УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2012 оны төсвийг баталсан. Чуулганы хуралдааны төгсгөлд нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр ачаалалтай ажиллаж, хуулийг хугацаанд нь баталсанд УИХ-ын гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн. Мөн төсвийн зарцуулалтад анхаарч, чармайн ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Төсвийн төслийг ийнхүү баталсны дараа УИХ-ын гишүүд “Урьд байгаагүй их дүнтэй, сонгуулийн өмнөх төсөв баталж байна” гэлцэж байлаа. Мөн төсвийн төслийг гишүүдийн 94.5 хувийн саналаар баталсны дараа спикер сонирхолтой зар тараав.Түүнд Ерөнхий сайд, Сангийн сайд нар нэгэн санал уламжилсан аж. Тодруулбал, 2012 оны төсвийг баталсантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар эрхэм гишүүдийг оройн зоогт урьсан аж. Тэд 2012 оны “онцгой” төсвийг батлахад хүчин чармайлт гаргаж, нэг санаа зорилготойгоор ажилласан тул хүндэтгэлийн зоог барихаар шийдсэн гэнэ. Үүнийг эрхэм гишүүд ч талархалтайгаар хүлээн авч, төсөв баталсны баяраа тэмдэглэв. Төрийн түшээд тусгай урилгаар Төрийн ордны хоёрдугаар давхарт зоог барьсан юм. Энэ үеэр 2012 оны төсвийн төслийг хэрхэн баталсан талаар ярилцахын хажуугаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах их ажил үлдэж байгааг бие, биедээ сануулсан нь дамжиггүй.
Дашрамд дурьдахад, УИХ-ын Төсвийн байнгын хорооныхон өнөөдөр 2012 оны төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөх аж. Түүнчлэн Төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч хуулийн хугацаанд хориг тавих эсэхээ шийдэх юм.
Т.Урангэрэл