хүн төрөлхтний шилдэг бүтээлээс аялгуу асгарч, зүрхэнд чинь эгшиглэх үед ямар мэдрэмж төрөхийг анзаараарай. Яг тэр мэдрэмжийг бяцхан авьяастнууд үзэгчдэд бэлэглэсэн юм. Сонгодог урлагийн үзэгчид ч бусдаас арай өөр. Мэдрэмж сайтай, урлагийг сэтгэл зүрхээрээ ойлгодог юм шиг санагддаг. Дуурийн ари сонсоод уйтгарлана гэж байхгүй, харин ч сэтгэл хөдлөл, догдлол дээд цэгтээ хүрдэг ч энэ нь мөн л бусдаас өөр таашаал аж. “Браво”, зөөлөн алга ташилт. Яг л сонгодог хөгжим шигээ элит зритель.

Сонгодгуудын дунд “Virtuoso” хүлээлт үүсгэдэг гэдэг нь илэрхий байлаа. Морин хийлч Т.Энхмаа охин тоглолтын өмнөх өдөр бие нь өвдөж гэрийнхэн, багш нараа сандаргасан ч “Virtuoso”-д заавал оролцоно гээд ирсэн хэмээн хөтлөгч онцолсон. ОХУ-д болсон Надежда болон Чехийн Ж.Косионы нэрэмжит олон улсын тэмцээний тэргүүн байрын эзэн тэрбээр Гаспар Кассадогийн “Рекибро”-г тоглосон юм. Яг тэр үед хөгжмийг зүгээр сонсох биш мэдэрч байгаагаа ойлгов. Испанийн хөгжмийн зохиолч Г.Кассадогийн энэхүү гайхамшигт хөгжмийг дэлхийн шилдгүүдийн тоглосноор сонсч байхад ч ийм сэтгэгдэл төрөөгүй.

Хөгжим бүжгийн коллежийн сурагчид Монголын морин хийлийн анхны чуулгыг байгуулжээ. Тун санаачлагатай байгаа биз. Тэд Де Фалягийн “Галын бүжиг”-ийг тоглож биш амилуулж чадсан юм. Та нар тэднийг харж, хөгжимдөхийг нь сонссон бол. “Галын бүжиг” ч сэтгэл догдлохгүй байхын аргагүй эрчимт хөгжим. Яг л галын дөл шиг.Сонгодог хөгжмүүдийн нотыг судсаар дамжуулан зүрхэнд цуглуулж, тэндээсээ тархи руу эгшиглүүлсэн хүүхдүүдийн тоглолт дуусч, сонгодог дууны “эрин” эхэллээ.

“Оросын ардын жүжигчин Лхасран Линхвойн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гранпри, Владивостокт болсон Зүүн Азийн орнуудын урлагийн наадмын тэргүүн байрын шагналт Э.Анхбаяр П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари” хэмээн хөтлөгч зарлав. Сүүлийн үед Монголын нэрийг олон улсад цөөнгүй зарлуулсан залуу баритоныг дуулж байхыг нь телевизороор харснаас театрын үзэгчийн суудлаас харж, сонсч байсангүй. Интернетийн ачаар Францын баритон Виктор Маурелийн дуунуудыг хүссэнээрээ сонсч байсан. Үнэндээ агуа дуучин. Гэтэл Э.Анхбаярын дуулахыг сонсоод үзэгчид нэг л сонин байдалд орчихов. Үнэндээ хөдлөх нь бүү хэл амьсгаа авахаа ч мартсан мэт санагдсан. Зүгээр л гайхамшиг, урлагийн бурхны шилдэг бүтээлүүдийн нэг нь манайд байгаа юм байна гэх бодол төрлөө. А.С.Пушкины “Гилбэрийн хатан”-ыг уншихад л зохиол дотор орчихдог. Харин Елецкийн ариг Э.Анхбаяр дуулж байхад театрт байсан эмэгтэй үзэгч бүр өөрийгөө Лиза болсон мэтээр төсөөлсөн байх.

Глинкийн нэрэмжит сонгодог урлагийн дуулаачдын олон улсын 23 дугаар уралдааны тэргүүн байрын шагналт, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг харин энэ үдэш У.Жиорданогийн “Андрей Шений” дуурийн Магдагийн ариг дууллаа. Сонирхуулахад энэхүү дуурийг урьд нь манайд нэг л удаа тавьж байсан бөгөөд “Virtuoso-2011”-ийн тайзнаас ийнхүү хоёр дахь удаагаа эгшиглэсэн нь энэ. Мөн л гайхалтай. Дууг сонсоход тийм гэхийн аргагүй гуниг төрж байсан. Гэхдээ уйтгар биш шүү. Хүний сэтгэл хөдлөлийн дотроос хамгийн нарийн эмзэг нь гуниг. Тийм учраас сэтгэл хөдлөм дуу, хөгжмүүдийг сонссоны дараа гуниглах бас зүгээр юм аа.

Сонгодгуудын тоглолт иймэрхүү байлаа. Харин үүний дараа Монгол үндэсний хөгжим, бүжгийн гайхамшиг үргэлжилсэн юм. Дуучин Х.Лхагвасүрэнгийн “Толин хул” дууг сонсоод омогшдоггүй монгол хүн байхгүй. Жинхэнэ Монгол аялгуу. Гэтэл “Толин хул”-ын аянд үндэсний бүжиг дэглэжээ. Этно, модерн, үндэсний хэмнэлийг нэг дор цогцлоосон бүжгийг “Virtuoso” сонирхохоор ирсэн гадныхан монголчуудаас дутахгүй омогшиж үзнэ билээ. Сонирхолтой байгаа биз. Гадаад хүн яахаараа Монгол омогшил харуулна гэж. Гэвч харуулсан л юм даа. Харин Д.Ганпүрэвийн хөгжим, Д.Баярбаатарын дэглэлт “Бие чинь болъё” бүжгийн талаар шүүмж бичмээр санагдсан. Бурхан минь гэж дуу алдмаар уян налархай бүжигчин бүсгүйг хараад ямар эр хүний сэтгэл хөдлөхгүй байх вэ, мөн л этно, модерн үндэсний бүжиг. Энэ удаад хүмүүс “Браво”-г арай чанга хашгирцгаасан юм. Сонгодог хөгжимд чихээ баясгасан үзэгчид одоо нүдээ баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байлаа.

Ер нь “Virtuoso”-г гадныхан ихээхэн сонирхдог. Энэ удаад ОХУ-ын Элчин сайдын яамныхан бараг бүгдээрээ ирсэн гэнэ. Тэдний хэлж буйгаар, энэ нь Монголын шилдэг концертуудын нэг бөгөөд зохион байгуулалт, оролцогчдын ур чадвартай ярих юм байхгүй сайн аж.

Концертын сор болсон тоглолт нь ятгачин О.Мөнхтогтохын “Фантази”. Д.Түвшинсайханы зохиосон энэ гайхамшигт аялгууг өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы танхимд эгшиглүүлсэн. Хөгжимчин бүсгүйн турьхан хуруунууд ятгын утсан дээгүүр бүжиглэх мэт цаанаа л нэг уран сэтгэмжийг агуулсан. Аялгуу нь ч жинхэнэ эгшигт яруу найраг. Хос ятгыг зэрэг эгшиглүүлнэ гэдэг уран чадвар. Бүсгүй өөрийнхөө хөгжмийн аялгуунд уусах мэт санагдсан бөгөөд гар хурууны чадвараар биш сэтгэлээрээ хөглөж байсан учир ийнхүү зүрхэнд туссан байх. “Браво”, алга ташилт улам чангарч ширүүсэв. Түүнийг хүндэтгэж, сэтгэлийн ийм таатай таашаал амсуулсанд нь талархсан үзэгчид түүнийг хөшигний араар оруулмааргүй байсан биз. Гэхдээ ХБК-ийн цохивор хөгжмийн хамтлаг түүнээс ч дутахгүй бэлэг барих гээд хүлээж байсан юм.

З.Хангалын “Эрдэнэсийн уулс”, сонсоход л нүдний өмнүүр байгаль, ертөнцийн хамгийн сайхан бүхэн жирэлзэн өнгөрөх шиг болдог энэ тансаг аялгууг хүүхдүүд цохивор хөгжмөөр амилуулах нь гайхалтай. Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригт багшийн шавь нар сүүлийн үед томоохон концертуудыг өнгөлж байгаа. Энэ удаад ч мөн “Virtuoso” концертын нэгэн өнгөт чимэг нь байсан бөгөөд маш хөнгөн, хөгжилтэй, эрч хүчийг мэдрүүлсэн хүүхдүүд жил бүр энэхүү концертод оролцож байгаа аж.

Концертыг сонирхохоор Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, УИХ-ын гиүүн асан С.Билигсайхан, Б.Батбаяр /Баабар/, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар ирсэн байлаа. Завсарлагааны үеэр эдгээр хүмүүсийн хооронд дараах яриа өрнөсөн юм.

Баабар: Би гурав дахь жилдээ энэ концертыг үзэж байна. Тэгсэн чинь арван жил дараалан зохион байгуулсан юм байна шүү дээ. Үүнийг сонсоод нэг юмнаас хоцорсон юм шиг санагдаад. Дараа жилээс би зөвхөн үзэгч биш ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцмоор байна.

С.Билэгсайхан:
Өө, би ч гэсэн ивээн тэтгэгчийнхээ ажлыг дахиж хийнэ ээ.

Баабар:
За тэгвэл, миний өгөх шагнал Билэгсайханыхаас лав илүү байна гэж амалъя.

Н.Жанцанноров:
Энэ олон хүн сонсч байхад та хоёр арай баярхаад байгаа юм биш үү, хө /инээв./.

“Virtuoso-2011” концерт иймэрхүү болсон юм. Сэтгэл хөдлөл, догдлол, гуниг, омогшил гээд урлаг хэмээгчийн үзүүлэх бүхий л таашаалыг энэ үдэш мэдэрлээ. Морин хуурын аялгуу, морин хийлийн эгшиг хосолсон “Virtuoso” жилийн дараа болно. Бичих гээд чадалгүй үлдээсэн бүхнийг “Virtuoso-2012”-оос үзэхэд гэмгүй шүү.

Г.Амартүвшин

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж