Таминь ээ, цаана чинь төрийн зарим албан хаагчдад сайхан боломж гарч ирж байна гэнэ шүү. Юу гээч. Замын цагдаагийн газраас цагдаа нарынхаа дунд байртай болох алтан боломжийг олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл торгууль хэдий чинээ их ногдуулна төдий чинээ хурдан хугацаанд байртай болно гэсэн үг. Үүнийг сонссон цагдаа нар нэгэн зэрэг нойрноосоо сэрж эхэлжээ. Одоо л хийдэг цаг. “Одоо хийхгүй бол хэзээ хийх юм, бид хийхгүй бол хэн хийх юм” хэмээн замын цагдаа нар нойр, хоолгүй зүтгэцгээж байгаа бололтой. Үнэхээр алдаж болохгүй алтан боломж шүү. Багш нар гэж ёстой ёо ёотой улсууд байна аа. Тэд цалин нэмүүлнэ гэж дэмий цаг гарздаж байх зуур замын “бурхан” болсон цагдаа нар мөдхөн байртай боллоо шүү дээ. Тэд торгууль оноох обьектоо олох гэж санаа зовохгүй. Учир нь толгой хаашаа эргэнэ, нүд хаана тусна тэнд торгууль байна. Шүгэл дуугарч, шидэт дохио маналзахад л гүйцээ. Ингээд шинэ байрны шагналын үүд рүү урагшаа нэг алхам ойртоно доо. Адтай хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Даанч нэг хэцүү нь өвлийн хүйтэнд шүгэл амыг нь хайраад байдаг жаахан тиймэрхүү. Манай нэг танил замын цагдаа “Юу гэж ядрахав дээ. Үүний цаана мөнгө бий шүү дээ” хэмээж байсан. Хэдхэн хоногийн өмнөөс байрны үнэ 300-500 мянгаар нэмэгдээд амжсан. Ийм үед Замын цагдаагийн газар ч ёстой нүдээ олсон ажил сэдэж байна. Хамгийн өрөвдөлтэй нь өнөөх салбагар, ямбий “эксел”-үүд тэдний нүдэнд хамгийн түрүүнд өртөх вий дээ. Гэхдээ оноогоо цуглуулахын тулд цагдаа нар улайрсан бух шиг дайрахаа ч шулуухан хэлж байгаа гэсэн. Тэгэхээр “Эксел” ч гэлтгүй нүдэнд онцгүй харагдсан хэнийг ч болов өршөөхгүй нь ээ, тэд. Ийм боломж төрийн хэдэн цагдаа нарт тэр бүр олдох биш. Таныг ч гэсэн Замын цагдаа зогсоогоод торговол голоо цохилгүйгээр хэдэн бор юм өгчих л хэрэгтэй.Монголдоо оруулж буй бас нэгэн хөрөнгө оруулалт гэж ойлгоорой. Нийслэл хотын хэмжээнд мянга гаруй цагдаа замын уулзваруудад шинэ байрны төлөө дараалал үүсгээд зогсож буй. Аргагүй шүү дээ ямар бүх замын цагдаад байр оногдох биш. Тэд “Ажлаа ч сайн хийнэ, тэр хэмжээгээр Улсын халаас ч их түнтийнэ, өөрөө ч гэсэн итгэл үнэмшлээр жолооч нарыг “чангалж” байна.
Л.Баатархүү
"Улс төрийн тойм" сонин