“Ганжуур данжуур”-ыг крилл рүү хөрвүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Ганжуур данжуур”-ыг крилл рүү хөрвүүлнэ

Бурхан шашны ном судрын гол эх сурвалж болсон Ганжуур Данжуурыг крилл үсэгт хөрвүүлж, олны хүртээл болгох ажлын явцын тухай “Судар Шастир” нийгэмлэг болон  Гандантэгчинлэн хийдээс хамтран хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Хэл бичгийн, уран зохиолын, урлаг соёлын үнэт өв Ганжуур Данжуур өдгөө Улсын төв номын санд цөөн хувь буйгаас  энэ талаар судалгаа  хийдэг цөөн тооны эрдэмтэн, судлаач,суралцагч хүрээнд хэрэглээнд л байдаг аж. Иймээс түүхэн үнэт эх сурвалжийг олны хүртээл болгох ажлыг 2009 оноос хойш эхлүүлээд буй юм байна. Одоогийн байдлаар Ганжуур Данжуурын нийт 5000 гаруй зохиол байдгийн 40 гаруйг нь хөрвүүлээд, хэвлэхийн өмнөх хянан тохилдуулдах ажил эрчимтэй явагдаж байгаа гэнэ.  Хөрвүүлгийн ажилд 16 хүн ажиллаж байгаа бөгөөд олон түмэнд хүртээлтэй болгох гол зорилгын дагуу хөрвүүлээд хэвлээд төв номын сан, гандан, сургууль, сүм хийдүүд, соёлын газруудад хүргүүлэх юм байна.

“Ганжуур Данжуур урлагийн талаасаа өв гэдэг нь Ганжуурын дотор 800 орчим бурханы хөрөг зураг бий.  Дээрээс нь бар хэвлэлийн ажлын талаасаа авч үзвэл монгол номыг бүтээж байсан өвийг ч эндээс харж болно. Эртнээс орчуулсан бол өнөөдрийн орчуулах гэсэн нь биднээс ямар их хөдөлмөр, мэдлэг хүчин чармайлтыг шаардаж байгаа нь харагдаж байна” гэж МУИС-ийн их бичиг судлалын тэнхимийн профессор Д.Бүрнээ хурлын үеэр хэлсэн юм.

Ганжуур бол бурхан багшийн зарлигийн орчуулга, Шагжамунийн багшийн айлдсан бүх айлдвар эмхэтгэгдэж орсон байдаг ажээ. Ганжуур 108 ботьтой,  дотроо 1161 зохиол багтдаг. Данжуур нь түүний тайлбар буюу шаштирын орчуулга бөгөөд 225 боть, 4000 шахам зохиол багтдаг юм байна.  Ганжуур данжуур нийлээд 5000 гаруй зохиолтой. Ганжуур нь  Дандарын, Билэг бараамидын, Эрдэнэ давхаргатны, Элдэв судрын, Олонхийн, Минайн  гэсэн үндсэн 6 аймагтай. Бурхан багш, бодьсадваа нарын тухай сүсэг бишрэлийн дээд бүхнийг бичихдээ өвөг дээдэс маань хамгийн хүндэтгэлтэй үгээр илэрхийлж бичсэн нь хүндэтгэлийн эх сурвалж, төр ёсны,  дипломат ёсны хэлний чухал содон эх сурвалж ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж