Дөрвөн хүний амь насыг санаатай хөнөөсөн, хүчин, танхай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр цаазын ял оноосон билээ. Энэ үеэр түүний 2009 онд үйлдсэн гэх хүн амины хэрэгт хамтран оролцсон Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл Ш.Гантулга өөрийгөө хүнийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлж бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ. Түүний өмгөөлөгч хүний амь нас санаатай хөнөөсөн гэх зүйлчлэлийг хүний амь насыг санамсаргүй хөнөөсөн, танхайрсан гэх зүйлчлэлд хамруулах ёстой хэмээн үзэж, нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэнэ. Дээрх хэрэг 2009 онд гарсан тул зүйлчлэлийг нь өөрчилвөл Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой аж. Харин Б.Эрдэнэбилэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байгаа бөгөөд түүнд оноосон цаазын ялыг гурван шатны шүүх хэвээр баталсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс амь гуйх эрхтэй юм.
С.Отгон