Х.Бат-Ялалт ИЗН-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт ИЗН-д нэгдлээ

Иргэний зориг намын дарга С.Оюун, тус намын дэд дарга Э.Зоригт, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага нь Монголын хүний төлөө намыг байгуулсан ч Улсын дээд шүүх бүртгээгүй юм байна. Мөн ИЗН нь Ногоон намтай нэгдэх шийдвэрийг гаргаж их хурлаа хийж гишүүдээрээ баталгаажуулсан ч Улсын дээд шүүх бүртгэл хийхгүй байгаа. Энэ бол гуравдагч хүчнүүдэд орон зай олгохгүй гэсэн үйлдэл хэмээн тэд мэдэгдлээ. Харин одоо Монголын хүний төлөө нам ИЗН-тай нэгдэж буй. Тус намууд нэгдсэнээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг хүчтэй тавих, Улсын дээд шүүхийн шүүгчдийг улстөр, бизнесийнхний нөлөөллөөс гаргах, иргэд асуудлаа хууль хяналтын байгууллага, мөн шүүхээр шударга шийдүүлдэг байх тэр нийгмийг байгуулахын төлөө хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгуулж байна гэдгийг тэд мөн онцоллоо.

ИЗН-ын дарга С.Оюун хэлэхдээ ирэх оны нэгдүгээр сард ИЗН нь их хурлаа хийж, удирдлагаа шинээр томилох эсэх асуудлаа хэлэлцэх юм байна. Энэ үеэр ИЗ-НН-ын дарга Д.Энхбат гишүүдийнхээ хамтаар ИЗН-д элсэх процесс явах бололтой. Учир нь 2012 оны сонгууль ойртож байгаа, ийм цаг үед Улсын дээд шүүхээс ИЗ-НН-ын бүртгэлийг хийхгүй хойшлуулсаар байгаа нь ирэх сонгуульд оролцохын тулд үүнээс өөр гарцгүй болгож буй аж. Гэхдээ хоёр намын гишүүдийн хувьд нэгэн дээвэр дор сэтгэлээрээ аль хэдийнэ нэгдсэн гэж ИЗН-ын дарга С.Оюун онцоллоо.

Харин ИЗН-ын дэд дарга Э.Зоригтын хэлснээр бол Улсын дээд шүүхийн хувьд хууль зөрчөөд байгаа. Учир нь хэзээ ч Ногоон намд байгаагүй, МАХН-аас оруулсан хүнийг удирдлагаараа сонгон, намын даргаа болгож, Ногоон намыг бүртгэлжүүлж авсан. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр өгсөн материалуудтай нь танилцахад 19 хүний гарын үсэг байсан. Түүний ард гар утасных нь дугаар үлдсэн байсан бөгөөд тэр дугаараар нь хүмүүстэй ярилцахад “ИЗ-НН-тай нэгдсэнийг эсэргүүцэж, Ногоон намыг тусад нь байгуулахыг дэмжиж гарын үсэг зураагүй. Өөрсдийнх нь өмнөөс дур мэдэн гарын үсэг зурсан байсныг ч мэдээгүй байсан. Ийм хуурамч баримтыг Улсын дээд шүүхийн шүүгчид үндэслэл болгож, О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. ИЗН-ын хувьд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан керамналистикийн шинжилгээгээр дээрх гарын үсэг зурсан хүмүүсийн бичгийг шинжилж өгөхийг хүссэн гомдлыг гаргахад “Наад асуудал чинь улстөрийн шинжтэй байна” гээд хүлээж аваагүй. Байдал ийм эгзэгтэй төвөгтэй байгаа” гэлээ. Харин ИЗН-ын дарга С.Оюун энэхүү бүртгэлийн асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхээр анхан шатны шүүхэд гомдол гаргаад байгаа гэдгийг онцолсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж