Дашрамд сануулахад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 2012 оны нэгдүгээр сард зохион байгуулах 2000 хүний цугларалтын дараа хийх аж. Энэ тухай Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хүн бүр сонирхдог. Үндэсний зөвлөлдөх хоороны хурал хуралдаад ард түмний төлөө юу хийх гээд байна вэ гэдгийг сонирхохоос илүүтэй намынхаа даргыг солих уу, хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах уу гэж асуудаг. Гурван жил ийм асуулт тавьж ирсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын тухайд ирэх оны нэгдүгээр сарын дундуур 2000 хүний цугларалт зохион байгуулсны дараа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг зарлан хуралдуулна. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг олонхиороо шийдвэрлэж хэлэлцэнэ” гэлээ.
ҮЗХ-ны хурлыг 2000 хүний цугларалтын дараа хийнэ
Ардчилсан намын 4:11 уулзалт боллоо. Төрийн ордны “В” танхимд болсон энхүү уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар оролцож мэдээлэл хийлээ. Тус нам нь “Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө хүрээнд дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Аддиктлогийн нийгмийн зөвлөх Ж.Цогтсугар нар гэрээ байгууллаа. Мөн “Эрх чөлөөтэй монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Өмгөөлөгчтэй монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, Иргэдийн эрх зүйн танхимынхантай гэрээ байгуулав. “Өмгөөлөгчтэй монгол хүн” дэд хөтөлбөр Хэнтий аймагт эхэлж хэрэгжих аж. “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах шатанд иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчдөг шударга бус явдлууд газар авч буй тухай гомдол саналыг нэлээд өгсөн байна. Иймд тус намынхан иргэдийнхээ эрх, эрх чөлөөг бүрэн эдлүүлж, хамгаалахын тулд өмгөөллийн чиглэлээр иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлнэ. Мөн хууль эрх зүйн мэдээллээр зөвлөгөө өгөхөөр болжээ. Одоогоос 11 жилийн тэртээ буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэр бүхий улстөрийн таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан аж. Мөн 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн өмнө ардчиллын төлөөх залуучуудын жагсаал цуглаан зохион байгуулагдаж байсан. Дээрх түүхэн үйл явдлуудын хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулах болсон талаар мөн мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан хувьсгалын ойн баярын хурал болох бол 9-ний өдөрт “Монгол хүн 2020-Улаанбаатар” хэлэлцүүлэг Яармагийн дэнж дэх спортын цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Г.Дарь