-Монголын гимнастикийн холбооны 50 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. МГХ 1961 онд байгуулагдсан, өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Холбооны дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд баг бүрдүүлэн ажилласан. Холбооны даргаар Монголын төмөр замын орлогч дарга Л.Халтар, нарийн бичгийн даргаар Ч.Дарьсүрэн, тэргүүлэгч гишүүд нийлсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 50 жилийн хугацаанд Монголын гимнастикчид олимпийн наадамд гурав, ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Хамгийн том амжилт бол 2010 оны өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадмын харайлтын төрөлд Г.Эрдэнэболд алтан медаль хүртсэн явдал. Өдгөө Монголын гимнастик нэлээн өндөр шатанд хүрч байгаа.
-Та хэзээнээс энэ спортоор хичээллэх болов?
-Би анх 1963 онд Биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Нэгдүгээр курст байхдаа Спортын төв ордонд шигшээ багийн тамирчид бэлтгэл хийж байгааг харж, энэ спортоор хичээллэх сонирхолтой болсон. Харин 1965 оноос спортын гимнастикаар тууштай хичээллэж эхэлсэн дээ. Тэгээд дөрөвдүгээр курст байхдаа Монголын бүх ард түмний IV спартакиадад сургуулийн шигшээ багтаа багтан оролцож дэд мастерийн болзол хангасан. 1965-1975 онд улсын чанартай тэмцээн уралдаанд тамирчны хувиар оролцож байлаа.
-10 гаруй жил тэмцээн уралдаанд оролцохдоо ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Энэ хугацаанд өөрөө багаа дасгалжуулаад, багтайгаа хамт тамирчин болоод тэмцээнд оролцдог байлаа. Тэр үед УБДС-ийн багш, тамирчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд манай баг тамирчид УАШТ-д голдуу тэргүүн байранд шалгардаг байсан. Манай баг улсын тэргүүний тамирчдаас бүрдсэн байсан.
-Хэзээнээс дасгалжуулагчаар ажиллах болсон бэ?
-Манай сургуулийг надтай хамт 120–иод хүүхэд төгссөнөөс би ганцаараа сургуульдаа гимнастикийн багшаар үлдэж, 1985 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд багш, дасгалжуулагч, салбар эвлэлийн хорооны даргын ажлыг хийж байлаа. 1992 он хүртэл НАХЯ-ны Цэргийн дээд сургууль буюу одоогийн Цагдаагийн академид биеийн тамирийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Түүнээс хойш БТДС-даа ирж, гимнастикийн тэнхимийн эрхлэгч болсон. Багш дасгалжуулагчаар нийт 45 жил ажилласан байна шүү.
-Багшийн ажлыг шавийн амжилтаар дүгнэдэг. Шавь нарийнхаа амжилтаас сонирхуулаач?
-Сайн тамирчин болсон шавь олон бий. Олон улсын хэмжээний мастер Энхтүвшин, Энхбаатар, Ганбаатар, Дамдинсүрэн гээд. Тэр бүгдийг дурдах хэцүү.
-Гимнастик бусад спортоос юугаараа онцлог вэ?
-Гимнастикийг бүх спортын цагаан толгой гэдэг. Дасгалууд нь спортын бүх л төрөлд хэрэглэгдэг. Гимнастикгүйгээр ямар ч спорт хөгжиж чадахгүй. Гимнастикаар хичээллэж байсан хүн өөр спортод амжилт гаргахад амар байдаг.
-Гимнастикийн хэрэглэл өндөр үнэтэй байдаг. Манай улсад заал талбай, хэрэглэл хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Спортын гимнастик бол эрэгтэй зургаа, эмэгтэй дөрөв нийт 10 хэрэглэл дээр ажилладаг. Сүүлийн үед заал талбай хэрэглэл материал хангалттай байгаа.
-Та олон улсын шүүгчээр ажиллаж байсан. Одоо манайд ийм хүн дутагдаж байгаа. Танд олон улсын тэмцээн шүүх боломж бий юу?
-1978 онд Олон улсын гимнастикийн холбооноос манайд сургалт явуулж 12 хүнд олон улсын шүүгчийн эрх өгсөн юм. Хоёр жил олон улсын тэмцээн шүүхгүй бол эрхийг нь хасчихдаг дүрэмтэй. Одоогоор зардал мөнгөний асуудлаас болж шинэ залуу шүүгчид дутмаг байгаад байна.
-Залуу тамирчдад хандаж юу гэж захимаар байна?
-Гимнастикаар хичээллэж байгаа хүнээс чадвар их шаардана. Бас хувь хүний онцлог хамаардаг. Их уян хатан, үсрэмтгий, хамгийн чухал нь маш их тэвчээртэй л байх хэрэгтэй. Ер нь амар спорт гэж байдаггүй. Тэвчээртэй, шантрахгүй бэлтгэл сургуулилалт хийсэн хүн л амжилт гаргана.
“Өдрийн шуудан” сонин