Москвад нүүдэлчний отог суурьшжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Москвад нүүдэлчний отог суурьшжээ

Москвагийн Авиамоторная дүүрэгт өвөрмөц нэгэн үзэсгэлэн нээсэн байна. Энд нүүдэлчин омгийн ард түмний урц гэрийг байгуулж, эдлэл хэрэглэлийг нь цуглуулжээ. Энэ үзэсгэлэн хотын иргэ­дийн нүдийг хужирлахын зэрэгцээ цаатнууд, чукча, монголчуудын очих дуртай газар болсон гэнэ. Их хотын нүргээний дунд нүүдэлчдийн ахуй орчныг бүрдүүлэх санаа дунд сургуулийн байгалийн шинжлэлийн багш Константин Валерьевичид төрсөн аж. Тэрбээр үзэсгэлэнгээ “Нүү­дэлч­дийн баянбүрд” гэж нэрлэхээр төлөвлөсөн. Миний гол зорилго нүүдэлчдийн ахуйг бүрдүүлж, түүх соёлыг нь таниулахад оршиж буй. Жишээ нь, манайд ирсэн монголчуудад яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж, хоноод явъя гэж гуйдаг. Чукча нарын гэрт гэхэд тэдний өдөр тутмын эдэлж хэрэглэдэг зүйлсээс гадна хүүхдүүдийнх нь тоглоом найдгай хүртэл бий. Нүүдэлчдийн ахуйг үнэн бодитоор бүрдүүлэхийн тулд багагүй хугацаанд судалсан. Амьдралын онцлогоос шалт­гаалан байнга нүүдэг энэ үндэстнүүдийн орон гэр маш авсаархан байх шаардлагатай байдаг. Жишээ нь, Монгол гэрийг гурван эмэгтэй 30 минутын дотор барьж чадна. Гэр барих нь эрчүүдийн хувьд хөнгөн ажилд тооцогддог тул тэд үүнийг эмэгтэйчүүд хүүхдүүддээ даалган өөрсдөө ан гөрөө гэх мэт чухал зүйлд анхаарлаа хандуулдаг байжээ” гэв.

Залуу багш 2002 онд Байгаль нуураас Хятад хүртэл дугуйгаар аялахдаа Монголтой танилцжээ. Ийнхүү тэрбээр тал нутгийн салхиар амьсгалж, нүүдэлчдийн соёлыг биширсэн аж. Константин Валерьевич өөрөө Монголд дурлаад зог­сохгүй сурагчдадаа нүүдэлч­дийн түүх соёлыг сурталчлах дуртай болж. Тэрбээр “Бид үзэсгэлэн нээх ажлаа 2004 оноос эхэлсэн. Тухайн үед надад Монголын хуучин гэрээс өөр үзмэр байхгүй байлаа. Түүнээс хойш зогсолтгүй цуглуулсаар бүрэн эд хогшилтой 11 гэртэй болоод байна. Гэхдээ бүгд монгол гэр биш, зарим нь бусад нүүдэлчин үндэстэнд хамааралтай. Манайд бөө нарт зориулсан тусгай гэр бий” хэмээжээ.

Константин нь монгол­чуудын талаар ярихдаа “Гайхамшигтай ард түмэн. Хоорондоо асар хол зайтай, тархай бутархай суурьшсан атлаа тэдний элэг зүрх нэг мэт санагддаг. Тэд нэгнийгээ харцаараа л ойлгоно. Зочин гийчинд элгэмсэг ханддаг, бэлэг сэлт өгч, авах дуртай хүмүүс. Би нүүдэлчид, тэр дундаа монголчуудыг таньж мэдэхийн тулд түүхч, угсаатан судлаач Лев Гумилевийн бүтээлүүдийг их судалсан. Энэ агуу хүн монголчуудын төдийгүй нүүдэлчдийг судлах гадаадын хүмүүсийн хувьд үнэтэй гавьяа байгуулсан” хэмээжээ.

Ж.Даш

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж