Зүүн бүсийн чуулга уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн чуулга уулзалт болов

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос “Монгол залуу хүн-2020” зүүн бүсийн чуулга уулзалтыг Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтын зорилго нь “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс нутгийн залуучуудын дуу хоолой, санал, санаачлагуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлоход чиглэлээ.  Уулзалтад Ардчилсан Залуучуудын Холбооны Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 200 орчим залуучууд оролцсон юм. Мөн урилгаар АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн, Монголын мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Отгонбат, АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нарийн бичгийн дарга Б.Мишээл, Дорнод аймгийн АЗХ-ны дарга П.Болдсайхан, Сүхбаатар аймгийн АЗХ-ны дэд дарга Б.Батбаатар болон Дорнод аймгийн Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүд оролцсон юм.

“Нутагтаа сайхан амьдаръя” уриан дор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж