Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь шинжлэх ухаанд нээлт хийж, монгол хүний ухааныг дэлхийд гайхуулсан энэ эрхэм дэлхийн шилдэг аж ахуй нэг “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, ерөнхий баяжуулагчаар ажиллаж байна. Монгол улсын Төрийн соёрхолт, Монгол улсын зөвлөх инженер, Монголын Баяжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Америкийн Уул уурхайн инженерийн нийгэмлэгийн гишүүн гээд түүний нэрийг тодотгосон цол гуншингуудыг дурдана гэвэл уртаас урт жагсаалт болох тул энэ удаад сонирхсон хэдхэн асуултдаа хариулт авахыг хичээв, болгооно уу!
-Юуны өмнө танд Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе.
– Баярлалаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Шинжилгээний төв лабораторийн дарга Ц.Туяа, миний бие Төрийн соёрхол хүртсэн. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гэж би бодож байна. Техникийн шинэчлэлийг технологийн дэвшилтэй хослуулан үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн манай багийн шагнал байлаа.
-Та уул уурхайн мэргэжлийг сонгоё гэж сонгосон уу, эсвэл санаандгүй сонголт байв уу?
-Эргээд бодоход энэ мэргэжлийг эзэмшсэн маань хүмүүн заяаны минь онцгой сонголт байсан юм билээ. Долдугаар ангид байхад хөдөө аж ахуй, газар тариалан дээр 13 мянган залуучуудыг гаргана гэсэн төрийн бодлого хэрэгжиж байлаа. Тэр үед адуучин болчихоо шахсан. Гэхдээ наймдугаар ангидаа орсон. Хонгорын Дашдондог гэж мундаг багш бидэнд хими заана. Химийн элементийн үелэх системийг өнгөтөөр нь, бараг л долгион дүрстэй нь заасан даа. Сайн багш чинь хичээл заалтаараа шавиа хөтлөөд л танин мэдэхүйн таашаалд хүргэдэг юм билээ. Аравдугаар анги төгсөхдөө багшийнхаа мэргэжлийг эзэмшиж, ямар ч байсан химич болъё гээд шийдчихсэн байлаа. Тэр үед сурлагаар жагсааж хуваариа сонгодог байсан юм. Польшид химийн инженерийн хуваарь байсан ч миний сурлага хүрсэнгүй. Урд байсан хүүхэд авчихав. Шалгалтын комисс дээр ороод химийн чиглэлийн л хуваарь авмаар байна гэдгээ хэллээ. Нанзаддорж гэж багш маань комисст байсан юм. Ашигт малтмалын баяжуулалтыг ав, ялгаагүй л химийн чиглэлийнх гэхээр нь мэргэжлээ сонгочихсон. Хуваариа сонгочихоод гэртээ ирээд аав ээждээ хэлэх гэтэл мартчихаж. Уул усны баяжуулалт гэдэг юм л авлаа гэж хэлж байлаа.
-Ашигт малтмалын баяжуулалт мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Эрхүүгийн хэлний бэлтгэлд нэг жил суралцаад Ленинградын Уул уурхайн дээд сургуульд орсон. Шинжлэх ухааны сор болсон олон сайхан эрдэмтний лекцийг сонсох, тэднээс суралцах том боломж олдсон. Ленинградын уул уурхайн дээд сургууль дэлхийд хоёрт ордог техникийн сургууль. Мундаг олон эрдэмтэн багш нартай, өөрийн школ, уламжлалтай сургууль. Ямар азаар тийм сайхан сургуульд орсон юм. Эндээс ашигт малтмалын баяжуулалтын мэргэжлийг эзэмшсэн. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн төслийг хийсэн “Механобр” институт манай сургуультай зэргэлдээ. Тэнд Эрдэнэтийн хүдэр туршигдаж байлаа. Эрдэнэтийн боловсон хүчин гэж бэлтгэгдэж байсан болохоор хоёрдугаар курсээсээ эхлэн оюутны эрдэм шинжилгээний ажилд оролцох болов. Багш нараа даган гар хөлийнх нь үзүүрт гүйж хэрдээ подхийсэн цалин авчихна. Ингэж хүний нутагт эх орныхоо эрдсийн дээжийг судлан шинжлэлцэж, гайхалтай сайхан мэргэжлээр суралцах ховорхон завшаан тохиосон доо.
-Та судалгааны ажлаараа химийн үелэх системд баяжуулалтын шинэ хувилбар нээсэн хүн. Химийг гэх сонирхлоо хэзээ ч орхиогүй байх нь ээ?
-Ер нь орхигдоогүй шүү. Ашигт малтмалын баяжуулалт бол геологи, геохими, эрдэс судлал, петрографи, физик, төрөл бүрийн хими гээд олон шинжлэх ухааны зааг дээр оршдог мэргэжил. Мэргэжлээрээ ажиллаж, судалгааны ажил хийснээр химийн элементийн үелэх системийн баяжуулалтын анхны хувилбарыг зохиож, Эрдэнэтийн жишээн дээр орон зай, цаг хугацаанд эрдэс яаж үүсдэг, яаж хувирдгийг батлан докторын зэргээ хамгаалсан.
-Хэдэн онд хамгаалсан юм бэ. Таны докторын ажил Оросын эрдэмтдийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг?
-1989 онд техникийн ухааны дэд эрдэмтнийг төгссөн сургуульдаа, шинжлэх ухааны докторын зэргийг 2002 онд Москвагийн Өнгөт металын хүрээлэнд хамгаалсан. Би техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг баяжуулалтын зөвлөл дээр хамгаалсан. Гэтэл докторын ажил маань олон шинжлэх ухааны зааг дээр хийгдсэн учраас салбар салбарын тэргүүлэх эрдэмтдийг оруулсан зөвлөлийг цоо шинээр бий болгох шаардлагатай тулгарч, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, геохимич В.В.Зуев, геологи, минералогийн ухааны доктор Изойтко, мөн Коневынхон гэж гурван үе дамжсан баяжуулахын алдартай эрдэмтдийн нэг доктор бага Коневтой уулзаж, албан ёсны зөвшөөрлийг бичгээр авах хэрэгтэй болсон. Тэдгээр эрдэмтдэд өөрийн хийсэн зүйлээ танилцуулж, саналыг нь авах хэцүү байлаа. Яагаад гэхээр тэдний хэлээгүй, хийгээгүй асуудлыг нэг монгол судлаач онолын хувьд хөндөөд практикт баталчихсан болохоор харилцан ойлголцохгүй байдал үүссэн тал бий.
-Ер нь түрүүлж сэтгэгчдийг цаг үе нь шууд хүлээн зөвшөөрдөггүйг түүх гэрчилдэг. Тэгээд тэр эрдэмтэдтэй яаж ойлголцов?
-Аугаа сэтгэгч Фридрик Ницшегийн “Дээд тэнгэр минь, Аар саар олон ялалтаас аварч хайрла, Аугаа их ганц ялалт авчирч хайрла” гэж дуу алдсан шиг л юм болсон доо. Шинжлэх ухааны докторын ажлаа тав дахь хувилбараараа хамгаалсан. Ямар ч байсан эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд ажлынхаа гол агуулгыг авч үлдээд геологи, геохими, петрографи, минералогийн салбар дээр хийсэн зарим судалгаануудаа орхиж байж баяжуулалтын хэлбэр, чиглэл рүү болгож хамгаалсан. Гэхдээ энэ бүтээлээрээ олон улсын дөрвөн ч патент авсан шүү. Матерын тухай ойлголтыг энд анх хөндсөн юм. Геологи, уул уурхайн шинжлэх ухаанд эрдсийг биднээс өмнө тодорхой гэж л ойлгодог байсан. Гэтэл эрдэс бол тодорхой, бас “тодорхой бус” гэдгийг энэ ажлаараа анх хэлсэн юм. Хоёрт, энэ хувилбарыг зохиосноор дэлхийд онолын баяжуулалтын үндсийг шинээр тавих боломж үүссэн.
-Таны энэ нээлтийн ач холбогдлыг хамгийн энгийнээр тайлбарлавал?
-Дэлхий дээр нейтрал атомын физик, химийн шинж чанарт үндэслэсэн химийн элементийн 1300 гаруй хувилбар байдаг. Би энэ 1300 гаруй хувилбарыг судлаад баяжуулалтын системийг зохиохдоо анх удаа идэвхтэй ионы физик, химийн шинж чанарт үндэслэж тулгуурласан болохоор эрс ялгаатай бөгөөд технологийг тандах бодит давуу чанартай юм. Химийн элементийн баяжуулалтын системийг нээчихсэн болохоор ямар ч түүхий эдийг химийн томьёогоо л мэдэж байвал ямар аргаар, яаж боловсруулах вэ гэдгээ онолын хувьд тандах боломжтой. Эрдэнэттэй төстэй зэс-порфирийн ордууд тухайлбал, Цагаансуварга, Оюутолгой гээд аль ч ордод геологи, геохимийн анхдагч материал нь хангалттай судлагдсан бол онолын хувьд ямар технологи байх, хэдийд ямар техник сонгох, технологийн ямар схемээр явах, химийн өндөр идэвхтэй ямар урвалжуудыг хосолж хоршин хэрэглэх боломжтойг онолын хувьд шууд хэлэх боломжтой юм. Ямар хортой хольц элементүүд дагалдах, ямар ашигтай хольц агуулж болох вэ, ордын гүн рүүгээ ороход ашиглалтын зардал яаж нэмэгдэх вэ гэдгийг ч урьдчилан тооцоолох боломжтой. Чулуу жигтэйхэн ой санамжтай. Чулууны хэлийг ойлгож чадах юм бол хаана төрснөө хэзээ ч мартдаггүй, туулсан амьдралаа өөрөө хүүрнэдэг юм. Хаана төрснөө математикийн матриц, геометрийн дүрс хэлбэрээр ой тойндоо хадгалаад үлдчихдэг. Тийм болохоор ордын гүн рүү, өндөр даралт, температурт үүссэн эрдсүүд тэр энергээ өөртөө хадгалж, шингээж үлдэхийн тулд ширхэг нарийн болж, хоосон чулуулгууд нь бат бэх байдаг. Эсвэл кристаллын орон торын бүтцээ өөрчилдөг. Үгүй бол дагалдах бичил элементүүдийн хуримтлал үүсгэнэ. Энэ гурваар илэрхийлэгдсэн эцсийн нэгдмэл арга нь энергийн арга юм.
-Энэ нээлтийнхээ санаа сэдлийг юунаас авсан бэ?
-Монгол хүн болж төрсний л хишиг, гавьяа юм даа. Бидний үеийнхэн бүхэлдээ өрнөдийн гүн ухааны сургалтаар боловсрол эзэмшсэн. Өрнөдийн гүн ухаан нь үзэгдэж, харагдаж, хэмжигдэж байгаа зүйлийг л байна гэж үздэг. Гэтэл дорнын гүн ухааны хувьд, монгол хүний хувьд, ялангуяа хөдөө гадаа өссөн монгол хүний гүйх, гийх хар ухаан нь хоосон чанарыг эрхэмлэж баримталдаг. Өнөөдөр хүн төрөлхтний ойлгож хөл тавьж эхэлж буй нано ертөнц л юм даа. Ер нь монголчууд химийн элементийн үелэх системийг аль эрт нээчихсэн байж гэж би боддог юм. Яагаад гэвэл, устөрөгч оройтой, суврага хэлбэртэй, элементийн тоо 108 байна гээд тогтоочихсон. Суврага нь дэлхийн эргэлтээр конус ч болж харагддаг. Устөрөгчөөс дээш суваргын орой огт оргүйтэй холбоотой, шидэт сансрын гаралтай. Тэгэхээр тийм матерын тусдаа өөр төрөл байж л таарна. Судалгааны л асуудал даа. Би огт оргүй гэж тасалж хэллээ. Энэ нь огт оргүй хоосон чанар юм. Үүнийг тооцох хэрэгтэй. Энэ хоосон чанарыг Өрнөдийн шинжлэх ухаан тооцдоггүй болохоор өрөөсгөл талтай. Ухааны учгийг ул суурьтай нэг лавхан атгаад авах юм бол удаах ялалтууд нь дагаад хөвөрчихдэг юм. Тухайлбал изоморфизмын үзэгдлийн энергийн шинэ дүрмийг боловсруулж, Вернадскийн изоморфизмын практик эгнээг онолын хувьд тайлбарлан, хоосон чулуулгын үүсэл, хувиралын Боуэны дүрмийг шинэчилж, Гольдшмидт-Шерманы хүдрийн эрдсийн үүсэл, хувиралын эгнээг нэгтгэн төгөлдөржүүлснээр орд хүдрийн орон зай, цаг хугацааны хувиралыг тандах боломж бүрдсэн билээ. Би Ферсманы геоэнергийн онолыг түшиж, баяжуулалтын энэхүү шинэ чиглэлээ бий болгосон. Химийн элементүүд хоорондоо нэгдэхэд ийм химийн энергийн түвшинтэй, ийм нэгдэл байна. Үүнийг задлахын тулд ийм хэмжээний энерги зарах юм байна гэдгийг тооцож болно. Энергийн коэффициент дээр үндэслэсэн болохоор ямар ч нэгдлүүдийг энергийн болон идэвхийн хувьд нь тандах боломжтой. Технологио бас урьдчилж харах боломжтой. Цагаансуварга, Оюутолгой, Эрдэнэтийн техник, технологийг зурчихад энэ бол хүдэр бэлтгэлтийн ийм схемтэй юм байна. Ийм төхөөрөмж энд нь ашиглах юм байна. Гүн рүүгээ ороод ирэхээр ийм технологи болох юм байна гээд л. Сүүлд нь зэсийн баяжмалаа боловсруулахдаа хайлах уу, уусгаж болох уу, болохгүй юу гэдгийг ч тандаж болно.
-Эрдсийн баяжуулалт яагаад гүн ухаантай холбогдоно гэж?
-Шинжлэх ухаан, техникийн дэвшлээр хэрэглээгээ хөөж явсаар хүн төрөлхтөн сүүлийн 150-200 жилд байгаль орчныхоо тэнцвэрийг алдагдуулан мөхөл сүйрэлд хүргэчихээд байна. Гэтэл Монгол нүүдэлчний гүн ухаанд байгаль хүнд өгдгөө ч өгдөг, авдгаа ч авдаг болохоор байгалиас хишгээ хүртдэг, буцаагаад байгальдаа өгдөг гэж үздэг. Энергийн олон төрлүүд бий. Одоохондоо шууд мэдрэхгүй, хэмжиж чадахгүй юмаа үгүйсгээд байгаа болохоос биш хоосон чанараар дамжуулаад үзэхэд сүнслэг энэ чанар бол бодитой. Энэ бол энерги. Энэ энергийг илэрхийлэх арга нь шинжлэх ухааныхаа тоон хэлбэрээр математик. Дэлхийн том эрдэмтэд, ялангуяа физикчдээс сүүлийн үед дорнын гүн ухаан руу орж ирсэн эрдэмтэд их амжилтад хүрч байна. Хүлээн зөвшөөрч ч байна. Баяжуулалтын химийн системээс харахад хүн химийн элементийн бүтцийнхээ хувьд үнэхээр сансрын гаралтай болох нь анзаарагддаг. Хүний биеийн 90 гаруй хувь нь химийн элементийн үелэх системийн дээд талын дөрвөн элементээс тогтдог. Устөрөгч, азот, нүүрстөрөгч, хүчилтөрөгч дөрөв. Үүний эх үүсвэр нь хаана байдаг юм гэхээр огт оргүй, сансарт байдаг. Нар гэхэд л устөрөгч, гели хоёроос тогтдог. Тиймээс ч монголчууд бид алтан нар гэдэг. Эцэг тэнгэр, эх газар дэлхий гэж ярьдаг. Энэ бол дорнын гүн ухаан, тэр тусмаа нүүдэлчдийн гүн ухаан. Ажиглаад байхад дорнын суурьшсан ард түмний сэтгэлгээ нь ямар нэгэн хэмжээгээр загварт орчихсон байдаг. Монголчууд бол нүүдэлчид, өөрөөр хэлбэл, байнгын хөдөлгөөнд байдаг. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээ хэв загварт баригддаггүй, чөлөөтэй. Сүүлийн үед дэлхий ертөнц нүүдэлчдийн соёл уламжлалыг шимтэн судалж байгаа нь ийм учиртай юм.
-Одоо ямар чиглэлээр судалгааны ажил хийж байна вэ?
-Олон шинжлэх ухааныг энерги гэж ганц нэгжээр дүгнэж цэгнэдэг боломжийг олоод авчихсан болохоор аль ч шинжлэх ухаан руу геохими, хөрс судлал, гидрогеологи руу ч юм уу ороод түүнийгээ баяжуулалттай холбоод явчих боломжтой болно. Сүүлийн үед байгаль орчны асуудал руу орохоос өөр арга алга. Ашигт малтмалыг олборлож боловсруулах, үйлдвэр байгуулахдаа ТЭЗҮ хийдэг. Энэ бол ахиад л хэрэглээ гэсэн үг. Хэрэглээгээ дагаад мөнгө. Их мөнгө цугларсан газар хүний сэтгэл санаа эвдэрдэг. Үүнийг бид үзэж харж байна. Тиймээс байгаль орчин, экологийн тал руу нэлээд гүнзгий орж байна. Байгаль ертөнцтэйгээ зөв харьцаж ирсэн монголчуудын, малчдын гүн ухааныг судлах хэрэгтэй юм. Ер нь хөгшчүүд урсгал ус руу хэзээ улаан цагаан юм ойртуулж байлаа. Нүүлээ гэхэд шон, зэлний гадсаа сугалаад шороо хийчихээд хөдөлдөг. Сүүлд нь эргээд буухдаа сайхан эдгэчихсэн байна гэдэг. Амьтай юм гэдэг эдгэдэг. Байрнаасаа хөдөлсөн чулуу эвээ олох гэж гурван жил зовдог юм, хөндөж болохгүй гэдэг байсан. Ер нь Монгол газар нутгийн хөрс Европыг бодвол их эмзэг шүү дээ. Хүүхдийн зулайнаас ялгаа байхгүй. Ямар ч байсан бидний үе хүртэл байгаль орчноо хадгалаад, үр удамдаа дамжуулсан. Одоо экологийн хувьд агаараас гадна усны асуудал маш хүндэрч байна. Хүн өөрөө үүсэхдээ ус байдаг. Төрөхдөө бас ус. Амьдрах хугацаандаа 70 хувь нь ус. Тархины 85 хувь нь ус. Жанч халахаараа л хуурай болдог. Ус гэдэг бурхны рашаан юм. Бусад шингэнтэй харьцуулахад мэдээллийн жигтэйхэн их шингээцтэй байдаг. Дулаан шингээлтээр устай дүйцэх шингэн байхгүй. Тиймдээ ч усыг өвөг дээдэс минь рашаан гэж аравнайлж хүртдэг байсан. Үнэхээр ч рашаан болдог. Хүний биеийн судлагдаагүй далд чанар, зөн билэг устай л холбоотой. Энэ их энергийг яаж шингээж, яаж хувиргаж байна вэ гэдэг талаас нь судлах хэрэгтэй юм. Аль мэргэжлээр ч судалгаа хийхэд зайлшгүй сүлэлдэж очих цэг бол хүн судлал шүү дээ. Уул уурхайн үйлдвэрлэл чинь үйл ажиллагаагаа бүрэн ухаарч ойлгосон, өөрийгөө хянаж удирдаж чаддаг, чадварлаг хүний үйлдэл буюу инженерчлэл дээр тогтдог эд. Бүтээмж өндөртэй, эко орчинд хал багатай үйлдвэрлэл явуулья гэвэл технологиос гадна хувь хүн өөрийгөө хэн бэ гэдгийг маш сайн танин мэдэх учиртай юм л даа. Хүн химийн элементийн бүтцийн хувьд огт оргүйгээс үүсэлтэй юм. Гэтэл оюун санааны хувьд хаанаас үүсэлтэй вэ. Хүн эх дэлхий дээрээ мөлхөж хөлд ордог. Энэ бол эх дэлхийтэйгээ харьцаж байна. Монголчууд яагаад малгайг дээдэлж ирсэн юм бэ гэхээр орчлон сансартайгаа л харьцаж байгаа хэрэг. Эргүүлэг, хуйлрал гэдэг хорвоо ертөнцийн бүх үзэгдлийн үзэгдэж байгаа ил хэлбэр цаад агуулга нь тэнгэр ертөнцдөө л байдаг юм. Үүнийг цаг уурчид ч хэлж байна, дендрологичид ч хэлдэг. Геологчид ч гэсэн цагираг бүтэц гээд л явчихдаг. Хүн од гаригсын эрхшээл дор л амьдардаг. Яагаад луу жилд төрсөн залуучуудаас дөрвөн үе хүчтэй бөхчүүд гарч байна вэ. Ийм учраас л монголчууд гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэж ярьдаг шүү дээ. Өрнийнхөн бол био ритм гэдэг. Гэхдээ төрсөн өдрөөр нь тооцдог болохоор би жаахан зөрүүтэй юм уу гэж боддог. Монгол хүн хий насаа авч тоолдог. Хий насыг тооцвол био ритм арай тодорхой болох болов уу. Үйлдвэрлэлийн том ослууд гарахад судлаад үзэхэд манайхны ярьдгаар час өдөр гэж ярьдаг тиймэрхүү өдөр нэлээд олон давхцдаг, тааралддаг. Хүн хорвоо ертөнц дээр амьдардаг ч үүсэл нь огт оргүй, сансрын гаралтай юм. Шидэт сансраас тэжээгдэж, дэмжигдэж амьдардаг юм байна.
-Таны үндэслэсэн баяжуулалтын системийн онолоор бол тухайн ордын зэсийг боловсруулах технологио урьдчилж харах боломжтой юм байна. Онолын хувьд манай зэсийн ордууд дээр боловсруулалтын ямар технологи зохистой вэ?
– Ер нь Монголын бүх орд зэсийн анхдагч бүс рүүгээ орж ирж байгаа болохоор цаашид зэсийн баяжмалыг боловсруулахад зөвхөн хайлах, шатаах л арга байна. Уусгадаг арга бий л дээ. Энэ бол шинэ арга. Дэлхийн түвшинд нэг их өргөн нэвтрээгүй. Гэхдээ манайд анхдагч эрдсүүд нь өндөр даралт, температурт үүссэн болохоор тэрийг задалж уусгахад маш их энерги шаардагддаг. Үүнээс болоод ашиглалтын зардал өндөр гардаг. Тиймээс Монголд зэсийн баяжмалыг боловсруулах арга нь шатааж хайлах л болчихоод байна. Энэ нь өөрөө баяжуулалтын систем дээр зааглагдчихдаг юм. Цагаансуварга бол арав гаруйхан сая тонн зэсийн исэлдсэн хүдэртэй. Бусад нь зэсийн хүхэр сульфид. Тэр тусмаа анхдагч орд. Эрдэнэт одоо хоёр дахь бүсийн зоноосоо доошлоод анхдагч бүс рүүгээ ороод ирлээ. Бас халькопирит. Оюутолгойн нэг хэсэг нь газрынхаа гүнээс анхдагч зоноос эхэлнэ. Бас л халькопирит. Яагаад халькопирит дээр шатаах технологи хэрэглэдэг юм бэ гэхээр энэ эрдсийн бүрэлдэхүүнд гурван валенттай төмөр орчихсон болохоор их тогтвортой химийн нэгдэл байгаа юм. Үүнийг Эрдэнэт хотод катодын зэс үйлдвэрлэж байгаа “Эрдмин” компанийнх шиг аргаар уусгана гэвэл маш их ашиглалтын зардал, хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Тэгээд ч өнөөдөр дэлхийн хэмжээнд анхдагч хүдрээс тогтсон зэсийн баяжмалыг уусгах технологи хараахан нэвтрээгүй байна. Уусгадаг технологийг зэсийн исэлдсэн болон хоёрдогч хүдрүүдэд л хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл, энэ олон сая жилийн хугацаанд агаар устайгаа исэлдээд байгаль өөрөө бэлдээд өгчихсөн зэсийн исэлдсэн хүдрийг л зонхилон уусгадаг технологиор боловсруулж байгаа юм. Шинэ бүхэн зул биш хуучин бүхэн ул биш гэдэг дээ. Тиймээс Монголын зэсийн баяжмалыг боловсруулахад хамгийн баттай, найдвартай технологи бол хайлах арга л байна. “Эрдэнэт” үйлдвэр уусгах аргыг ирээдүйтэй шинэ технологи гээд нэлээд хэдэн жил судалгаа хийсэн. Австралийн хайлах технологийг Ш.Отгонбилэг захирлын үед нэлээд өндөр түвшинд судалж байгаад зогсчихсон юм. Канад, Финландын уусгадаг арга, технологийг ч гэсэн судалж байсан л даа. Үнэ зардлын хувьд үнэхээр боломжгүй юм билээ.
-Хайлах аргын хувьд байгаль орчинд халтай, сөрөг нөлөөтэй гэдэг. Хүхрийн хүчлийг яахаа шийдэж чадахгүйгээс болоод манайд зэс хайлуулах үйлдвэрийн асуудал шийдэгдэж чадахгүй байгаа шүү дээ?
-Хайлах аргыг ном журмаар нь хэрэглэвэл байгаль орчны асуудал, хүхрээс айгаад байх юм байхгүй. Америкийн Давст нуурын хотын дэргэдэх Коппертон гээд үйлдвэрийг 1800-гаад оны сүүл үеэс л ашигласан. Манай УИХ-ын гишүүд очиж үзэж, танилцаж л байсан даа. Олон жил ашигласан болохоор ил уурхай нь дэлхийн тогоо болчихсон. Сансраас харагддаг л гэж ярьдаг. Эргэн тойрондоо манай Богд хайрхан шиг сайхан уулстай. Тэр олон жил ажилласан металлург, баяжуулалтын үйлдвэртэй гэхэд хажуугийн ууланд нь өвлийн олимп зохиогдож л байлаа. Ном дүрмийнх нь дагуу байгаль орчиндоо зөв хандаж хийх юм бол өнөөгийн шинжлэх ухаан техникийн хөгжил, дэвшил боломжийг бий болгочихжээ. Хүхрийн хүчлээс айгаад байдаг хуучин үе өнгөрсөн байна. Бид уусгах технологи руу яваад цаг хугацаа алдсан тал бий. Хэрэв тэр үед шатаадаг технологи сонгочихсон бол байгуулчих боломжууд нь бий болж л байсан. Хамгийн гол нь мэргэжлийн бодлого, шийд гаргадаг газраа уул уурхайн мэргэжлийн туршлагатай хүмүүс их дутуу дулимаг байна. Ялангуяа яам, тамгын газарт. Би үйлдвэрлэлийн хүн болохоороо том үйлдвэрлэлийн техник, технологи руу улс төр л битгий ороосой гэж хамгийн ихээр хүсдэг юм. Техник, технологийн сонголтод улс төр ороод ирвэл хамгийн хэцүү юм тэр болно шүү дээ. Газрын дунд Чойр юм уу, Сайншандад нэг томхон үйлдвэр байгуулчих боломж байна. Одоогоор Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга гээд гурван орд яригдаж байна. Дээр нь зэсийн муж бүслэлийн хувьд Баянхонгорын говийн бүсийг дагаад зэс, алтны орд, илрэл байна. Завханы Оюутолгой гээд бас илрэл бий. Оюу чулуу гэдэг чинь зэсийн исэлдсэн эрдэс. Зэсийн эрдсүүд ордын оройн хэсгээсээ исэлдээд оюу чулуу үүсдэг. Тэгээд л оюу, оюугаас бүрдсэн толгой гээд тогтсон чулуугаар нь нэрлээд байгаа юм. Эрдэнэтийн орд говийн ордуудыг бодвол их залуу орд 245 сая жилийн настай. Харин говийн ордууд Эрдэнэтээс 130-аад жилийн тэртээ үүссэн юм.
-Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, гадна дотны сонирхол идэвхжиж байгаа энэ үед уул уурхайн мэргэжлийн хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд ямар бодол тээж явдаг вэ?
-Залуучууд маань өнөөдөр уул уурхайг их сонирхож байна. Сайхан ч мэргэжил. Олон сайхан үйлдвэрүүдэд ажиллах боломж нээгдэж байна. Энэ жил гэхэд л Эрдэнэт, Улаанбаатар хотод мэргэжлийн сургуулиас 46 баяжуулах инженер төгсөн гарч ирлээ. Энэ бол их хүч шүү. Ухаа худагийн ордын ТЭЗҮ-гийн шүүлтэд оролцох завшаан надад таарсан юм. Үйлдвэрийн нээлтдээ урихад нь очиж үзлээ. 80-аад оны үеийн Эрдэнэт л санагдаад байсан. Тэгэхэд л одоогийн Ухаа худагийнх шиг шижигнэсэн сайхан боловсон хүчин бүрдчихсэн байсан. Үнэхээр монголчууд юм хийж сурч ч байна, чадаж ч байна. 25-35 насны нэг үеийн сайхан залуучууд ид хөдөлмөрлөж байна. Тэр сайхан залуучууд он цагийн нугачаанд улам туршлага сууна. Араас нь олон залуучууд суралцаж байна, цаашид ч суралцана. Уул уурхайгаа дэлхийн түвшинд аваад явах бүрэн боломжтой сайхан шинэ үе өсч байна. Монгол хүн уул уурхайн техник, технологийг ямар ч түвшинд аваад явчихна. Нүүдэлчний чөлөөт сэтгэлгээгээр аливааг сурахдаа их амархан, “монголчлох” авъяастай онцгой ард түмэн шүү дээ. Бусад гадаадын баяжуулахынхантай харьцуулахад монгол баяжуулагчид унаган байгаль орчиндоо өссөн болохоор ч тэр үү, нүдний ой, гярхай чанар, сэтгэлгээний хурд их өндөртэй санагддаг.
"Улс төрийн тойм" сонин