Э.Эрдэнэжамъян: Р.Отгонжаргал захиалгаар хөдөлж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян: Р.Отгонжаргал захиалгаар хөдөлж байгаа

МАХН-ынхны нууц төлөвлөгөө задарсан ч бүх үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу өрнөж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хувьчлалтай холбоотой маргаантай асуудлыг Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газраас хамтарсан ажлын хэсэг гаран шалгаж эхэлсний дараахан шадар туслах асан Б.Тулгыг нь баривчилсан. Үүний дараа  “Шударга ёс” хуульчдын эвслийг байгуулж, тэргүүнээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хүнийг томилсон байна. Тэд Улсын мөрдөн байцаах газар, Хууль зүй дотоод хэргийн яаманд Б.Тулгыг суллахыг хүссэн өргөдлийг уржигдар өгсөн. Мөн Б.Тулгыг суллахыг шаардаж, жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн. Энэ дагуу тэд Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Р.Отгонжаргалыг эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан байна. Тэд Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газрынхан “Нийслэлийн өмч шамшигдуулсан гэх хэргээр далимдуулан хэн нэгний захиалгаар хөдөлж байна. Харьяаллын дагуу нэг байгууллага шалгах ёстой асуудлыг ийнхүү талцуулж байгаа нь ёс зүйгүй асуудал. Улсын мөрдөн байцаах газрынхан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд оролцох гэж улайрч байгаагийн цаана Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаа цухалзаж байгаа” хэмээж байгаа юм. 

Энэ талаар  “Шударга ёс” хуульчдын  эвслийн тэргүүн Э.Эрдэнэ­жамьянтай ярилцсан юм.

-Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч Р.Отгонжаргалыг Авлигтай тэмцэх газарт өгсөн нь ямар учиртай юм бэ?

-Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Р.Отгонжаргал нь Л.Сэргэлэн гэгч иргэнийг хуурамч бичиг баримт бүрдүүлж ОХУ-ын банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэдгийг тогтоож байсан хүн юм. Гэтэл энэ хүнийг “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрт хөрөнгө оруулснаараа хохирогч болсон гэдэг өргөдөл гаргахад хохирогчоор тогтоочихсон байгаа юм. Гэтэл Эрүүгийн тухай хуульд “Шударга эзэмшигчийг хохирогч гэнэ” гэж заасан байдаг. Тиймээс ч Р.Отгонжаргал Л.Сэргэлэнгийн “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрт хөрөнгө оруулсан мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байсан учир Л.Сэргэлэн энэхүү мөнгөний хууль бус эзэмшигч” гэж тогтоосон байдаг юм. Тэгээд нэгдүгээр сарын 20-нд “Л.Сэргэлэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир яллах дүгнэлт үйлдэж өгнө үү” гээд прокурорт хандсан байдаг. Гэтэл маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-нд шинээр хавтаст хэрэг нээн Л.Сэргэлэн нь  “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулснаараа хохирогч болсон байна” гэчихсэн нь сонин. Өмнө нь гэмт хэрэгтэн гэдгийг нь тогтоочихоод маргааш нь энэ хүн маань хохирогч юм байна гэдэг асуудал байж болох уу. Тэгэхээр үүний цаана  улс төрийн ямар нэгэн захиалга байхгүй гэж хэлэх үндэслэл байхгүй байгаа биз дээ.  
-Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан Б.Тулгыг хууль бусаар баривчилсан гэж үзээд байгаа шалтгаан чинь юу вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж яагаад байдаг вэ гэхээр хүнийг ямар нэгэн байдлаар саатуулахаар бол дэс дараалалтай арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, хэргийг хариуцаж байгаа мөрдөн байцаагч нь “Ийм учраас энэ хүн оргон зайлах гэж байна” гэсэн үндэслэлийг шүүхэд гаргаж өгдөг. Үүний үндсэн дээр шүүх хурлын үеэр нөгөө тал нь няцаах эрх үүсдэг. Гэтэл энэ үйлдлийг шууд алгасаж Б.Тулгыг баривчилсныхаа маргааш шүүх хурал хуралдуулж, оргон зайлах гэж байна гэсэн үндэслэлээр 14 хоног хориулах шийдвэр гаргуулсан учир энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

-Оргон зайлах гэж байсан учир яаралтай баривчлах арга хэмжээ авсан юм биш үү?

-Оргон зайлах гэж байсан хүн мөрдөн байцаагчийг дуудахаар өрөөнд нь оччихсон сууж байх уу. Дуудах бүрт нь очиж байсан юм билээ. Тэгэхээр оргон зайлах гэсэн ямар ч үндэслэл байхгүй  гэсэн үг.

-Гэхдээ гадагшаа нисэх гэж байсан онгоцных нь билетийг олсон гэсэн?

-Баривчлахаас нь арван хэдэн хоногийн өмнө гадагшаа яваад ирсэн байсан онгоцны билетийг нь л оргон зайлах үндэслэл болгоод байсан юм билээ. Нисээд ирчихсэн билетээр эргэж гадагшаа явдаг ойлголт байна уу, эсвэл цагдаагийн ажилтнууд ийм дүнхүү юм уу эсвэл бүр албаар ингэж аашлаад байгаа юм уу гэдэг сонин байна. Тиймээс бид үүнийг цаанаа улс төрийн зорилготой л гэж үзэж байна. Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргал хэн нэгний захиалгаар хөдөлж байгаа нь тодорхой байна. 

-Та бүхэн Б.Тулгын өмгөөлөгчидтэй уулзсан уу. Хоёр өмгөөлөгчтэй гэсэн. Тэд юу гэсэн юм бэ?

-Одоохондоо уулзаагүй байна.

-Авлигатай тэмцэх газраас та бүхэнд ямар хариу өгсөн бэ?

-Тус газраас судалж үзээд хариу өгнө гэсэн хэмээх хариултыг өгсөн юм.

Энэ бүхний дараа Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргал гэгч хэн бэ гэх асуулт гарч ирж байгаа юм. Тэрбээр долоодугаар сарын нэгний хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан О.Магнай, Б.Жаргалсайхан нараас байцаалт авч байсан учир иргэний хөдөлгөөнийхөн түүнд нэлээд таагүй ханддаг гэнэ. Мөн түүнийг эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй томоохон хэргүүд дээр байцаалт явуулж “томчууд”-ын хараанд өртсөн гэх нь ч байдаг юм билээ. Тэрбээр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү юм байна. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж