Светлана Аллилуева. Энэ нэр түүний хувь заяатай салшгүй холбоотой. Тэрбээр эцэг Иосиф Сталиныгаа насан өөд болсны дараа 1953 онд эхийнхээ овог Аллилуевагаар овоглох болжээ. Светланагийн бага нас “Хар дарсан зүүд мэт л өнгөрсөн” хэмээн хожим “Висконсин Стейт Жонэл” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Түүний ээж Надежда Аллилуева нь охиноо зургаан настай байхад өөрийгөө буудан амиа хорложээ. Улмаар 1967 онд Светлана ах эгч Иосиф, Екатерина нарын хамт АНУ руу дүрвэсэн түүхтэй. Тэнд очоод удалгүй “Лана Петерс” хэмээх нэрээр алдаршсан билээ. Түүний бичсэн дөрвөн ном, хоёр намтарчилсан зохиол нь тухайн үед бестселлер болж олны анхаарлыг ихэд татсан юм. Удирдагчийн ганц охин Светлана Аллилуева коммунизмыг үзэн яддаг нэгэн байж. Эцгийнхээ нүдэн дээр өөрийн паспортоо шатааж байсан нь Сталинг галзууруулах шахаж байсан гэдэг. Уг явдлын дараа аав нь түүнийг нэг хэсэг “Ёс суртахууны мангас” хэмээн дууддаг байж.
Сталин охиноо бага байхад нь “Бяцхан болжмор” хэмээн өхөөрдөн хайрладаг байсан ч Светлана өсч том болох тусмаа эцгээсээ хөндийрөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдэг. Эцгийнх нь харанхуй ертөнц түүнийг бараг л хар дарсан зүүд мэт амьдрал рүү татсан байна. Светлана хаа ч явсан эцгийнхээ сүүдрээс зугтаж чаддаггүй байсан хэмээн дурсдаг байв. Түүнийг 1933 онд эцэг нь “Кремлийн” 25-р сургуульд элсүүлжээ. Ихэнх сурагчид нь нам, засгийн ажилтнуудын хүүхэд байсан ч Сталины охин энэ элит хэсгийнхнээс арай л ялгаатай байжээ. Түүнийг хамгаалагч дагаж, бүр бусдаас тусад нь цаг гарган хооллодог байсан байна. Элитүүдийн дунд жинхэнэ элит охин байж.
Сталин эхнэрээ нас барснаас хойш тусгайлан барьсан зусланд хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөх болжээ. Ховор тохиох уулзалтын үеэр охин нь ямар сурч байгааг сонирхож, өдрийн тэмдэглэлийг нь үзэх төдий дүр үзүүлдэг байв. Светлана гялалзтал сурч байсан нь Сталинг баярлуулдаг байжээ. Эдгээр жилүүдэд бяцхан охин аавыгаа зөвхөн хүндэтгээд зогсохгүй, чин сэтгэлээсээ хайрладаг байсан түүхтэй. Хожим нь 16 настайдаа Светлана кино найруулагч еврей гаралтай Алексей Каплерт дурласан ч Сталин ихэд дургүйцжээ. Түүгээр ч зогсохгүй дурлалт залууг нь арван жилийн цөллөгт илгээж Светланагийн эцгийгээ үнэн сэтгэлээсээ үзэн ядах суурийг тавьсан гэдэг. Хачирхалтай нь энэ үйл явдлаас хойш жилийн дараа Москвагийн их сургуулийн оюутан Григорий Морозов Светлана Аллилуевад гэрлэх санал тавьжээ. Сталин хүргэнээ ганц ч удаа хараагүй ч гэрлэхийг зөвшөөрсөн нь түүнийг ямар хүн гэдгийг дахин таниулсан талаар Светлана Аллилуева хожим хөршдөө хуучилж байсан байна. Григорий Морозовтой амьдраад нэг хүүтэй болж. Светлана өөрийн нөхөр, эцэг хоёрын хоорондын харилцааны талаар “Аав миний анхны нөхөр болох Григорий Морозовтай танилцахыг огт хүсдэггүй байсан. Би ч танилцуулах гэж улайраагүй. Яагаад гэхээр Григорий еврей мөртлөө дайн байлдааныг огт хүсээгүй юм. Амьдралын сүүлчийн мөч хүртэл гэр бүлээсээ удирдагч төрнө гэдэгт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй тийм хүн байв” хэмээн ярьсан удаатай. Харамсалтай нь хоёр жилийн дараа тэд салж, Сталины баруун гар байсан Андрей Ждановын хүү Юрийтэй гэрлүүлсэн байдаг. Тэдний гэрлэлт бас л бүтэлгүйтсэн боловч охин нь тэднийг хэзээ ч салахгүй сайн харилцаатай байхад нь дэмжлэг болдог байж. Эцэг нь Светланаг улс төр, түүх судлахыг албаддаг байсан ч 1953 онд Сталиныг нас барсны дараа тэрбээр Москвад лектор, орчуулагчаар ажиллаж байсан байна. Харин 1952 оны арванхоёрдутаар сард эцэгтэйгээ төрсөн өдрөөр нь сүүлчийн удаа уулзсан аж. Аав нь нас барсны дараа түүнд тэтгэмж өгч, байр, зусланг нь үлдээсэн баримт одоо ч байдаг. Светланаг бага балчир байхаас нь Англи, Герман, Франц хэл заасан тул дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байв. Гэсэн ч АНУ-д очсоныхоо дараа “Аав маань намайг томоохон уулзалтууддаа авч явдаггүй байсан. Ялтад Черчилль, Рузвельт нар охидоо авчраад амарч байхад би л тэнд байдаггүй байсан. Тэр намайг дагуулж ирээгүйгээ зочдод тайлбарлахдаа “Охин их ухаантай, тэгээд ч хичээл ихтэй байгаа” мэтээр ярьчихдаг байсныг би хожим нь мэдсэн. Магадгүй ингэж их суралцуулах нь удахгүй намайг тэдгээр зочидтой англиар ярьдаг болчих вий гэж бодсоных байх л даа” хэмээн дурссан байдаг.
Светланаг АНУ руу дүрвэхэд ЗХУ болон АНУ-ын шүүмжлэгчид янз бүрээр бичиж, далд утгаар гутаан доромжилдог байв. Жишээ нь, “Сталины охин винтов буутай, түүгээрээ тааралдсан америкийг буудна” гэх мэтээр ер тайван байлгадаггүй байж. Үүнээс болж хөөрхий Светлана байнга нүүж, суудаг болжээ. Нэг газраас нөгөө рүү нүүж, нэг л мэдэхэд 30-40 жилийг ардаа үлдээсэн байна.
Светлана 1960-аад оны эхээр эмнэлэгт хэвтэж байхдаа 50 настай, Энэтхэгийн коммунист үзэлтэн Браджеш Сингхтэй танилцан гэрлэсэн байдаг. Энэ гэрлэлт түүний дөрөв дэх нөхөр ба бие муутай нэгэн байсан тул удахгүй насан эцэслэж, гэрээслэлийнх нь дагуу түүний чандрыг нутагт нь аваачих зөвшөөрөл эрсэн ч Зөвлөлтийнхөн гадаад руу явуулахыг хориглосон шийдвэр гаргаж байжээ. Гэвч олон саад бэрхшээлийг давсаар Косыгины Засгийн газар түүнийг гадаад руу явуулахаар болжээ. Тэр Энэтхэгт үлдэх бодолтой байсан аж. Гэвч Индра Ганди ЗХУ-тай харилцаандаа сэв суулгахыг хүсээгүй тул 1967 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Энэтхэг дэх АНУ-ын Элчин сайдын яаманд Сталины охин Светлана Аллилуева улс төрийн орогнол хайж очсон тухай мэдээ илгээж Зөвлөлтийнхнийг алмайруулав. Светланагийн 22 настай хүү, 16-тай охин нь өөрсдийгөө орхин гадаадад дүрвэсэн ээждээ анхандаа итгэхгүй байв. Хожим нь түүний “Юу хүсэж мөрөөдөж байсныг сайн ойлгож үе, үе уулзах боломж гарч ирсэн” гэгддэг.
Светланагийн 1967 онд “Найздаа бичсэн хорин захидал” хэмээх өөрийн эцгийн болон Кремлийнхний амьдралын нууцыг дэлгэсэн ном гаргасан нь дэлхий нийтэд томоохон шуугиан тарьсан юм. Хожим 1970 онд АНУ-ын архитектор Уильям Уэсли Питерстэй гэрлэж, охин Ольгагаа төрүүлэв. Хоёр жилийн дараа бас л нөхрөөсөө салсан боловч энэ удаагийнх өөрөөс нь болоогүй “Бусдын хатгалгаас болсон” хэмээн хүүхдүүддээ тайлбарласан гэдэг. Светлана “Питерсийг одоо ч хүндлэн хайрладаг, миний өмнөх нөхрүүдээс хэн нь ч түүн шиг аз жаргалыг надад өгч байгаагүй” хэмээн бахархан ярьдаг байжээ.
АНУ-д ирээд Висконсон мужид суурьшсан ч 1992 оны есдүгээр сард Англид хөгшчүүдийн халамжийн газраас гарч, байр хөлслөн амьдрахад нь туслахыг хүссэн бичиг баримт бүрдүүлээд явж байхтай нь сэтгүүлчид таарсан байдаг. Лана Питерс тэр цагаас хойш Сприн-Грин хотод олноос хол, түгжигдмэл байдлаар амьдарч байсан аж. Түүнийг хамгийн сүүлд харсан хүмүүсийн яриагаар “Тэр хоногийн хоолоо аргацаах төдий амьдарч, дэлгүүрт очих, эм авах зэргээр хааяа л гудамжинд үзэгддэг байсан” гэжээ.
ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины ганц охин Светлана Аллилуева /Лана Питерс/-ийн амьдрал ерөнхийдөө ийм байж. Түүний амьд ахуйдаа хүүхдүүддээ хэлдэг байсан зүйл нь хүн бүрт нэгийг бодогдуулам. Тэрбээр “Чи хаана, хэнийд төрөх нь гол биш. Хэн болж амьдрах нь чиний оршихуйн үндэс” хэмээн охиндоо нэгэн цагт хэлсэн байдаг.
"Улс төрийн тойм" сонин